2011/12/29

VAIO зөөврийн тооцоолуурын touchpad-ын scroll-ыг ажиллуулах

Хагас жилийн өмнө дөнгөж авсан зөөврийн тооцоолуураа шууд л Убунту 11.10-ыг суулгаж билээ. Бүх зүйл л дажгүй байлаа. Гэхдээ Убунту дээр заавалчгүй нэг алдаа гардаг. Алдаа гардаг гээд би муулсангүй. Харин тэрхүү алдааг засна гэдэг л хамгийн том мэдлэг, ухааныг өгдөгөөрөө хамгийн сайхан нь.

За тэгээд Убунту 11.10 дээр touchpad-ны scroll нь ажилладаггүй юм байна. Гүүглэдээд гүүглэдээд олигтой шийдэл олж чадалгүй тэгээд хаясан юм. Тэгсэн саяхан нет ухаж байгаад ажиллуулах аргыг оллоо. За тэгээд тэрийгээ хуваалцахаар шийдлээ.

Дараах зүйлсийг хийнэ:

1. sudo gedit /etc/default/grub  гэж терминал дээрээ бичнэ
2. GRUB_CMDLINE_LINUX гэсэн дээр мөрийг олоод GRUB_CMDLINE_LINUX="i8042.reset i8042.nomux i8042.nopnp i8042.noloop" болгоно.
3. Дараа нь grub файлаа шинэчлэнэ: sudo update-grub
4. http://www.mediafire.com/?74wbdmph52sugw5 гэсэн хаягаар орж psmouse-alps-dkms_0.10_all.deb-ийг татаж аваад суулгана.
5. Тооцоолуураа дахин эхлүүлнэ.

Ингээд л таны scroll чинь ажилчихсан байна.

2011/12/27

Sams Teach Yourself Visual Basic 6 in 21 days

Бангалорын Их сургуулийн хөтөлбөрт аль дивангарын Visual Basic орсон байна. Тэгээд дуртай дургүй үзэхээс өөр аргагүйгээс хойш доо нэг Visual Basic-ын ном оруулчихъя.

2011/12/26

Хоёр нь

Саруул мунхаг хоёр нь
Онох эндэх хоёр
Самуун хянамгай хоёр нь
Муухай сайхан хоёр

Буян хилэнц хоёр нь
Тус хор хоёр
Цагаан хар хоёр нь
Авах гээх хоёр

Сансар нирваан хоёр нь
Сайн муу хоёр
Төр шажин хоёр нь
Энэ хойт хоёр

Тэнгэр газар хоёр нь
Өндөр богино хоёр
Өвөр бусад хоёр нь
Дотно гадна хоёр

Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр
Нар сар хоёр нь
Гал ус хоёр

Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Бий үгүй хоёр нь
Хямд хэцүү хоёр

Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр
Бурхан чөтгөр хоёр нь
Дээд доод хоёр

Жаргал зовлон хоёр нь
Хүсэл хясал хоёр
Бие сэтгэл хоёр нь
Биетэй биегүй хоёр

Урьд хожид хоёр нь
Ирсэн ирээгүй хоёр
Бат хэврэг хоёр нь
Удаан түргэн хоёр

Дүгрэг гурвалжин хоёр нь
Өөтэй өөгүй хоёр
Хурах хагацах хоёр нь
Үзэгдэх замхрах хоёр

Баяр айх хоёр нь
Ханх атгаг хоёр
Сүжиг сэжиг хоёр нь
Итгэл дэмжиг хоёр

Эрдэм гэм хоёр нь
Мөн биш хоёр
Илбэ зүүд хоёр нь
Хийсэн хийгээгүй хоёр

Үг утга хоёр нь
Дохио хоёр
Хоёргүй огторгуйд
Хос ганц амтаар согтож
Замхрахын ерөөлийг
Миний нөхөд бүтээх болтугай!

\Говийн ноён хутагт Данзанравжаа\

2011/12/21

Булаалгуулагсад

Нодлин жил Англи хэл дээр үзэж байсан нэг шүлгийг орчуулж байсан юм байна. Африк хүний зохиол байсан. Даанч англи шүлгийн нэрийг нь мартжээ.



Булаалгуулагсад

Алтан нарны гэгээн туяа
Алсын тэртээгээс цацраад
Атар талаас дээшээ асах
Алганы чинээ урц минь.

Үдшийн сэвшээ салхинд дэвэх
Өндөр дал мод лугаа адил
Улам бүр үзэсгэлэнтэй харагдах
Уран гоолиг эхнэрүүд минь.

Өндрийн өндрөөс урсах
Өргөн хүрхрээн усанд
Умбан шумбан цэнгэлдэх
Өхөөрдөм олон үрс минь.

Өлсгөлөн матартай аймшиггүйгээр
Өдөр шөнөгүй тулалдах
Өрлөг их эр зоригтнуудтай 
Өнөө миний завинууд минь.

Бүрэн жаргалтай амьдарлын
Бөмбөрийн хүчтэй хэмнэлд
Саран ижий хүртэл бидэнтэй бүжих
Саруул сайхан амьдрал минь.

Тэгтэл, нэг өдөр, чив чимээгүй...
Хав хар сүүдэр урцыг минь нөмөрч
Харанхуй тэр гэрт минь 
Хэн ч үгүй байх юм.

Хүйтэн сэтгэлт дайснуудын гарт
Хөөрхий энхнэрүүд минь зовж байна
Хөгжилдөн тоглох хүүхдүүдийг минь
Хөө хуягтнууд боолчилж байна.

Боолын төмөр гинжинд
Бүтэн зүрх минь хэрчигдээд
Өвөг дээдсийн бөмбөрийн цохилтууд
Өчирсөн зүрхийг минь чангална.

2011/12/11

Дарга хүний зовлон \An Executive's Dilemma\

За нэг ийм шүлэг орчууллаа. Англи хэл муу болохоор зөндөө алдаа гаргасан байх.


Дарга хүний зовлон

Хоцорч ирэхээр эрхээ эдэллээ л гэнэ
Эрт ирэхээр ажлын хэнхээтэй л гэнэ.
Хуралдаад байхаар шийдэлгүй л гэнэ
Хуралдахгүй байхаар багаар ажилладаггүй л гэнэ.
Даргатайгаа уулзахаар долгинуур л гэнэ
Уулзахгүй байхаар донгио л гэнэ.
Ажилчнаа нэмэхээр том дарга болохыг хүссэн л гэнэ
Нэмэхгүй байхаар цөөн ажилчдаа дарладаг л гэнэ.
Ажилчтайгаа ойрхон байхаар тал авах гэлээ л гэнэ
Хол байхаар биеэ тоодог л гэнэ.
Хурдан шийдвэр гаргахаар хөнгөн л гэнэ
Удаад байхаар бодлогогүй л гэнэ.
Өдрийхөө ажлыг хийхээр алсын хараагүй л гэнэ
Хэтийн төлөвлөгөө гаргахаар мөрөөдөмтгий л гэнэ.
Наашаа цаанаатай байхаар журамгүй л гэнэ
Дүрэм журмаар нь явахаар хүнд сурталтай л гэнэ.

Англи эх нь:

An Executive's Dilemma 
                                         Robert S.Herman

If he's late for work in the morning, he's taking advantage of his position.
If he gets too early, he's an eager beaver.
If he holds regular staff meetings, he's in desperate need of ideas.
If he doesn't, he doesn't appreciate the value of team-work.
If he spends a lot of time with the boss, he's a back-slapper.
If he doesn't, he's on the way out.
If he tries to get more personnel, he's an empire-builder.
If he doesn't, he's a slave-driver.
If he's friendly with the office personnel, he's an politician.
If he keeps o himself, he's a snob.
If he makes decisions quickly, he's arbitrary.
If he doesn't, he can't make up his mind.
If he works on a day-to-day basis, he lacks foresight.
If he plans ahead, he's dreamer.
If he tries to cut red tape, he has no regard for system.
If he insists on going through channels, he's a bureaucrat heart.
 

2011/11/22

Буруу Энгэртэй Дээл

Унагаж төрүүлээд
Өргөж өсгөсөн
Эхийнхээ дурсгалд

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ
 Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галыг нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойных нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх,нүдний хор
Эвий дэвсэх худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж, охин гэж
Хүний чихнээс нэрийг минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясан! би
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

2011/11/18

“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал

Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
- Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
- Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
- Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
- Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө.
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов орхино.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө.
Зориг үгүй бол буянаас ч болов зайлна.
Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна
Зохиолдвол адтай ч болов нөхөцнө.
Буруудвал дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.
Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна.
Дагавал хов үгээр ч болов болно
Зөрчвөл хааны цаазаар ч болов давна
Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

2011/11/17

АНГЛИ ХЭЛЭНД ИТГЭЖ ЗОРИУЛАВ

…Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
/Б.Ренчин/

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцохгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө.
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.
Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 үе нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж
зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа.
Монголын ТВ солоносоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ.
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил
наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 мянган жилийн өмнө худалдаж байлаа.
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ .
61 ПостПанк

Б.Галсансүх

Стив Жобс: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно” гэж Стив Жобс нэгэн их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ.
Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад түүний оюутнуудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.
“Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.

2011/11/01

Сонгох Эрэмбэлэлт (Selection Sort) - C vs Lisp

Сонгох эрэмбэлэлт. Энэ эрэмбэлэлтийг Си болон Лисп хэл дээр үзье. Сонгох эрэмбэлэлтийн мөн чанар нь бол жагсаалтаас хамгийн бага элементийг сонгож жагсаалтын эхний элементтэй солиход оршдог. Хамгийн бага элементийг олохын тулд жагсаалтыг бүх элементийг шалгадаг болохоор жагсаалтын хэмжээ их үед тохиромжгүй эрэмбэлэлтийн арга юм. Харин жижиг жагсаалтыг (20, 30 элементтэй) бол хурдан эрэмбэлдэг. Бидний өмнө үздэг Хөвөх Эрэмбэлэлт-ээс арай хурдан.

Хугацааны хувьд бол O(n2).

Си дээрх код:

Гаралт нь:

Одоо Лисп дээр үзье. Лисп дээр маш хялбархан бичиж болно.



Одоо гаралтыг нь харъя:

Дараагийн эрэмбэлэлтээр Оруулах Эрэмбэлэлт (Insertion Sort) үзнээ. Явандаа бүх эрэмбэлэлтээ үзсэний дараа ерөнхий харьцуулалт хийх санаа байна. За тэгээд сонирхож байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай!

2011/10/25

Си дээр ингэж болдог байсан юм байна ш дээ

Си дээр нэг сонин юм харлаа. Тухайлбал функц дээр. Ингэж болдог гэхээр гайхмаар ч юм шиг. Функцыг тодорхойлж бичихэд ингэж бичдэгийг анх удаа л харж байна. Хамгийн Си-гийн функцыг ингэж бичнэ гэж заалгуулж байлаа.

datatype function-name (datatype argument-list)
{
      local variable declarations;
      executable statements;
      ......................................
      return (expression);
}

За нэг ийм л юм үздэг билээ. Жишээ нь хоёр тооны ихийг олдог функц гэвэл:

int max (int a, int b)
{
      return (a > b) ? a : b;
}

Тэгсэн бас ингэж бичиж болдог юм байна шүү!

datatype function-name (argument-list)
argument declaration;
{
      local variable declarations;
      executable statements;
      ......................................
      return (expression);

}

Энэ форматаар бол дээрх мах функцыг бол ингэж бичиж болох нь:

int max (a, b)
     int a, b;
{
      return (a > b) ? a : b;
}

Гэхдээ анх сурсан минь арай эвтэйхэн юмаа. Хэ хэ.

2011/10/23

Хөвөх эрэмбэлэлт (Bubble Sort) Х Лисп хэл Х Си хэл

За Лисп хэлийг оролдож үзэж байна. Тэгээд энэ хөвөх эрэмбэлэлтийг Лисп дээр хийж үзэхээр шийдлээ. Хөвөх эрэмбэлэлт бол хамгийн энгийн эрэмбэлэлт. Үндсэн санаа нь бол хөөс хөвөх зарчимтай адил. Усан дотор хөнгөхөнүүд нь дээш хөөрч, хүнд нь доошилдогтой адил жагсаалтын бага элементүүд аажмаар дээшилдэг. Үндсэн хийж байгаа үйлдэл нь зэрэгцээ элементүүдийг шалгаад байрыг нь солих замаар явна.

Хөвөх эрэмбэлэлт нь туулай яст мэлхийн төрлийн эрэмбэлэлт. Энэ төрлийн эрэмбэлэлт нь нэг төрлийн элементүүд нь хурдан байрандаа орж үлдсэн нь удаан байрандаа ордог. Хөвөх эрэмбэлэлт дээр бол багаас их рүү эрэмбэлж байгаа тохиолдолд их элементүүд нь хурдан байрандаа орж бага элементүүд нь удаан байрандаа ордог. Өөрөөр хэлбэл их элементүүдийг зөв байранд нь оруулахад чиглэгдсэн гэсэн үг. Доор хөдөлгөөнт жишээ үзүүлсэн байна.

Псевдо код нь:

procedure bubbleSort( A : list of sortable items )
  repeat
    swapped = false
    for i = 1 to length(A) - 1 inclusive do:
      if A[i-1] > A[i] then
        swap( A[i-1], A[i] )
        swapped = true
      end if
    end for
  until not swapped
end procedure
 
Нэг иймэрхүү байх нь. За тэгвэл Си хэл дээрх ингэж бичлээ. 

 
Гаралт нь:
 За тэгвэл одоо Лисп хэл дээр бичиж үзье. 
 
 
Гаралт нь:
 
Лисп хэлний бичиглэлийг харж байгаа байх. Си-гээс хоёр дахин бага бичлэгтэй байгаа 
биз. Дараа нь Сонголтын Эрэмбэлэлтийн тухай оруулнаа. 
 

Gedit дээр Lisp хэлний онцгойлолт нэмэх

За Lisp хэлний онцгойлолт (highlight) ийг http://www.mediafire.com/?3g8c4r53csj0ltx хаягаас татаж авна. Тэгээд татаж авсан шахсан файлаа задлаад install.sh гэсэн шэлл файлыг терминалаар ажиллуулна. Тэгээд gedit-ээ дахин ачааллуулахад autolisp гэсэн онцгойлолт нэмэгдсэн байна.

Gedit-ээ жаахан тоноглочихъё

Убунту хэрэглэгчид gedit програмыг андахгүй биз дээ. Тэгвэл Gedit дээрээ жаахан юм нэмье.

  1. Ubuntu Software Center-ээс gedit-plugins гэдгийг суулгана.
  2. Дараа нь Gedit-ийнхээ Edit цэсний Preferences-рүү орж Plugins цэс дээр дарж Embedded Terminal гэснийг нь идэвхжүүлнэ.
  3. Хаалтуудыг автоматаар хаадаг байхыг хүсвэл Bracket Completion-ийг идэвхжүүлнэ.
  4. Тэгээд View цэсний Bottom Panel-ийг дарахаар Gedit дээр терминал маань гараад ирнэ.
  5. Edit->Preferences->Color гэсэн цэснээс Gedit-ээ гоё өнгөтэй болгож болно.

2011/10/19

Ам цагаан хулганатай учирсан нь


Өнөө шөнө нэгэн зүүд зүүдэллээ. Илэрхийлж үл чадах нэгэн газар байна гэнэ. Тэнгэр гэж үгүй, газар ч гэж үгүй. Агаарт нисэж байгаа ч юм шиг эсвэл усанд сэлж байгаа юм шиг. Амьсгалаад ч байгаа юм шиг, бас үгүй ч юм шиг. Хараад ч байгаа юм шиг төсөөлөөд ч байгаа юм шиг. Дуу авиа сонсогдоод ч байгаа юм шиг эсвэл би сонсож байна гэж бодоод ч байгаа юм шиг тийм л ертөнцөд байж байна гэнэ.

Тэгсэн цаанаас нэгэн цагаан юм над уруу ирж байна. Хоёр гартаа модон хувин барьсан байх юм. За тэгсэн чинь тэр нь хулгана байжээ. Өнөөх хувин дотор нь дүүрэн ус байна. Аа нөгөө зүүдэнд ус өгдөг ам цагаан хулгана нь энэ байх нь. Тэгээд хулгана надад үг хэлж байна:

- Гүн нойрны ертөнцийн ам цагаан хулгана бий байна. Чамд би ус авчирлаа гэнэ. Тэгсэн би:
- Өө, би унтахаасаа өмнө зөндөө ус уучихсан. Ам цангаагүй л байна даа гэв. Тэгсэн хулгана:
- Энэ хоёр хувин ус чинийх чи уухгүй бол би энд асгалаа гээд шууд асгачих юм. Чамаас өөр ус өгөх хүмүүс зөндөө бий гэв.
- Тэгээд яагаад асгаж байгаа юм бэ? гэж би асуув.
- Чамд л зориулсан ус болохоос өөр хүнийх бишээ гээд яваад өгөв.

Тэгээд л гэнэт л холын газар ойр болж ойрын газар цаашлаад зөв буруу нь мэдэгдэхгүй, баруун зүүн нь танигдахгүй, дээд доод нь солигдоод тэр чигээрээ эрээлжлэн мяраалжлан би сэрлээ. Тэгээд дөнгөж босоод галт тогоо уруу орсон чинь дүүрэн ус нэлийж байна гэнэ. Тэгээд л бушуухан хувин алчуур авч шалан дээр тогтсон нуурыг шавхаж эхэллээ. Тэгсэн яг хоёр хувин ус гарав.


2011/09/09

Лисп ахтай танилцсан нь


КтМС-д нэг удаа Лисп ахтай танилцсан юм. Сургуулийн шугамаар манай сургуульд ирсэн байлаа. Би ч танилцсандаа их л олзуурхаж байсан юм. Лисп ах бол Америк төдийгүй дэлхийд алдартай байсан. Нэг өдөр Бек багшийн даалгавраар Лисп ахтай нэг улирал хамтарч юм хийхээр болов. Миний хувьд бол ихийг сурч мэдэх сайхан боломж байсан болохоор яаж татгалзах вэ? Өмнө нь хальт Бек багшаас Лисп ахын тухай сонсож байснаас биш ингээд хамтарч ажиллана ч гэж төсөөлж байсангүй.

За ингээд Лисп ахтай ажиллаж эхэллээ. Миний хэл гэж муу. Хальт мулт л хусаад байдаг, хоорондоо муу л ойлголцоод л, хэ хэ. Одоо бодоход их л хөгжилтэй байж дээ. Би ч Лисп ахаас програмчал сурах гэж ядаад. Лисп ах маань програмчлах арга барил нь шал өөр байсан юм. Энэ нь ч миний сонирхлыг татаж байлаа. Си, жава дээрх хэдэн арван кодыг хэдхэн мөрөнд л багтаагаад биччихдэг байсан юм.

Бид нар хийж байсан ажил бол эрэмбэлэлт байлаа. Лисп ахын програмчлал дээр үндэслэн эрэмбэлэлтийн арга техникүүдийг програмчлах байлаа. Мөн тэдгээр эрэмбэлэлтүүдийн хурдыг хэмжих байсан юм. Эрэмбэлэлтийн аргууд ихэвчлэн Си дээр олдож байсан юм. Тиймээс Лисп ах тэдгээрийг өөрийн арга барилд тааруулан програмчилж эхэллээ. Би ёстой их гайхсан юм (Эрэмбэлэлтүүдийг Лисп ах хэрхэн хэдхэн мөр кодод багтааж байсан юм). Ёстой гайхамшиг гэдэг л энэ байх даа. Миний хувьд энэ хамтарсан ажил их туршлага болсон юм. Хамтарсан ч гэж дээ, хэ хэ.

Эцэст нь ажил ч дуусаж Бек багшид ажлаа үзүүллээ. Ажил ч амжилттай дууссан юм. Тэгээд би Лисп ахын тухай жаахан бичихээр шийдлээ. Таныг ч гэсэн гайхшруулна гэдэгт итгэж байна.

2011/09/04

Тэнэгүүдийн Хаант Улсад


А.К.Раманүжан


Эрт урьдын цагт Тэнэгүүдийн хаант улс байж гэнэ. Тэнэгүүдийн хаант улсын хаан сайд хоёр нь тэнэг юмсан гэнэ. Нэг өдөр хаан сайд хоёр бусад хаадаас ялгарахын тулд нэгэн санаа сэджээ. Тэр нь өдрийг шөнөөр, шөнийг өдрөөр солих байж гэнэ. Тэгээд ард иргэддээ хүн бүр наран жаргахад босож тариачид нь газар тариалангаа эрхэлж, наймаачид нь худалдаа арилжаагаа хийж, оёдолчид нь үйлээ хийж, малчид нь малаа хариулж яг л өдөр мэт байж харин наран мандахад бүгд унтаж бай гэж зарлигдав. Энэхүү зарлигийг эсэргүүцсэн хэнийг ч бай цаазаар авах байсан учраас хүн бүр уг дуугүй зарлигийг биелүүлцгээв. Ингээд хаан сайд хоёрын хүсэл нь биелэв.

Нэгэн өдөр Тэнэгүүдийн хаант улсад нэгэн даяанч шавьтайгаа ирэв. Нарны гэрэл хотыг гийгүүлж үзэсгэлэн төгөлдөр хот үзэгдэх авч хотын гудамж талбайд хэн ч байсангүй. Хотын бүх хүмүүс, мөн адуу мал ч хүртэл бүгд унтаж байлаа. Даяанч шавь хоёр хотоор гайхан явсаар орой болоход гэнэт хот гүн нойрноосоо сэрж чимээгүй байсан хот хөл шуугианаар дүүрэв.

Даяанч шавь хоёр өдөржин хоолгүй өлсөж байсан тул идэх юм авахаар

2011/09/02

Энэтхэгийн шилдэг технологийн сургууль болох IIT-гийн оюутан амиа хорложээ

IIT буюу Энэтхэгийн Технологийн Дээд Сургууль (Indian Institution of Technology) нь Энэтхэгтээ алдартай технологийн сургууль билээ. Нийтдээ зургаан хотод салбартай байдаг. Нэг ёсондоо энэ сургуульд сурна гэдэг их нэр төрийн хэрэг байдаг билээ. Элсэлтийн шалгалт нь ч маш хүнд учраас хэр барагийн оюутнууд тэнцэж орж чаддаггүй, хээл хахуулаар ч орно гэж гонжийн жон. Тэнцлээ ч сурна гэдэг маш хэцүү, маш өндөр ачаалалтай байдаг. Энэ сургуулийг төгссөн оюутнууд дэлхийн нэртэй том том програм хангамжийн, техник технологийн компаниудад (Microsoft, Oracle, IBM...) шууд ордог.

Саяхан буюу 2011 оны 9-р сарын 1 буюу өнгөрсөн Пүрэв гарагт Патна хот дахь Энэтхэгийн Технологийн Дээд Сургуулийн Компъютерийн Ухааны ангийн 3-р курсын оюутан Яалаварти Свийяа (Yalavarthy Sweeya) таван давхар дотуур байрнаасаа үсэрч амь насаа алджээ.

Сургуулийн хотхон нь Патна хотоос 30 км зайтай байдаг учраас үсэрсэн охиныг эмнэлэгт хүргэхэд аль хэдийн нас барсан байжээ.

Сургуулийн багш, ангийн нөхөд нь Свийяаг сургуульд орж ирсэн цагаасаа л ухаантай сэргэлэн хүүхэд байсан гэжээ. Зарим найз нар нь Свийяаг энэ улирлын шалгалтанд тааруу дүн авснаас болж сэтгэл зүйн дарамтанд орсон гэж цагдаад мэдэгджээ.

Ер нь IIT оюутнуудаа хичээлээр их шахдаг бөгөөд багш нар нь маш их дарамт үзүүлдэг учраас энэ их дарамтыг дийлэлгүй амиа хорлосон тохиолдол цөөнгүй байдаг билээ.

Эх сурвалж: http://campus.yahoo.com/news/yedumailtoday/depression-forces-iit-patna-student-jump-five-floors-20110902

2011/06/02

Адал явдлаар дүүрэн миний аялал - Аниргүй Хөндий




Жодпур хотоос Удайпур хот хүртэлх зам нийтдээ гурван зуун гаруй километр урт. Өглөө эрт энэ урт замдаа гарлаа. Автобус цонхны цаана жирэлзэх хад асга, бүдүүн ширхэгтэй хүрэн элстэй газар нэгэн хэвийн мэт уйтгартай үргэлжилнэ.

Автобусны дугуй эргэлдсээр л, аян зам минь үргэлжилсээр л. Нэг мэдэхнээ өнөөх хүрэн элс ногоон модот уулсаар солигдоно. Замын хажууд бичнүүд моншоо тэврээд хажуугаар өнгөрөх биднийг харцгаана. Өндөр өндөр уулс, тэв тэгшхэн тариан талбай, ногоо тарих бүсгүйчүүд, дэргэд нь тоглох хүүхдүүд, ягаан шар цэцэгс, олон өнгөний уран зохицол. Энэ сайхан үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй сэтгэлийг минь булаана.

Зөөлөн салхи, шиврээ бороо, байгалиас өөр юу ч үгүй мэт анир чимээгүй, ертөнцийн амар амгалан. Үе үехэн шувуудын жиргээ ойд цуурайтаж хүрэлзгэний гаргах дуу чихэнд хүрэхэд бүгдийг орхиод энэ газар хамаг ертөнцөөс тасраад түр ч гэсэн баймаар санагдуулна. Энэ бол Аниргүй Хөндий – Silent Valley. 

Уулын энгэрээр зассан нарийн замаар явах автобусаар Удайпур явж байхдаа цонхны цаанаас үзэгдэх нэгэн ертөнц ийн сэтгэлд минь бууж билээ.

2011/04/25

Монголын нэр энэтхэг хоолонд ч

"Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай" гэж Д.Нацагдорж гуай шүлэглэдэг үнэхээр үнэн юмаа. Монголын нэр ч хаа явсан Энэтхэг оронд Их эзэнт гүрний цэргүүд маань Энэтхэг оронд хүрээгүй ч "Монгол Тахиа" гэдэг алдарт хоолыг маань цаад жагарууд чинь сураад авчхаж.

2011/04/19

Харуудтай ах дүүс болчих гэж

Монгол гэдэг үндэстэн нэгэн цагт дэлхийг донсолгохдоо дэлхий даяар тарчихсан юм уу? аль эсвэл хэн нэгэн эрдэмтэн нь ийм арьстай хүнийг Монгол гэж нэрлэе гэсэн юм уу? бүү мэд. Нэг хар нөхөртэй ах дүүс болчихдог юм байж.

Манай сургуулийн хоёр хүүхэд надтай таараад \Тэр хоёр Балбаас ирсэн л дээ\ надтай ярьж эхлэв. Тэгсэн нэг нөхөр нь надад ингэж хэлж байна. Хажуу дахь найзаа надтай ах дүүс гэж байна.
- Та хоёр бол ах дүүс. Монгол гэж байна. Би

2011/04/05

Санал Хүсэлтийн Хайрцагт Тороо Татсан Аалз


Нэгэн аалз. Жижигхэн аалз. Байшингийн буланд тороо татсан юм. Жирийн л нэг аалз. Утас хэрж нарийн татаагүй юм. Чадвар нь хүрээгүй биз дээ хөөрхий. Хэн ч түүнд заагаагүй, хэн ч түүнд туслаагүй... Торон дээрээ хөдөлгөөнгүй хүлээх аалзанд идэш нь торонд орохыг хүлээхээс өөр арга байгаагүй юм. Муухан татсан торыг харсан ялаа аалзны дэргэдүүр байн байн нисэж янзыг нь үзнэ. Аалз чимээгүй, бас хөдөлгөөнгүй. Хажуугийн модонд үүрлэсэн зөгий байн байн ирж аалзны торонд албаар орно. Аалзны баярласан гэж жигтэйхэн хурдалсаар очиход зөгий нэг хүн хийж нисэж аалзыг дээрэлхэн торыг эвдэнэ. Аалз эргээд байрандаа, хөдөлгөөнгүй хүлээнэ. Өлслөө гээд хоол өөрөө ирэхгүй. Түүнд ганц л сонголт бий. Тэр бол хүлээх. Шөнө бүр тасарсан тороо эвлүүлнэ. Энэ бол ийм нэгэн аалзны үлгэр.

2011/04/01

Пол ирлээ

Эрт нэгэн цагт туулай нуурын эрэг дээр ус уухаар ирлээ. Усаа ууж байсан чинь пол гэсэн чимээ гарлаа. Туулай ихэд айж "Пол ирлээ" гэж хашгиран нуураас зугтаав. Үүнийг сонссон амьтад "Пол ирлээ" хэмээн бүгд айж зугтаан бөөн үймээн болов. Энэ үг арслангийн чихэн дээр ирлээ. Арслан Пол гэж хэн юм бэ? Надаас хүчтэй амьтан гэж байх уу? Тийм хүчтэй юм бол надтай эхлээд хүчээ үзэг гээд арслан полтой тулалдахаар явлаа. Нуурын эрэг дээр

2011/03/15

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 8.Махаражатай зургаа авахуулсан нь



Уучлаарай! Өмнөх аялалын тухай бичлэгийн төгсгөлд “Удайпур хотруу!” гэж мөхөс би ташааран бичжээ. Өнөөх үзсэн харсан хэдэн юм аа хооронд нь сольж холиод, мартаж санаад хариуцлага алдаж байх чинь. Тэгэхээр манай аялал Удайпур биш Жодпур хотоор үргэлжилж байна.

2011/02/26

Эгэл хэвийн онцгой өдөр

Өглөөний наран цонхны шилийг нэвтэлж нүүрэнд тусахнаа зүүдэн нойрноос сэрнэ
Өдрийн наран тэнгэрээр аялаад сэмжин үүлийг цоолон тусахнаа хичээлийн нойрноос сэрнэ
Оройн наран уулын цаагуур биш хоёр давхаруудын ард шургахнаа нетийн нойрноос сэрнэ.

Энэ бол миний амьдралын хүрд. Эцэс төгсгөлгүй давталт. Байз алгоритмд давталт төгсдөг байх ёстой. Тэгэхээр төгсгөх нөхцөлтэй эцэс төгсгөлгүй давталт үргэлжилсээр...

Бороо орлоо. Таван сар ангасан улаан шороо усаар ханасан эгэл хэвийн онцгой өдөр. Өглөөний манан салхиар сарниад нарны илчин бүгчимдүүлэн халаахад толгой манарсан, сургууль  дээр сэнсээр зэвсэглэсэн миний бие халууны эсрэг тэмцээд ялагдлаа, дахиад толгой манарсан, бүрхэг өдөр, гунигтай өдөр, бас сайхан сэрүүхэн өдөр эгэл хэвийн онцгой өдөр.

Энэ эгэл хэвийн онцгой өдөр нет орлоо. Өлзий найзын блог хамгийн эхнийх нь. Тэгээд гарчиглаж сууж байгаад шилдэг блогийн нийтлэл шалгаруулсан тухай хараад сонирхлоо. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар байр. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Нэгт орсон нийтлэлийн эзний блогийг оллоо (http://aanxaa.blog.gogo.mn). Сайхан бичдэг Монгол залуу. Нийтлэлүүд уншиж байна. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Миний энэ бичиж байгаа энэ нийтлэл ч тэрний дэргэд түүхий мах. Тэр махаа шүдэнцний галаар болгох гэж ядаад, ай барахгүй, цахилгаан зууханд хийчихье. Болсон, түүхий хоёр холилдоод... Алтны дэргэд гууль шууд шарлаад... Аанхаа нийтлэлчийг биширлээ. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Аанхаа шиг болъё. Гэхдээ түүнийг дууриахгүй. Расул Цадаса: "Хэзээ ч хүний морь бүү уна" гэснээр би Аанхаагийн морийг унахгүй. Би өөрийн гэсэн морьтой. Би морио сойно. Айрагтдаггүй юмаа гэхэд эрүүл чийрэг, хурд хүчтэй, шандаслаг болгоно. Сайн уяач болноо би. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Бичих үг минь дууслаа. Сумгүй буутай байлдагч боллоо. Гэсэн ч сэлмээрээ цавчия, хутгаараа чичье. Ялж чадахгүй ч тугаа, амиа хамгаалмаар байна. Ухаан бодол нь задарч байгаа юм болов уу? эсвэл бүүр тэнэг болж байгаа юм болов уу? Эгэл хэвийн л онцгой өдөр.

Би өглөө цайгаа ууж, өдөр хичээлдээ сууна. Гэхдээ Монголын төлөө идэж байна, Монголын төлөө амьдарч байна, Монголын төлөө сурж байна. Гэхдээ Монголын төлөө биш байлаа ч миний хийх ёстой л зүйлс. Эгэл хэвийн л онцгой өдөр.

Миний эгэл хэвийн онцгой өдөр. Таны эгэл хэвийн онцгой өдөр. Манай эгэл хэвийн онцгой өдөр. Танай эгэл хэвийн онцгой өдөр. Бүгдийн эгэл хэвийн онцгой өдөр. Монголчуудын эгэл хэвийн онцгой өдөр.

Таны эгэл хэвийн онцгой өдөр тань юу вэ?

2011/02/16

Идэх хоолгүй жагар нохойнууд өвсөн тэжээлтэн болжээ

За ёстой эвэртэй туулай үзлээ дээ. Нохой өвс идэж байхыг хараад үнэхээр их гайхлаа. Идэх хоол байхгүйдээ өвс идэштэн болсон юм байхдаа. Чарльз Дарвин ахын хувьслын онолоор амьдралын төлөөх тэмцлийн үр дүнд аливаа бодгаль нөхцөл байдалдаа зохьцон хувьсдаг гэж арван жилдээ үзэж байсан. За тэр нь болоод л махан идэштнүүд өвсрүүгээ оржээ. Хөөрхий ноход!

2011/02/08

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 7. Музейн хот


Аялалын тухай цуврал болгох хүргэж байгаа билээ. Тэгсэн бичих зав ч гардаггүй. Миний ч залхуу хүрээд. За юутай ч өнөөдөр нэг цаг гаргаж байгаад нэг хотоо дуусгахаар шийдээд бичлээ. Жайсалмер хотын сүүлийн хэсгийг хүлээн авна уу?
          

2011/02/05

Төвд бууз + Энэтхэг сүүтэй цай = Цагаан сарын битүүлэг

Цаг хугацаа урсан өнгөрсөөр, дөрвөн улирал ээлжилсээр байдаг ч нэгэн жилд ганцхан удаа учрах цагаан сар хаяанд тулжээ. Хуучин жил халаагаа шинэ жилд өгөхийн өмнөх ганц өдөрт хуучин бүхэн шинээр солигдон, сар битүүрэн шөнийн тэнгэрт үл үзэгдэх битүүний өдөр өнөөдөр билээ. Хүний нутгийн нар манддагаараа мандаж, салхи үлээдэгээрээ үлээж, тэнгэр цэлийдэгээрээ цэлийсэн байдаг л нэг өдөр. Өглөө босдогоороо босож, дүрэмт хувцсаа өмсдөгөөрөө өмсөж, автобус хөдөлдөгөөрөө хөдөлж, сургууль очдогоороо очиж, өглөөний цайгаа уудагаараа ууж, түлсэн гурилынх нь хатууг гоочилдогоороо гоочилж, хичээл ордогоороо орж, хичээлдээ суудагаараа сууж, завсарлагааг завсарладагаараа завсарлаж, өдрийн хоолондоо ордогоороо орж, дахиад хичээлдээ суудагаараа сууж, хичээл дуусдагаараа дуусаж, автобусаа хүлээдэгээрээ хүлээнэ. Өдөр бүр давтагдах эгэл миний энгийн амьдралын тойрог. Гэвч энэ өдөр надтай "Битүүн шүү дээ" гэсэн бодол үргэлж хамт явсаар байлаа.

2011/01/28

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 6. Алтан хотруу

Өглөөний нартай уралдан гурван Монгол эртлэн босоод аль хэдийнээ бэлэн болчихсон байлаа. Өглөөний цайгаа уучихаад автобусанд суугаад хүлээлээ. Бид Жайсалмер хотод хоёр хонох төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдөртөө амжин очиж үзэх ёстой хоёр газар байгааг зохион байгуулагчид зарлаад бид нарыг шалавлуулав. Уул нь өчигдөр бидэнд зургаа хагаст цайндаа ороод долоон цагт хөдөлнө гэсэн боловч өнөөх энэтхэгийн өргөн хэмжээстэй цагнаас болоод найм өнгөрч байхад хөдөлвөө.

2011/01/21

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 5.Биканер хотоор аялсан

Бүтэн өдөр автобусанд яваад ядарсныг хэлэх үү? Буудлын орон дээр нойрондоо дийлдэн унтаж байхад гэнэт хонхны чимээ, биш ээ сэрүүлэг, биш ээ хэмээн зүүдэн дундаа бодсоор сэрэхнээ өрөөний утас дугарч байх юм. Хоёр афганийг утас авахыг хүлээсээр дугарах чимээнд нь тэсэлгүй би харилцуурыг нь авлаа. Эелдэгхэн, намуун дуугаар буудлын ажилтан босоорой хэмээн хэлэх нь нойр, хонх хоёрын тэмцлийг дарж хэдий босоорой гэсэн боловч нойр ялалт байгуулан харилцуураа тавьж буцаад унтлаа.

2011/01/18

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 4. Аялалын анхны өдөр

Энэтхэгчүүдийн цаг барьдаггүйг дахин хэлж цагаа үрэх дэмий хэрэг болно гэж үзээд шууд автобус хөдөлснөөс өгүүлье. Автобус хөдөллөө. Нийтдээ 39-н аялагчид, бүгд өөр өөрсдийн суудлаа олоод суучихсан байлаа. Автобус баруун зүг рүү хөдөлж эргэн тойрноо ажихнээ өглөөний нойр нь дутуу нөхдүүд налдаг сандал дээрээ суусан уу? үгүй юу? нүдний хороо гаргацгаана, зарим нь дуугүйхэн цонхны цаагуур өнгөрөх өглөөний мананд дарагдсан бүүдгэр Дели хотыг харсаар аажимдаа уйтгартай энэ дүр зураг ахин дахин давтагдсаар тэднийг залхаана. Монголд нэгэн ес дундаа орж байх энэ үед Энэтхэг орныг хүйтний эрч тойрч өнгөрдөггүй, дайрч гардаг учраас цаг агаар нь сэрүүсч Энэтхэг хүйтний улиралдаа орсныг илтгэнэ. Хүйтэн жиндүү агааранд цохиулсан аялагчдыг наран дулаан илчээрээ гэсгээнэ. Бидний эхэнд очих Биканер хот Шинэ Дели хотоос таван зуу гаруй километр хол тул замынхаа дунд нэгэн буудалд өдрийн хоолоо зооглоод аялалаа үргэлжлүүлэх билээ. Замын хоёр талаар эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх ногооны талбай, хааяа ганц хоёр үзэгдэх жижигхэн хуучин байшингууд шинэ сонинг үзэж яваа биднийг уйтгарт оруулан өөрийн эрхгүй зүүд нойрыг хүргэнэ.

2011/01/14

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 3. Делид


Шинэ Делийн Галт тэрэгний буудлаас гараад ирлээ. Эргэн тойрон намхан хуучин байшингууд эгнээд наашаа галт тэрэгний буудлын урд хөлсний тэрэг (такси), отто (жижигхэн такси)-нууд бөөнөөрөө цувж зогссон нь харагдана. Бид хоёр шиг гадаад царайг андахгүй тэд нар хаашаа явах хэмээн шалгаагаад бүччихэнэ. Дели-д буугаад л одоо яах билээ? гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

2011/01/13

Монгол Улс Шинэ Үндсэн Хуулиа Баталсны Баярын Мэнд





Монголчууддаа Үндсэн хуулиа баталсны баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Бангалорт сурч байгаа миний бие болон хамт суралцаж байгаа Оргил бид хоёр баярын өдрийг тохиолдуулан төрийн далбаагаа өрөөндөө заллаа. За Монголчууддаа баярын мэндийг дахин хүргэе.

2011/01/12

2. Хасах дөчин хэм

Энэтхэгийн галт тэргэнд анх удаа сууж үзлээ. Цонхны цаана шөнийн Бангалор хот жирэлзсээр удалгүй хотоос гарсан бололтой гүн харанхуй нөмөрсөн мэт юу ч үл харагдана. Хааяа ганц хоёр гэрэл үзэгдээд өнгөрөх нь тэнд тариаланчдын гэрээс нь гарсан нь лавтай. Галт тэргэн доторх нь бол манайхтай бараг адилхан. Гэхдээ арай олон хүн зөөдөг. Юу гэсэн үг вэ? гэвэл тасалгаа бүрт манайд дөрвөн ор байдаг бол энэтхэгийх зургаан ортой. Мөн тасалгааны гадна тасалгаа бүртэй харгалзаа хоёр хүний ор давхарлан байна. Ингээд бодоход энэтхэгийн галт тэрэг хямдхан байдаг нь аргагүй мэт. Гурван ортой гэж дээр дурдсан шүү дээ. Тэр гурван орны голынх доод талын орны ар талын зөөлөвч нь байдаг. Унтах болохоороо тэрийгээ дээш нь өргөж хамгийн дээд талын орноос зүүж нэг ор бий болно доо. Өртөө бүр дээр галт тэрэг зогсох бүр элдэв бүрийн юм зарсан хүмүүс орж ирнэ. Үүнтэй зэрэгцэн янз бүрийн гуйлгачид, эмэгтэй эрчүүд (Ladyman) явна. Эд нар нь мөнгө нэхээд салахгүй, хөл гарнаас барина, татна.
Нэг өртөөн дээр зогсоход нэг жижигхэн охин галт тэргэнд хувцсаараа шал шүүрдээд явж байна. Бүүр жаахан хүүхдээр галт тэрэг цэвэрлүүлдэг юм байхдаа гээд харж байтал өнөөх охин ирээд мөнгө нэхэж байна гэнэ. Мөнгө байхгүй гээд гүрийлээ. Монголынхоо гуйлгачид ч мөнгө өгөөгүй байж энэтхэгийн гуйлгачид өгөх үү? Өгөхдөө хүрвэл Монголынхдоо өгнө гээд гүрийсээр. Нөгөө охин шалж шалж байгаад явлаа. Галт тэрэг хөдлөх болж зорчигдоос бусад нь буух боллоо. Тэгсэн өнөөх охин гартаа 300₮ (10 рупи), нэг жижиг жигнэмэг барьчихсан гарч явна. Бид хоёрын дэргэдүүр гарахдаа харин хэлээ гаргаж байна. Энэ мэт бяцхан охид, хөвгүүдээс авахуулаад хөл гаргүй хүмүүс өртөө бүрдээр байна. Аргагүй ядуу орон гэж ийм байдаг юм байна даа л хэмээн бодоно.
Орой болж бүгд унтах боллоо. Ор дэвсгэрийн даавуу өгдөггүй юм байна лээ. Аргагүй биз дээ. Ийм заваан хүмүүст ор дэвсгэрийн даавуу өгчихвөл янз бүрийн асуудал л гарах байлгүй дээ. Галт тэрэг явсаар л, бүгд унтжээ. Анхны энэтхэгийн галт тэргэн өнгөрүүлсэн шөнө тийм ч таатай байсангүй. Тээшээ мэдэж байхын тулд би тээшээ дэрлэж унтах болж ор, тээш хоёртоо тааруулан атийж хэвтэв. Удалгүй галт тэргэн дотор хүйтэрч эхэллээ. Бүх энэтхэг зорчигчид цүнхнээсээ хөнжилөө гаргаад нөмөрцгөөв. Бидний хувьд анхных тул ингэж хүйтэрдэг гэдгийг мэдэхгүй байлаа. Ингээд эхний шөнө сэрүүхэн өнгөрлөө. Өглөө босоход бүгд хөнжилдөө шургачихсан, чичирсэн хүмүүс сууж байх атал хоёр монгол богино өмд, богино ханцуйт цамцтайгаа байгаа нь бусдыг анхаарлыг татна. Нэг тасалгааны зорчигчид “Нааш ир, энэ хөнжилд ор” гэх нь Монгол хүний цэвэр ичимтгий зан, нэрэлхүү зан, мөн шижигч зан гуравтай харшилж “Үгүй, Баярлалаа” гэж хариулна. Өглөөний цайндаа хүйтэн ус, жигнэмэг идэж гал дээр тос нэмсэнтэй адил хүйтэн дээр бүүр хүйтэн нэмсэн адил хамаг бие хүйт дааж байлаа. Хэдэн цагийн дараа өдрийн дулаан уур орж бие өөрийн эрхгүй гэсэж таатай болов. Гадаа цонхоор харахад нэг л хэвийн бүгд адилхан мэт тариалангийн талбайнууд үргэлжилсээр л байна. Хүн үгүй зэлүүд газар үгүй бололтой. Хаа л бол тариалангийн талбай. Ийм их ногоо, тариа тарьсаар байж хүн ам нь хоолгүй өлсөж үхдэг гэхээр хичнээн олон хүн энэ улс дээр гишгэж байгаа нь төсөөлөгдөнө. Ингээд уйтгар бодлогошролоор дүүрэн бүтэн нэг өдрийг өнгөрөөлөө. Хоёр дахь шөнө эхнийхээс илүү хүйтэн боллоо. Энэ үед л даарах мэдрэмжийг мэдэрч үнэхээр энэ мэдрэмжийг үгүйлж байснаа би мэдсэн юм. Энэ мэдрэмжийг хүсэн хүлээж байсан юм шиг, тэгээд түүнийгээ авсан мэт байлаа. Өвөл даарахыг мэдрэхгүй бол утгагүй шүү дээ. Өглөө босоод халуун цай ууж биеэ гэсгээлээ. Гэвч өчигдрийнхтэй адил дулаан болсонгүй хүйтэн хэвээр. Монгол хүний цэвэр хатуужил гаргаж, их тэвчээрээр тэр хүйтэн салхийн эсрэг биеэ ган төмөр мэт батжуулж байлаа. Манай тасалгааны Кашмерийнхан биднийг шалгах гэсэн бололтой цонхоо онгойлгов. Гэвч тэссээр л. Тэгээд мань Кашмерийнхан ярьж байна. Манай Кашмерт цас орсон гэж байна. Бид нар нээх тоосонгүй. Ямар цас үзээгүй юм шиг. Тэгээд мань Кашмерүүд бид нартай хамт явж цас үзэх үү? гэж байна. Хоёр Монголын хариулт. “Манайд ч гэсэн цас байдаг. Манайх хүйтэн орон. Манайд хүйтэндээ хасах дөчин хэм хүрдэг гээд хэллээ”. Кашмерүүд хэсэг дуугүй байснаас “Дөрөв Тэг үү?” гэж дахин лавлан асууж байна. Бид “Тийм” гэж хариулахад бүгд гайхаж “Тэгвэл та нар яагаад даарахгүй байгаа нь ойлгомжтой. Та нар халуун хүмүүс” гэв. Үнэндээ их даарч байсан ч нэгэнтээ хасах дөч гээд хэлчихсэн учраас гүрийх л хэрэгтэй. Гадаа цонхоор харахад үргэлжилсэн их тариан талбайнууд нь цөөрч байшингууд их болсоор хүрэх газартаа ойртож байгааг илэрхийлнэ. Гэвч чухам хаана вэ? 11-н цаг гэхэд бусад замд дайралдах өртөөнүүдтэй нэгэн адил харагдах нэг буудал дээр зогслоо. Дели-гийн захын буудал хэмээн бодож байсан хоёр Монгол бүх хүмүүс гарч байгаагаас Делигийн төв галт тэрэгний буудал дээр ирснээ сая л ухаарав. Гялс цүнх, тээшээ аваад буудлаас гарлаа.

Monboy-оор http://from-monboy.blogspot.com/2011/01/bangalore-to-new-delhi.html#more

2011/01/09

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт

1.Аялал эхэлсэн нь




2010 оны 12-р сар, энэтхэг дэх миний анхны өвлийн амралт. Өвлийн амралт, Өвөл гэснээс өвөл бол миний дуртай улирал. Энэ үг миний тархинд цагаан цас, цэлмэг тэнгэр, хүйтэн агаар, өвлийн хувцас, мөсөн гулгуур, даарах мэдрэмж гэж шууд бууж байна. Мөн 12-р сар гарахтай зэрэгцэн шинэ жилийн уур орж айл бүр сүлд модоо засалцгаагаад, гадаа шинэ оны дуунууд эгшиглээд өвлийн өвгөн цан хүүргээ татуулан цас мөсний орноос цасан охидоо дагуулан ирж хүүхэд багачуудад бэлгээ тараана (Хэтрүүлэг) .Харин энэтхэгийн өвөл миний энэхүү төсөөллөөс илт өөр агаад эгэл жирийн л уйтгартай байх юм. Цас ч үгүй, мөс ч үгүй, ямар байсан тэр чигээрээ л. Хүүеэ энэ өвөл мөн үү? гэмээр.

Манай сургуулийн дотуур байрны хүүхдүүд гэр гэрлүүгээ харьсаар л хэдүүлхэнээ байр сахиж үлдлээ дээ. Тэгээд дэмий өрөөний буг байсаар амралтаа яаж өнгөрөөхөв гээд байтал ICCR буюу Indian Council of Cultural Relationship (Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл) хэмээх газраас бид нарт тэтгэлэг олгодог бөгөөд уг байгууллагаас тэтгэлэгт оюутнууддаа өвлийн амралтаар нь энэтхэгээр аялуулдаг хөтөлбөр байдгийг мэдээд үүнд нь бүртгүүлье гэсэн чинь яг эцсийн хугацаа нь тулчихаж. Ердөө ганц хоног үлдсэн байсан бөгөөд барьцааны 90000 төгрөг банканд тушааж, бүртгэлийн хуудсаа бөглөөд сургуулийнхаа зөвлөхөөр гарын үсэг зуруулах ёстой болов. Угаас хүнд сурталтай энэтхэгийн системийн эсрэг зогсох гэж баахан ядавдаа. Сургууль дээр зөвлөхөөр гарын үсэг зуруулна гэсэн чинь эхлээд сургалтын албанд өг гэж байна. Сургалтын албанд өгсөн чинь 3 цаг хүлээ гэдэг байна ш дээ. 3 цаг хүлээх зав байхгүй юм. Учир нь гарын үсэг зуруулсны дараа банк явах билээ. "Эрхэмээ, бид нарт 3 цаг хүлээх цаг байхгүй, өнөөдөр сүүлийн хугацаа нь" гэсэн чинь сургалтын албаны хүн "Мэдэж байна, мэдэж байна. Хэн та нарыг хождуул гэсэн юм" гэж загнаж байна гэнэ. Гуйж гуйж 1 цагийн дараа ганц гарын үсэг зуруулж авлаа. Үүний дараа банканд аялалын барьцааны 90000 төгрөгөө тушаахаар явлаа. Аялалын дараа эргүүлж авах юм. Аялалын бүх зардлыг ICCR дааж байгаа юм. Тэгээд банкны хэдэн арван дараалал (очер)-ыг хүлээж байж нэг мөнгөө тушаалаа шүү. За ингээд ICCR-ын газартаа бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд өглөө. Амжихгүй гэж бодсон бололтой ICCR-ын эмгэн дарга "Сайн байна, Сайн байна" гэж магтаж байсан юм.

Гэвч ингээд аялалд шууд явах эрхтэй болчихсон гэсэн үг биш юм. Бүх бичиг баримтууд Делигийн ICCR-т очих бөгөөд тэндээс аялалд явуулах эсэх, явуулах бол аль чиглэл нь боломжтойг сонгодог билээ. Тиймээс Делигээс хариу ирэхийг хүлээх үлдэв. Хүлээлээ, болоогүй дахиад хүлээлээ, бас дахиад жаахан хүлээчих, бүүр жаахан хүлээчих. Ингээд эцэст хариу иржээ. Аялал эхлэхээс долоон хоногийн өмнө шүү дээ. Дели-Биканер-Жайсалмер-Жодпур-Удайпур-Ажмер-Жайпур-Дели гэсэн нийтдээ найман хоногийн аялалын хуваарь ирлээ. Бангалор хотоос Дели очих хамгийн хямд бөгөөд хялбар арга бол галт тэрэг. Тиймээс ч галт тэрэг маань хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл юм. Хэрвээ галт тэргээр явах гэж байгаа бол дор хаяж 15 хоногийн өмнө тасалбараа захиалах хэрэгтэй. Эс бөгөөс аль хэдийнээ захиалга нь дуусчихдаг юм байна л даа. Тэгсэн галт тэрэг маань ингээд өнгөрдөг юм байна даа гэж байсан чинь онцгой тохиолдлын тасалбар гэж байдаг юм байна. Үнэхээр явах шаардлагатай хүмүүст явах өдрөөс хоёр хоногийн өмнө онцгой тохиолдлын тасалбар гэж зарагдах бөгөөд уг тасалбар нь энгийн тасалбараас үнэтэй байдаг юм байна. За тэгээд онцгой тохиолдлын тасалбарыг нь авлаа.Энгийн тасалбарын үнэ дээр нэмж 9000 төгрөг төлж Дели явах онцгой тохиолдлын тасалбартай боллоо. Галт тэрэгний үнэ нь манайхтай харьцуулахад хямдхан байдаг юм байна. Аргагүй биз дээ.
За ингээд аялалд явах бэлтгэлээ хангах ажилд орлоо. Сүртэй ажил ч гэж дээ. Галт тэргэнд идэх хүнсээ хангахаар их дэлгүүр орлоо. Ороод явж явж хоёр сав ус, гурван ууттай жигнэмэг л авах шив дээ. Галт тэргэнд хоёр хоногийг өнгөрүүлнэ шүү дээ. За тэгээд л аялалын бэлтгэл болчих шив дээ.

За аялалынхаа хамтрагчийн тухай өгүүлье. Тэр бол ICCR-ын тэтгэлэгээр надтай хамт сурдаг, мөн дотуур байранд нэг өрөөнд амьдардаг найз маань. Бүтэн нэр нь Мөнх-Оргил, энгийнээр дууддаг нь зүгээр л Оргил. Бид хоёр аялах гээд байгаа шүү дээ.

Хүлээсэн өдөр ирлээ. Наран дээрээс төөнөн хурц илчин бүгдийг эзэгнэн халаана. Өвлийн нэгэн халуун өдөр. Богино өмд (Шорт), богино ханцуйт цамц (подвоолк)-аа өмсөөд гаравдаа. Дотуур байранд биднийг гаргаж өгөх хүнгүй, тээш, цүнхээ чирч яваа хоёр монгол автобусны буудал хүртэл 2 км алхаж байгаа нь хажуугаар нь өнгөрөх энэтхэгүүдийн нүдэнд бид хоёр онцгой тусахаас өөр зүйлгүй тул гоморхох сэтгэл бага зэрэг хүрсэн ч ирэх холын аянруу улам бүр сэтгэл шулуудсаар байв. Автобусны буудал дээрээ ч ирлээ. Удалгүй автобус ч ирлээ. Жирийн үед пиг дүүрэн хүнтэй, зарим нь хаалганаас нь зүүгдээд явдаг нийтийн тээврийн автобус бид хоёрт зориулсан юм шиг бараг хүнгүй ирлээ. Ингээд галт тэрэгнийхээ буудалруу явлаа даа.

Үй олон хүн холхисон галт тэрэгний буудал дээрээ ирлээ. Галт тэрэгний буудал дээвэр дээрээ “Баруун Өмнөд Галт Тэрэгний Буудал” хэмээсэн сүрхий нэрийг сүндэрлүүлсэн агаад уг буудлыг ингэж нэрлэхээс илүүтэй Мажестикийн галт тэрэгний буудал гэвэл хүн бүхэн андахгүй билээ.  Эргэн тойрноо харахад Оргил бид хоёр л бусдаас содон харагдана. Оройн хоолоо ойрхон газар зооглочихоод буудлын дотогшоо орлоо. Галт тэргээ хүлээсэн энэтхэгүүд шалан дээр сууна, зарим нь бүр унтацгаана. Сандал хэмээгчийг хайгаад үл олоод буудлаас гарч явах цагаа хүлээлээ. Алтан наран доошилсоор халуун илчин бага зэрэг буурсаар оройн зургаан цаг гэхэд энэтхэг орныг бүрэнхий ноёрхож нэг мэдэхнээ гадаа харанхуй болжээ. Цаг ч болж галт тэрэглүүгээ явлаа. Бид хоёрт галт тэрэгний тасалбар байхгүй учраас ямар нэгэн асуудал гарах вий хэмээн сэтгэл зовиноно. Тэгээд суудлаа хайсаар очиход жинхэнэ тасалбартай хүн маань аль хэдийнээ суучихсан байна. Ганц хоёр үг зөрүүлж Кашмерийнх, одоо Кашмер лүү явж байгааг мэдэж авлаа. Цагийн зүү 7 цагийг зааж галт тэрэг хөдлөх дохиогоо өгөн хөдөллөөдөө. Ингээд энэтхэгийн галт тэргээр анх удаа Нийслэл хот Дели-г орохоор явлаа даа.