2011/11/22

Буруу Энгэртэй Дээл

Унагаж төрүүлээд
Өргөж өсгөсөн
Эхийнхээ дурсгалд

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ
 Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галыг нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойных нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх,нүдний хор
Эвий дэвсэх худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж, охин гэж
Хүний чихнээс нэрийг минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясан! би
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

2011/11/18

“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал

Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
- Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
- Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
- Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
- Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө.
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов орхино.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө.
Зориг үгүй бол буянаас ч болов зайлна.
Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна
Зохиолдвол адтай ч болов нөхөцнө.
Буруудвал дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.
Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна.
Дагавал хов үгээр ч болов болно
Зөрчвөл хааны цаазаар ч болов давна
Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

2011/11/17

АНГЛИ ХЭЛЭНД ИТГЭЖ ЗОРИУЛАВ

…Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
/Б.Ренчин/

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцохгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө.
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.
Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 үе нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж
зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа.
Монголын ТВ солоносоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ.
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил
наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 мянган жилийн өмнө худалдаж байлаа.
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ .
61 ПостПанк

Б.Галсансүх

Стив Жобс: Өлсгөлөн яв, жолоогүй амьдар

“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно” гэж Стив Жобс нэгэн их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ.
Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад түүний оюутнуудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.
“Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.

2011/11/01

Сонгох Эрэмбэлэлт (Selection Sort) - C vs Lisp

Сонгох эрэмбэлэлт. Энэ эрэмбэлэлтийг Си болон Лисп хэл дээр үзье. Сонгох эрэмбэлэлтийн мөн чанар нь бол жагсаалтаас хамгийн бага элементийг сонгож жагсаалтын эхний элементтэй солиход оршдог. Хамгийн бага элементийг олохын тулд жагсаалтыг бүх элементийг шалгадаг болохоор жагсаалтын хэмжээ их үед тохиромжгүй эрэмбэлэлтийн арга юм. Харин жижиг жагсаалтыг (20, 30 элементтэй) бол хурдан эрэмбэлдэг. Бидний өмнө үздэг Хөвөх Эрэмбэлэлт-ээс арай хурдан.

Хугацааны хувьд бол O(n2).

Си дээрх код:

Гаралт нь:

Одоо Лисп дээр үзье. Лисп дээр маш хялбархан бичиж болно.



Одоо гаралтыг нь харъя:

Дараагийн эрэмбэлэлтээр Оруулах Эрэмбэлэлт (Insertion Sort) үзнээ. Явандаа бүх эрэмбэлэлтээ үзсэний дараа ерөнхий харьцуулалт хийх санаа байна. За тэгээд сонирхож байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай!