2012/08/08

26 дугаартай автобусны тасалбарч /Кондуктор/

Нэг тийм тасалбарчийн тухай бичмээр санагдаад энэ нийтлэлийг бичиж байна. Хэн нэгэнд энэ нийтлэл тийм ч хамаагүй байж болно. Гэхдээ зүгээр л би тэр тасалбарчийг мартдаггүй юм.

Лицейд орсноос хойш би анх удаа сургууль уруугаа автобусаар явдаг болсон юм. Өмнө нь сургууль ойрхон алхаад, гүйгээд орчихдог байлаа. Яалт ч үгүй хол сургуульд орж автобустай нөхөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Манай тэндээс 26 дугаартай автобус сургууль уруу минь хүргээд буцаагаад авчирдаг байлаа. Энэ автобусыг оюутнууд сайн мэдэх байх. Бараг оюутнуудын автобус гэхэд болно. Өглөө, оройдоо чихэлцэж өгнө дөө...

 Тэр үед автобусанд хүүхдүүд 100₮-өөр суудаг байсан. Том хүн 200₮ байлаа. Одоо бодоход хямдхан байж дээ. Гэхдээ нэгэнт би арван жилийн хүүхэд байсан 100₮-өө л өгнө дөө. Гэвч тасалбарчид гэж. "Сахал сармаагаа ургуулчхаад 100₮ өглөө" гээд намайгаа оюутан гэж андуураад мөн ч их загнуулдаг байлаа. Би ч гүрийгээд л. Гэхдээ би ингэж явах дургүй. Гэхдээ л би илүү мөнгө өгөхийг хүсдэггүй байлаа. Тэгээд ч гэрээсээ би 200₮ л авч гардаг байсан. Тэгээд л хэдэн тасалбарчидтай үзэж тардаг байж дээ. Эд дундаас нэг залуу эмэгтэй тасалбарч хамгаас аймшигтай байсан юм. Автобусандаа суухдаа битгий л тэр тасалбарч таараасай гэж залбирдаг байлаа шүү дээ.