2013/04/29

Цаг хугацаа ухарч байна


Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна

Хэлсэн үгс ам руу зүтгэсээр
Хэл даван цааш гудрагдахдаа
Уушиг цээжийг нэг сайн дүүргээд
Уралдаж буцахдаа агаар болоод
Амьсгалж байгаа юм шиг
Агаар хамраар шахалдан гарцгаана.

Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна
Ходоод дүүргэх халуун цай
Хөөрч дээшлэн, улаан хоолойгоор
Халуу шатаан дүүлэн түлсээр
Хэл ам даван гарч ирээд
Оочилж байгаа юм шиг
Огьж буцан аяга руу үсрэн орцгооно.

Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна
Гүйж байгаа хүүхэд ар талаараа
Ганган эмэгтэйг нэхэн хөөсөөр
Гүйцэж очоод барьсан цүнхээ
Гарт нь бариулаад гэдрэгээ алхална
Гэдрэгээ хүүхдийн сайн сэтгэлд
Ганган хүүхэн баярласангүй
Гэдрэгээ тоох ч үгүй тайван алхална.

Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна
Халцарсан толгойд үлдсэн таван хялгас шиг
Хөөрхий нүцгэрсэн ууланд нар жаргахдаа
Хөрөө сүх хангинуулсан хүмүүс
Харанхуй шөнөөр унасан моддыг
Хамаг хүчээрээ цавчаад
Хожуул дээр нь босгож сүндэрлүүлээд
Хөрөө сүхээрээ гагнаад ч байх шиг.

Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна
Хотын гудамж талбай бохир заваан
Хог нь өөрөө үрждэг ч юм шиг
Сайхан сэтгэлт ардууд нь газарт хөглөрөх хогоо
Шидэж байгаа юм шиг аваад, түүгээд байх юм
Үнэнхүү цэвэрхэн болсон хотыг нь
ТҮК-ийн улбар хантаазтанууд эргээд хогтуулна.

Цагийн зүү буруу эргэж байна
Цаг хугацаа ухарч байна
Хүчил, исгэлүүн, эхүүнээс
Хөөрч дээшээ ялгараад
Улаан хоолой ам хэлнээс
Урсаж өөрөө гарахдаа
Ухаан бодол самуурсан
Урьдын тэнэгээсээ
Ухаарч засах боломжийг
Уралдаж олоод алдсан
Утгагүй…

2012 оны 5-р сарын 12

No comments:

Post a Comment