2014/12/25

Mac OSX + Firefox + Flashgot + Axel

axel суулгахдаа http://rudix.org/packages/axel.html эндээс татсан нь дээр юм билээ. Татаад, суулгаад. Өмнөх Линукст хийж байсан шиг бүрхүүл код бичсэн чинь олигтой ажилладаггүй. Ялангуяа терминал нээдэг хэсэг. Тэгээд гүүгэлдэж байгаад "apple script"-ээр шийдэл оллоо. Сонин, өгүүлбэр бичиж байгаа юм шиг кодтой юм билээ. Apple script-ийг нь сайн мэдэхгүй болохоор бүрхүүл код, apple script хоёуланг нь ашиглав.

2014/12/21

Мод

Эрт урьдын цагт нэгэн мод сүндэрлэнэ.
Гүн рүү, гүн рүү, үндэс нь шигдэнэ.
Тэнгэр рүү, тэнгэр рүү, мөчир нь тэмүүлнэ.
Буй газартаа аниргүй, хөдлөхгүй сүндэрлэнэ.
Амьдрал, үхлийг чимээгүйхэн ажиглана. ‪#‎MushishiS2_22‬

2014/11/16

Үхлийн өмнөх мэдрэмж

Үхэл. Энэ бол цэг. Би христийн шашны "Мөнхийн амьдрал", буддын шашны "Хойд төрөл" гэдэгт итгэдэг хүн биш. Хүн үхсэн бол үхсэн. Эцсийн цэг. Мэдээж хадгалагдах хуулиар нэгэн цул явсан бие минь оргүй алга болохгүй. Нэг төлвөөс нөгөө төлөв рүү шилжинэ. Сүнс рүү биш шүү! Тийм мухар сүсэгтэй хүн би биш. Газар дор булуулсан бол мах, шөл, яс бүгд эсийн ширхэг бүрээрээ үхэх нь үхэж бичил биетнүүдийн хоол болох нь болно. Биеийн минь нэгэн хэсэг ертөнцийн нэгэн бактертай хамт байна гэж төсөөлөхөд би үхсэн гэж үү? Нэгэн цагт миний төлөө өөрийнхөө амийг ч хорлож чаддаг эсүүд минь миний эзгүйд наддаа харъяалагдсаар байх уу?

Төрсөн бүхэн үхдэг. "Маргааш өглөө чи сэрэхгүй ч байж магад" гэж буддын шашинд сургадаг биш үү? Энэ амьдрал гэж нэрлэсэн амьдын чөлөөг ямар зорилготой олдог юм бол? Үй түмэн асуултын голд хариултыг эрэхгүй цагийг үрээд үхэл дөхсөн ч ойлгохгүй мунхаглан суух тэнэгийн оргил юм  даа, би.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Одоо ч гэсэн тэр хэдэн хормын мэдрэмж тодоос тод мэдрэгдэх болов уу? гэсэн хэсэг хэсгээрээ үл олдохын нүх рүү цувсаар, өнөө өглөө урьдын адил босож, урьдын адил цайгаа ууж, урьдын адил анимегаа үзлээ. Үхэл хүнийг ухаан оруулдаг гэдэг худлаа юм байна.

Би ногоон гэрлээр зам хөндлөн гардаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр тэр хорьхон хоромд миний өмч мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Ногоон гэрэл, эрээн зам дээгүүр машин явах миний өмчид халдаж байгаа мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Энэ бодол толгойд минь шимигч адил шигдэж толгойн эд эсүүдийг минь идэн улам томорсоор байдаг.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Ногоон гэрэл, эрээм зам миний өмч байлаа. Миний өмч дээгүүр автобус явах гэлээ. Өмчөө хамгаалахаар хамаг эрчээрээ урдуур нь гарах гэж гүйлээ. Тэрхэн толгойгоо эргүүлэн автобусыг харах агшинд автобус бараг дэргэд минь ирсэн байхыг харлаа. Ард явж байсан эмэгтэй "Яана аа!" гэхийг сонслоо. Тархи ажиллаж байна: Автобусанд мөргүүлэх мэдрэмжийг санууллаа. Би үхнэ гэдгээ мэдлээ. Би үхэлтэйгээ эвлэрчээ. "Би ингээд үхлээ" гэсэн бодол орж ирлээ. Харамсах мэдрэмжгүй, зовох мэдрэмжгүй, зүгээр л "би ингээд үхлээ". Жинхэнэ зовлонгүй үхэл энэ байх байсан биз. Үхлийн өмнө хүмүүст туулсан бүх амьдрал нь бодогддог юм гэнэ лээ. Би харин юу ч бодолгүй үхэлтэйгээ эвлэрсэн байх юм.

Энэ амьдралд юу ч хийж бүтээгээгүй учир ийм байна уу? Юунд ч санаа зовохгүй тэнэгийн дотор уужуу гэдэг нь биз. Автобус тоормозоо авлаа. Би урдуур нь гүйж амжлаа. Хойшоо нэг ч харалгүй зөвхөн урагшаа, зөвхөн урагшаа! явсаар л байлаа.

2014/10/01

PHP-д "PHP Fatal error: require(): unable to obtain pthread trylock in" алдаа гарвал

APC кешийн алдаанаас болж ийм алдаа гарах магадлалтай байдаг юм байна. Үүнийг засахдаа:

2014/09/06

Flash Player пядан хар болчихлоо! (Windows)

Флаш тоглуулагч маань юу ч гарахгүй болчихлоо. Засах аргыг нь нэлээд хайж байж оллоо.

2014/08/27

"Yahoo"-д юу тохиолдов оо?

2010 оны 8-р сар 

1998 онд "Yahoo" манай компанийг худалдан авснаар би тэнд ажилладаг болсон юм. Тэгэхэд би яг дэлхийн төвд зогсож байгаа юм шиг санагдаж билээ. Энэ компани их хэргийг бүтээх байсан юм. Өнөөгийн "Google"-ийн бүтээсэн шиг.


Юу нь буруу болов? Тэр буруу зүйлс нь "Yahoo"-д олон жилийн өмнөөс, бараг л компани анх байгуулагдсан үеэс эхлэлтэй. 1998 онд намайг "Yahoo"-д анх ажилд ороход тэр бүгд аль хэдийнээ илэрхий болсон байсан юм. "Google"-ийн гаргаагүй "Yahoo"-гийн хоёр алдаа байдаг юм. Тэр хоёр нь:

2014/08/09

Univision TV Injector (Шинэчилсэн: 2014-08-17)

Өмнө нь бичиж байсан Univision TV-д үнэгүй сувгууд үзэх, хөтөлбөр буцааж үздэг скриптээ userscripts.org руу хуулсан байсан ч даан ч ажиллахаа больжээ. Хамгийн харамсалтай нь би эх кодоо хуулсныхаа дараа устгачихсан юм. Ингээд олон хүний хүсэлтээр дахин бичлээ. Скрипт суулгах заавар өмнөх нийтлэлүүдтэй адил болно.

Скриптийг эндээс татаж авч болно.

Тэгсэн чинь загвараа сольчихдог байна аа, хө. Их дажгүй болгочихсон байна шүү. Таалагдлаа.

Шинэчилсэн скриптийг...

2014/07/20

Terminator-ыг эхний (default) терминал болгох (Ubuntu)


"Terminator" гэдэг нь нэг цонхонд олон терминал нээж болдог терминал юм. Энэ нөхрийг хэрэглэхээс өмнө табууд юм уу цонхууд үүсгээд л нөгөө хэддээ төөрөөд л байдаг байсан. Юутай ч энэ нөхрийг суулгахдаа:

2014/07/14

Ж, Ч, Ш гурвын ард дандаа И бичдэг хүмүүст

Кирилл монгол бичгийн дүрэм


Дүрэм 27


Ж, ч, ш-ийн дараах эгшиг:

  • Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

2014/07/02

Өсөж үү? Өсч үү?

Фэйсбүүкийн "Зугаатай хэл шинжлэл" гэдэг групт дээрх асуултыг тавьсан байна; "Өсөж үү? Өсч үү?". Тэгээд 1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг http://mn.wikipedia.org/wiki/Кирилл_монгол_бичгийн_дүрэм хаягаас харлаа. Хэчнээн вики ч алдаагүй оруулсан шиг байдаг юм. Энд нийт 64 дүрэм байна. Тэгэхээр зөв дүрмээ хайж олох шаардлага гарлаа. Ингээд хайсаар хамгийн түрүүнд олдсон дүрэм бол "Балархай эгшгийн дүрэм" бүлгийн "Дүрэм 18"-д:

Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.Гажилт: Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

Дээр дүрмийн үндсэн хэсгээр нь:

өс+ж=өсөж болж байна.

Гэтэл гажилтыг нь авч үзвэл:

өс+ч=өсч гэж бичиж мөн болж байгаа юм.

Дүрэм 18-ын хувьд өсөж, өсч хоёр хоёулаа зөв болж таарлаа. Тэгтэл нэг үгийг олон янзаар бичнэ гэдэг байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ хоёрын аль нэг нь л яг зөв нь байх ёстой. Тэгвэл эндээс мөрдөж гарах нь өс гэдэг үгэнд -ж залгадаг уу? -ч залгадаг уу? гэдэг асуулт юм. Дахиад дүрмээсээ хайя.

Дүрэм 40:

Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:
  • Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.
  • Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
  • Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий:
Ингэхээр "өс" буюу заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд -ж залгадаг болж "өсөж" гэж бичих нь зөв боллоо. "Усч" гэдэг үгтэй адилтгаж "өсч" гэж бичнэ гэж зарим хүмүүс хэлж байсан. "Усч" гэдэгт залгасан -ч нь нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн -ж, -ч нөхцөл биш учраас "Дүрэм 40" биелэхгүй юм.

10 жил Монгол хэл гэдэг хичээл заалгуулчхаад одоо л дүрмээ харж байдаг, би гэдэг хүн бас ичмээрээ. Хөөрхий!

2014/06/08

Веб хөтчийн Нэгдүгээр дайн

Эрт урьдын цагт биш юм гэнэ лээ.
Элизабет хатны үед юм гэнэ лээ.
Алс холын Англи нутагт юм гэнэ лээ.
Алдартай нэгэн хүү амьдардаг юм гэнэ лээ.
Тэр хүүгийн нэрийг дуудахдаа
Тим Бөрнерс Лий гэдэг юм гэнэ лээ.
Түмэн олонд тустай технологийг бүтээсэн юм гэнэ лээ.
Тэрхүү технологийг нь гурван Үэ (WWW) гэдэг юм гэнэ лээ.

2014/05/30

Ванчинбалын Инжаннашийн "Хөх Судар"-аас


"Манай газрын хянамгайгүй ард өөрөө өөрийн монгол үг ба үсгээ туйлд хүртэл хичээн хянахгүй бөгөөд нэгэн хоёр иргэн үсэг таниваас даруй монгол үсгээ басамжлан монгол үсгээр иргэний (хятад үг, үсгийн) санааг бүртгэн гаргаж хэрхэн чадмуй хэмээн амны аяар чалчмуй. Тэр маш ихэд ташаарсан хэрэг болой! ... Тийнхүү өөрөө эс хичээгээд, далд нууц бүгдэм товчоот үсгүүдийг нэвтэрсэнгүй бөгөөд монгол үгс ямар гүн, хол, хүнд тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн хэмээн үзсэнээс юун өөр буй!"

2014/05/29

Компьютерын цагаан солиотнуудын өшөө авалт /Паул Грахам/

Паул Грахамын "Компьютерын цагаан солиотнуудын өшөө авалт" гэдэг эссэг уншаад таалагдав. Эхний хэсгээс нь орчуулан ядлаа.

Компьютерын Цагаан Солиотнуудын Өшөө Авалт


2002 оны 5-р сар


"Бид олон C++ хэлний програмистуудтай очиж уулзсан. Ихэнхийг нь Лисп хэл рүү оруулж чадсан."

- Жава хэл зохиолцсон Гаая Стийл.

Програм хангамжийн бизнест шовх толгойтой эрдэмтэд болон үүнтэй энэ зэрэгцэхүйц аугаа хүчит шовх үстэй дарга нарын хоорондох дуусашгүй нэгэн тэмцэл байдаг. Хүн бүр л шовх үстэй дарга гэж ямар хүн байдгийг мэднэ биз дээ? Технологийн ертөнцийн ихэнх хүмүүс үүнийг хүүхэлдэйн дүрээс нь гадна компанид нь яг адилхан хүнийг олоод харчихсан байдаг гэж би хувьдаа боддог.

Шовх үстэй дарга нарт хосгүй гайхамшигтай хоёр чанар байдаг. Гэхдээ хоёулаа байх нь ховор л доо. Тэдгээр нь: (а) технологийн тухай юу ч мэдэхгүй байх, (б) технологийн тухай туйлширсан бодолтой байх.


2014/05/09

xyyp.mn-ээс дуу татагч буюу XyypDownloader бүтсэн түүх


"Миний амьдрал" гэдэг блог нээчхээд сүүлийн үед ихэвчлэн мэргэжлийн холбогдолтой нийтлэл оруулчхаж. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг дэлхийн татах хүч рүү орж жаахан түүх оруулъя.

2014/05/02

XyypDownloader (Засвар) /Зассан/

baasanjav bold -ын хүсэлтээр шалгаж үзлээ. Програм нь хэвийн ажиллаж байна. Харин stream file-ыг нь гаргадаг Userscript нь болохгүй болсон байна. Засаад хуулчихсан байгаа тул TamperMonkey юм уу GreaseMonkey-доо script-ээ шинэчлэхэд хэвийн ажиллана.

Userscript-ээ шинэчлэхдээ:


Firefox (GreaseMonkey)

GreaseyMonkey -> Manage User Scripts

"Хуурын Зүрх Сугалагч 0.1" гэдэг хуучин скрипт дээрээ хулганаа аваачаад баруун товчоо дараад "Find Updates" гэдгийг нь дарахад шинэчлэгдсэн хувилбар нь болох 0.2 нь суулгагдах болно.


2014/04/27

Kubuntu-ийн Muon Discover-ийн хайлт нь буруу ажиллаад байвал


 Күбүнтү 14.04 сонирхдог юм билүү гэж бодоод суулгаж үзлээ. Тэгээд л програм энэ тэр суулгах гэсэн болдоггүй шүү. Muon Discover-т нь суусан програмууд нь харагдаад бусад нь харагддаггүй. Хэсэг оролдож байснаа ерөөсөө update хийж үзье гэж бодоод Muon Update Manager-ийг нээсэн үр дүн алга. Нэг л биш ажлаад байгаа юм шиг санагдаад байхаар нь ганц мэддэг командаа бичихээр шийдлээ. 


2014/04/12

ddish-д үнэгүй хятад сувгууд нэмэх


ddish-д хиймэл дагуулаас үнэгүй цацдаг Хятад сувгуудын тохиргоог оруулахдаа:

2014/02/20

Хязгаар

Хязгааргүйн доторх хязгаарт
Хязгааргүй сэтгэх амьдрал
Хязгаарын гаднах "Харь"-ийг
Хязгаар доторх нь зовооно
"Харь"-ийн сэтгэсэн хязгааргүйг
"Харь"-ийн гаднах басна
Хязгааргүй үргэлжлэх хязгаарт
Хорвоо ертөнц цөмөөрөө багтсан мэт
Хязгааргүй гэж бодсон ч
Хязгааргүйн хязгаарыг зогсолтгүй хайсаар
Хязгааргүйн хязгаарыг олж мэдээд
Хязгаарлагдсан сэтгэлдээ бачуурна
Хязгаараас гарахыг эрмэлзэн
Хязгааргүй эрх чөлөө мэдрэхийг хүснэ
Хүслийн хязгаарыг дийлэн ялж
Хязгаарын хөвөөнд дайлан хүрнэ
Хязгаарын үүдээр тэмүүлэн гарахад
Хязгааргүйн уудамд "огт-оргүй" болно.

2014/02/16

Даарт (Dart) хэлээр дүрс хөдөлгөж үзэв

 Даарт хэл сонирхолтой юм. Жаваскриптыг бодвол код нь арай ойлгомжтой санагдсан. Бараг л Си шиг. Веб хөтчүүд Даарт хэлийг дэмжиж эхлээгүй болохоор одоохондоо жаваскрипт рүү хөрвүүлж ашигладаг юм байна.


2014/01/26

XyypDownloader (Шинэ хувилбар) + VBScript


За, оролдож байгаад нэг юм болголоо шүү, хө. Ер нь байна аа, энэ програмыг би зөвхөн сонирхлоорой хийж байгаа. Тэрнээс биш унтах цагаа хумслан байж хэн нэгний хүслийг биелүүлэхийн төлөө биш юм гэдгийг ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

2014/01/02

3 жилийн өмнө Шинэ Делигээс Бангалор явахад хийсэн дүрс бичлэг

Шинэ Делигийн Төвөд хорооллын нэгэн буудлын үүдэнд толгой хоргодож байх даа.

Галт тэрэгний буудалдаа ирээд



Энэтхэг халуун гээд хөөрөөд байсан өвөл нь хасах руугаа ороод баллаж хаядаг юм байна. Аманд ч үгүй, хамарт ч үгүй энэтхэг халуун цай уув.