2011/06/02

Адал явдлаар дүүрэн миний аялал - Аниргүй Хөндий




Жодпур хотоос Удайпур хот хүртэлх зам нийтдээ гурван зуун гаруй километр урт. Өглөө эрт энэ урт замдаа гарлаа. Автобус цонхны цаана жирэлзэх хад асга, бүдүүн ширхэгтэй хүрэн элстэй газар нэгэн хэвийн мэт уйтгартай үргэлжилнэ.

Автобусны дугуй эргэлдсээр л, аян зам минь үргэлжилсээр л. Нэг мэдэхнээ өнөөх хүрэн элс ногоон модот уулсаар солигдоно. Замын хажууд бичнүүд моншоо тэврээд хажуугаар өнгөрөх биднийг харцгаана. Өндөр өндөр уулс, тэв тэгшхэн тариан талбай, ногоо тарих бүсгүйчүүд, дэргэд нь тоглох хүүхдүүд, ягаан шар цэцэгс, олон өнгөний уран зохицол. Энэ сайхан үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй сэтгэлийг минь булаана.

Зөөлөн салхи, шиврээ бороо, байгалиас өөр юу ч үгүй мэт анир чимээгүй, ертөнцийн амар амгалан. Үе үехэн шувуудын жиргээ ойд цуурайтаж хүрэлзгэний гаргах дуу чихэнд хүрэхэд бүгдийг орхиод энэ газар хамаг ертөнцөөс тасраад түр ч гэсэн баймаар санагдуулна. Энэ бол Аниргүй Хөндий – Silent Valley. 

Уулын энгэрээр зассан нарийн замаар явах автобусаар Удайпур явж байхдаа цонхны цаанаас үзэгдэх нэгэн ертөнц ийн сэтгэлд минь бууж билээ.

No comments:

Post a Comment