“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно” гэж Стив Жобс нэгэн их сургуулийн оюутнуудтай уулзалт хийх үеэрээ хэлжээ.
Apple компанийг 1976 онд байгуулж, орчин үеийн хамгийн хүндтэй брэнд болгож чадсан Стив Жобс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд хэдхэн хонож байна. Дэлхий даяараа суут хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж буй энэ өдөр хоногуудад түүний оюутнуудад ярьж өгсөн гурван түүхийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн оюутнуудтай уулзалт хийхдээ эдгээр түүхийг хүүрнэсэн юм.
“Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгд суралцаж буй та бүхэнтэй уулзаж ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Би их сургууль төгсөөгүй хүн. Та нарт өөрийнхөө амьдралын гурван түүхийг ярьж өгье. Энд гайхалтай гээд байх зүйл үгүй. Жирийн л гурван түүх.
Эхний түүх бол зангилааны гол цэгийн тухай. Би Reed College-ийг зургаан сар сурсныхаа дараа хаясан юм. Түүнээс хойш 18 сарын турш хичээлдээ яваагүй ч гэсэн суралцдаг нэртэй байгаад эцэстээ бүр хоёр тийш болсон. Яагаад би сургуулиа хаяхад хүрэв? Энэ бүхэн намайг хорвоод мэндлэхээс ч өмнө эхэлсэн юм. Миний төрсөн эх ганц бие, оюутан бүсгүй байж. Тэр намайг зөвхөн их сургууль төгссөн гэр бүлд л үрчлүүлнэ гэж боджээ. Ингээд нэгэн хуульч мэргэжилттэй айлд үрлчүүлэхээр бүр хэвлийд байхад минь тохирсон гэдэг. Гэтэл охин гэж бодож байтал хүү төрчихөж. “Уучлаарай, охин гэж найдаж байтал хүү төрчихлөө. Та бүхэн үрчилж авах хэвэрээ юу?” гэж ээж асууж. Тэд ч “Хэвээрээ байлгүй яахав” гэжээ. Гэтэл яг үрчлүүлэх дээрээ тултал тэдний хэн нь ч их сургууль төгсөөгүй гэдгийг ээж мэдсэн байгаа юм. Ингээд үрлчлүүлэхгүй гэж зүтгэтэл үрчилж авсан аав маань “Хүүг заавал их сургуульд суралцуулна” гэж амлаж л дээ. Ингээд үнэхээр 17 жилийн дараа би их сургуулийн хаалга татсан нь тэр. Үрчилж авсан эцэг эх минь насаараа шахуу их сургуулийн зардлыг минь цуглуулж, яг л танай Стэнфорд шиг өндөр төлбөртэй сургуульд оруулсан юм. Гэтэл зургаан сар хичээлд яваад л цаашид сурах утгагүй санагдаад эхэлсэн. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л аваад явмаар байлаа. Үүнд минь энэ их сургууль ямар ч хэрэггүй гэж бодох болсон. Ингээд л эцэг эхийнхээ насаараа цуглуулсан мөнгийг үрэн таран хийгээд, сургуулиас гарчихлаа. Эхэндээ би их айж байсан. Одоо харин энэ л миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсанд эргэлздэггүй. Дотуур байранд надад өрөө ч гэж байгаагүй. Тиймээс найзуудынхаа өрөөгөөр хэсэх боллоо. Коланы шилийг арилжиж, өдөртөө идэж уух юмны мөнгө олно. Гэхдээ л Reed College-д цөөн ч гэсэн хичээлд суусан нь надад хожмоо их тус болсон. Тэр сургуульд бүх хичээлгийн гоёмсгоор бичиж заадаг байж. Энгийн нэгэн хичээлийн ном хүртэл жигтэйхэн сайхан бичигтэй. Энэ нь намайг үсгийн хоорондахь гоо зүй, өнгө үзэмжийг сайтар ялгаж, мэдрэхэд тус дэмж болсон. Хожим Макинтошийг бүтээхэд энэ л мэдрэмж, дүрслэл надад хэрэг болж, компьютерийг энгийн уйтгартай шрифтээс ангижруулахад гол нөлөө үзүүлсэн юм.
Миний хоёр дахь түүх бол алдаа оноо, хайр сэтгэлийн тухай. Амьдралд дурлах зүйлээ эртхэн олсноороо би их азтай хүн. Woz бид хоёр 20 настайдаа анх эцэг эхийн минь машины гараажинд компаниа байгуулж байлаа. Арван жилийн дараа энэ компани хоёр тэрбум ам.долларын сантай, дөрвөн мянган ажилтантай болсон байв. Бид макинтошийг дөнгөж бүтээж, би дөнгөж 30 нас хүрчихээд байлаа. Гэтэл намайг халчихсан. Өөрийн чинь үүсгэн байгуулсан компаниас чамайг халахад ямар байх вэ? Бид Apple-д жил тутамт авьяаслаг, чадвартай залуусыг ажилд авч байсан. Тэд жил ирэх тусам өсч, компанид эзлэх байр суурь нь өссөн. Ингээд нэг өдөр би тэдэнтэй санал зөрөлдөхөд компаний Удирдах зөвлөл тэднийг дэмжиж, намайг халсан юм. 30 насандаа ингээд халагдчихлаа. Зүтгэж, тэмүүлж байсан бүхэн сүйрсэн юм шиг. Би хэдэн сарын турш юу хийхээ ч мэдэхгүй байж билээ. Гэлээ ч хэсэг хугацааны дараа би дахин нэг компани байгуулж, NeXT гэж нэрлэсэн. Мөн төдий удалгүй Pixar-ийг байгуулж, тэнд гайхалтай бүсгүйтэй танилцаж, эхнэрээ болгосон. Pixar анх удаагаа компьютероор хүүхэлдэйн кино бүтээсэн. Одоо хүртэл Toy Story студи өөрийнхөө салбарт хамгийн шилдэг нь гэгдсээр байна. Амьдралын содон тохиолдлоор NeXT-ийг Apple худалдан авсан юм. NeXT-ийн бүтээсэн бүхэн Apple-ийн шинэ сэргэн мандалтын үндэс болсон. Хэрвээ тэр үед намайг ажлаас халаагүй бол энэ бүхэн болохгүй байсан. Хэдийгээр гашуун эм өгсөн ч гэсэн өвчтөндөө эргэж хөл дээрээ босоход нь том тус болсны жишээ энэ. Тийм учраас амьдрал заримдаа таныг бороохойгоор нүдэвч бүү бууж өгөөрэй. Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг л эргэлзэлгүй хий. Та өөрийнхөө дурлах тэр зүйлийг л ол. Тэгээд бүгдэд үнэнч, хариуцлагатай хандаж, дуртай ажлаа хийгээд л бай. Агуу зүйл хийж мэт санагдах тийм л дуртай ажлаа барьж ав. Хэрвээ та дуртай зүйлээ олоогүй бол хай, бүү дэмий зогс. Та түүнийгээ олвол өөрөө сэтгэл зүрхээрээ мэдрэх болно
Миний ярих гуравдах түүх бол үхлийн тухай бодол маань юм. 17 настайдаа би “Өнөөдөр чиний амьдралын сүүлийн өдөр мэт амьдар. Тэгвэл та зөв амьдарна” гэсэн үгийг уншиж билээ. Энэ үг надад их сэтгэгдэл үлдээсэн. Ингээд би өөрөөсөө “Өнөөдөр миний сүүлчийн өдөр юм бол би энийг хийх байсан уу?” гэж асуух болгонд “Үгүй” гэсэн хариулт орж ирээд байлаа. Мөдхөн би үхнэ гэсэн бодол бол асуудлыг хурдан, зөв шийдэх хамгийн сайн арга. Эрсдэлээс эмээх, нэр алдар хөөцөлдөх зэрэг зүйлс бол цаг зуурын л зүйл. Харин үхэл бол зайлшгүй учрах цэг. Хэдэн жилийн өмнө надад хорт хавдартай гэсэн онош тавиад, хэдхэн сарын дараа нас барна гэж эмч нар хэлсэн. Эмч гэрт маань ирж, бүх зүйл ном ёсоор байгаа эсэхийг шалгасан. Энэ нь үхэлдээ эртхэн бэлд гэсэн дохио байв. Би хорт хавдартай гэсэн оноштойгоо бүтэн өдөр л шаналлаа. Гэтэл эмч миний хоолойгоор төхөөрөмж хийж оношлохдоо хорт хавдрыг эмчилж болохоор төрлийнх нь гэдгийг олж мэдсэн. Миний эхнэр, хүүхдүүд хичнээн их баярласан гээч. Тэгээд удалгүй хагалгаа хийж, миний бие одоо зүв зүгээр. Тэгэхэд дөхөж ирсэн үхэл одоо түр ч гэсэн холдсон байх гэж найдаж байна. Үхэлтэй нүүр тулж үзсний хувьд би“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд зорчихыг хүсч буй хүмүүс ч үхлээс айдаг. Гэхдээ үхэл бидний эцсийн цэг. Одоогоор хэн ч түүнээс зугтааж чадахгүй. Тийм ч байх ёстой. Үхэл бол энэ ертөнцийн хамгийн агуу бүтээл. Үхэл бол амьдралын амт. Өтөл хөгшдийг авч одон, залуу хойч үейд зайг нь гаргаж өгдөг шударга хууль. Өнөөдөр та нар хойч үе, харин ирээдүйд өнгөрсөн үе болно. Шулуухан ингэж хэлж буйг минь өршөөгөөрэй. Гэхдээ энэ бол нүцгэн үнэн. Тэгэхээр өөрт оногдсон амьлралын бяцхан хугацаагаа бусдын, хэрэггүй зүйлийн төлөө бүү зар. Бусдын бодол санаагаар битгий яв. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө л амьдар. Би залуудаа “Бүх дэлхийн толь” хэмээх номыг уншиж байсан юм. Номыг зохиогч нь Стюарт Брэнд хэмээх залуу байж билээ. Энэ номд олон санааг цухуйлгасан байдагсан. Харин хамгийн арын хуудастаа “Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар” гэж бичсэн байдаг юм. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Би энэ үгийг өөртөө дахин дахин хэлж ирсэн. Одоо та бүхэн их сургуулиа мөдхөн төгсөнө. Та бүхэнд ч үүнийг хүсье. Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа” гэж Стив Жобс хэлжээ.
Unshina gej bsan nomoo unshchixlaa bayarlalaa. Buteneeree unshiagui ch gol 3n zangilaa n ...
ReplyDelete