2011/11/17

АНГЛИ ХЭЛЭНД ИТГЭЖ ЗОРИУЛАВ

…Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл…
/Б.Ренчин/

Загас, сармагчин хоёртой хэлээ ололцохгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан
Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө.
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.
Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 үе нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж
зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа.
Монголын ТВ солоносоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ.
Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил
наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 мянган жилийн өмнө худалдаж байлаа.
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ .
61 ПостПанк

Б.Галсансүх

No comments:

Post a Comment