Хүн яагаад зүүдэлдэг юм бол? Мэдэхгүй ч гэсэн бас зүүдгүй байсан бол амьдрал уйтгартай ч юм шиг. За, тэгээд хоёр хоногийн өмнө зүүдэлсэн зүүдээ ярья.
Ногоон зүлэг, саарал манан, дүнсгэр ой, чулуун гүүр. Бид олуулаа явж байна. Би цэргийн дүрэмт хувцас өмсчихсөн, жадтай буу мөрлөөд надтай адил тэдгээр хүмүүстэй хөл нийлүүлэн алхаж явна. Миний өмссөн тэр цэргийн хувцас бол Монголынх л лав биш. Лав л Америкийн иргэний дайны үеийн цэргүүдийн хувцас шиг санагдсан. Бид бүгд л дайнд явж байлаа. Бид алхах тусам гүүр ойртсоор л байлаа. Ойртсоор л байлаа. Дөнгөж гүүрний дэргэд иртэл урдаас бөөн хар өнгөтэй, мөн загвар нь бидэнтэй адил цэргийн хувцастай бөөн цэргүүд гүүрний нөгөө талаас уухайлан дайрч байна. Бид ч бүгд гэнэт сандарч ухрах гэтэл хажуу талаас бас цэргүүд ороод ирлээ.
Бид бүгд бут цохиулж байсан юм. Би шууд л буугаа бэлдээд ойрх модоор халхавч хийн дайсны нэг цэргийг ониллоо. Буудлаа. Сандарсных уу? Аль эсвэл юунаас ч болсон юм алдлаа. Тэр дайсан намайг мэдчихлээ. Би шууд л буугаа сумлаад л дахиад ониллоо. Хоёр дахиа буудсан бас л оносонгүй. Би хэрэг биш болсныг мэдээд шууд л зугтаалаа! Би амьдралдаа тийм хурдан гүйж үзэж байгаагүй байх. Дайснууд хормын зуур л ард хоцорч, уудам ногоон талд би ганцаар хурдлан гүйнэ. Миний толгойд ганц бодол байлаа. Би морьтой болоод буцвал бид ялах болно гэсэн.
Тэгсэн нэгэн айл таарлаа. Найман шарга морьтой, түүнийг нь тэр айлын хүү хардаг байсан юм. Би хүүгээс морио өгөхийг гуйлаа. Хүү надаас зөндөө их юм асуусан. Би чухам юу асуугаад байсныг нь санадаггүй. Би асуусан болгонд нь хариулаад л байлаа. Тэгсэн гэнэт араас нэхэж байсан цэргүүд хүрээд ирлээ. Би шууд л өнөөх найман шаргыг аваад дайн болж байсан гүүр рүү хамаг хүчээрээ давхилаа. Энэ найман шарга дайнаас биднийг аврах морьд, би дотроо ядаж хэдэн цэргээ ч болов энэ мориор аврах юмсан гэсэн бодол байсан юм. Тэгээд гүүрэн дээр очоод би сэрсэн юм.
jijig detail-uudiig yasan ch sain sanadiin hhe
ReplyDeleteТийм зүйлс хавчуулахгүй бол дайснууд дайраад, би зугтаагаад, морьтой болоод буцаж дайнд очсон гээд л зүүд дуусчих нь ш дээ.
Delete