Би харь гарагийнх
Би харь гарагийнх
Манай гарагт хэн ч үгүй!
Миний гэсэн ганц тодотголтой.
Манай гарагт юу ч үгүй!
Минийх байсан гэсэн өнгөрсөн цагтай.
Би харь гарагийнх
Манай гарагт сэтгэл үгүй!
Миний гэсэн юу ч байдаггүй.
Манай гарагт хайр үгүй!
Миний гэсэн зай оршдоггүй.
Би харь гарагийнх
Манай гараг хаана ч үгүй!
Миний оршихуй үл олддог.
Манай гараг хөл ч үгүй!
Миний алхаанд өнхөрдөг.
Би харь гарагийнх
Манай гарагт дуу ч үгүй!
Миний хоолойгоор солонгордог.
Манай гарагт яриа ч үгүй!
Миний шивнээд цочдог.
Би харь гарагийнх
Манай гарагт хэн ч ирдэггүй!
Миний ганцаардал ноёлдог.
Манай гарагт сар ч үгүй!
Миний галзуурлаас үргэдэг.
Би харь гарагийнх
Танай гарагийг би зорьсон
Таны оршихуйд атаархсан
Танай гарагт би очсон
Таны бүхнийг ойлгоогүй!
Би харь гарагийнх
Энэ гарагийнх биш
Эгэл ертөнцийн биш
Эс эдийн биш
Би харь гарагийнх
Би харь гарагийнх
Манай гарагт ухаан байдаггүй!
Миний бодлууд хөвж байдаг.
Манай гарагт энэрэл байдаггүй!
Миний өршөөл салан одсон.
Би харь гарагийнх
Замбараагүй олон бодолд
Замгүй төөрсөн харь хүн
Зав үгүй бачим харь гарагт
Зандан ганцаар гансарна.
Би харь гарагийнх
Танай гараг надаас хол
Танайд ганц удаа очсон
Таних зүйл нэг ч үгүй.
Миний хэлсэн үг
Харийн дөрвөлжин авиатай
Миний явдаг алхаа
Харийн хурдан үсэргээтэй
Миний харсан бүхэн
Харийн гурвалжин тэмдэгтэй
Миний бичсэн бүхэн
Харийн нууцлалаар шивээстэй
Миний өөрийн оршихуй
Харийн гэсэн тодотголтой!
2012 оны 11-р сар
No comments:
Post a Comment