2013/02/24

Зүүд

Энэтхэгийн өтгөн ой шугуйн мандалд цагаан гантиг орой цухуйх нь нэгэн алдартай зочид буудал билээ. Шугуй дотор чулуун нарийн зам тавьсан агаад хажуугаар нь төө хэрийн сахалтай нүцгэн жагарууд мод түшин сууцгаана, зарим нь хэвтэцгээнэ.
Хүн багтахын аргагүй шигүү ой шугуй дундуур явсаар өнөөх зочид буудлын үүдэнд ирлээ. Өөдөөс нэгэн эмэгтэй тослоо. Тэгээд бидэнд өрөөг маань зааж өглөө. Шатаар дээшээ алхаж байхад эргэн тойрон уран тансаг байлаа. Ингээд хоёр давхрын баруун жигүүрийн нэгдүгээр өрөөнд орлоо.

Би өрөөнөөсөө гарч өнөөх эмэгтэй уруу очтол над манай өрөөний эрдэнийн шүүгээний түлхүүрийг өглөө. Би өрөө уруугаа очиж өнөө эрдэнийн шүүгээг онгойлголоо. Олон эрдэнийн аяга байсан ч тэндээс нэгэн алтан дугараг пайзыг хамтрагч маань аваад бидний зорилго биелсэн мэт тэндээс зугтаахаар завдлаа.


Хоёр давхраас аажуухан алхсаар доод давхарт хүн байгаа эсэхийг харлаа. Нам гүн. Ингээд бөхийсөөр зөөлөн алхсаар. Шатны дэргэд зочны сандал ширээ байх агаад би тэнд нүдний шилээ гэртэй нь тавьчих юм. Ингээд доор хэн ч байхгүй байсан тул хамаг хурдаараа үүд уруу гүйлээ. Өнөөх эмэгтэй биднийг хараад цагдаад мэдэгдлээ. Бид хоёр өндөр модны навчин дээгүүр үсэрсээр мод дамжин дүүлнэ. Ингээд нэг газар буулаа. Хот байна. Хаа сайгүй цагдаа нар. Тэгсэн цаанаас манай сургуулийн багш Ашват гараад ирлээ. Тэгснээ цагдаа нарт бидэн уруу заагаад юм хэлээд байна. Бид дотроо "За, ингээд өнгөрлөө дөө" гэж бодож байтал цагдаа нар өөр тийшээ явчихлаа. Тэгээд нэг мэдсэн нөгөө алтан пайз алга. Ингээд би ганцаараа тэр пайзаа эргүүлж авахаар буцаад өнөөх буудал уруу очдог. /Сонин шүү!/

Үүдэнд хэн ч алга. Би зөөлөн зөөлөн хурдан алхсаар үүдний өрөөг өнгөрч шатаар өгсөөд орхисон нүдний шилээ аваад өрөө уруугаа яаран орлоо. Тэгсэн өөр хүн орчихсон байна. Нэг нүв нүцгэн бүсгүй орон дээр бясалгал хийгээд сууж байна. Би шууд л газарт хэвтлээ. Намайг мэдээгүй бололтой. Би чимээгүйхэн өрөөнөөс, мөн буудлаас ч гарлаа. Яагаад ч юм цонхноос нь авч болно гэсэн бодол төрсөн хэрэг. Ингээд өрөөнийхөө цонхонд очлоо. Өнөөх шүүгээ хол байдаг. Би тэнэг юм шиг цонхны завсраар гараа сунгана. Хүрнэ гэж гонж. Тэгсэн гэнэт нэг дээр үеийн эргүүлдэг хар утас дуугарлаа. Би улам бүр яарна. Утас дуугарсаар… Би гараа улам сунгана. Гэвч хүрэхгүй байсаар. Утас дуугарсаар… Одоо яах вэ? Одоо яах вэ? Утас дуугарсаар…

Сэрлээ. Гар утасны сэрүүлэг дуугарч байна.

No comments:

Post a Comment