2011/12/26

Хоёр нь

Саруул мунхаг хоёр нь
Онох эндэх хоёр
Самуун хянамгай хоёр нь
Муухай сайхан хоёр

Буян хилэнц хоёр нь
Тус хор хоёр
Цагаан хар хоёр нь
Авах гээх хоёр

Сансар нирваан хоёр нь
Сайн муу хоёр
Төр шажин хоёр нь
Энэ хойт хоёр

Тэнгэр газар хоёр нь
Өндөр богино хоёр
Өвөр бусад хоёр нь
Дотно гадна хоёр

Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр
Нар сар хоёр нь
Гал ус хоёр

Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Бий үгүй хоёр нь
Хямд хэцүү хоёр

Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр
Бурхан чөтгөр хоёр нь
Дээд доод хоёр

Жаргал зовлон хоёр нь
Хүсэл хясал хоёр
Бие сэтгэл хоёр нь
Биетэй биегүй хоёр

Урьд хожид хоёр нь
Ирсэн ирээгүй хоёр
Бат хэврэг хоёр нь
Удаан түргэн хоёр

Дүгрэг гурвалжин хоёр нь
Өөтэй өөгүй хоёр
Хурах хагацах хоёр нь
Үзэгдэх замхрах хоёр

Баяр айх хоёр нь
Ханх атгаг хоёр
Сүжиг сэжиг хоёр нь
Итгэл дэмжиг хоёр

Эрдэм гэм хоёр нь
Мөн биш хоёр
Илбэ зүүд хоёр нь
Хийсэн хийгээгүй хоёр

Үг утга хоёр нь
Дохио хоёр
Хоёргүй огторгуйд
Хос ганц амтаар согтож
Замхрахын ерөөлийг
Миний нөхөд бүтээх болтугай!

\Говийн ноён хутагт Данзанравжаа\

No comments:

Post a Comment