2012/03/18

Монгол эр хүн та хаана байна

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
“Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.

Минж боржигон овогт Батсайханы Баттөгс

No comments:

Post a Comment