2012/10/26

Гавьяатаа таньдаггүй юм уу?

Тэр нэг зун МУГЖ Жаргалсайхан гуайгаар"Гавьяатаа таньдаггүй юм уу?" гэж нэг зэмлүүлж билээ.

2009 оны наадмаар би Төв цэнгэлдэхэд тасалбар таслагчаар ажиллахаар болсон юм. Наадмын эхний өдөр буюу 7-р сарын 11-нд өглөө найм хагаст Цэнгэлдэхэд очоод хуваарилагдсан хаалга, цамц, малгай, үүргээ авлаа. Үүргээс нь цухас дурдъя.
Нэгт, жинхэнэ тасалбарыг таних.
Хоёрт, 11 цагт хаалгаа барих.
Гуравт, тасалбаргүй хүмүүсийг оруулахгүй байх.
Дөрөвт, бөх болон урлагийнханыг оруулахгүй байх /Тэдэнд орох тусдаа хаалга бий/
Тавд, янз бүрийн мандат энэ тэртэй хүмүүсийг оруулахгүй байх... бла бла...

Очих хаалгаа харсан чинь Цэнгэлдэхэд байдаг хоёр том хаалганы нэгэнд нь таарчээ. Хэцүү хаалга. Цэнгэлдэхийн бүх машин, төхөөрөмж, морь, адуу бүгд л энэ хаалгаар орж гардаг. Хэцүү гээд болилтой нь биш, очоод зогслоо. Цагдаа нар аль хэдийнээ ирчихсэн байна. Удалгүй цагдаа нартайгаа сайхан танилцлаа, 9 цаг ч болж хаалгаа ч нээлээ. Бороо орох гээд бүрхэг өдөр байсан санагдана.

Өглөө 9 цаг гээд л хөгшид маань хамгийн түрүүнд хүрээд ирнэ дээ. Тасалбарыг таслах гэхээр
- Ээ, яах нь вэ, миний хүү? Өвөө нь бурхныхаа хажууд тавьдаг байхгүй юу
гээд таслуулж өгөхгүй. Тэгэхээр нь:
- Өвөө, заавал таслах ёстой байдаг юм. Тэгвэл энүүхэн энд нь дарчихъя гээд таслагчаараа дарна. Хэ хэ.

Тэгээд 11 хүртэл хэдэн хөгшид л суудлаа эзэлсэн байна. Яг 11 дөхөөд л хаалгаа хаах гэхээр л бөөн хүмүүс гэнэт ухаан орсон юм шиг л дайрч гарна даа.

Тэгээд л 11 цаг болоод хаалгаа цагдаа нартайгаа барьж эхэллээ. Ядаж байхад манай хаалганд цоож байдаггүй. Цагдаа нар нэг эгнээ болоод хашилт хийнэ. Би хаалгаа барина. Урдаас давшилсан хүмүүсийн довтолгоо. Би ч үүрэгт ажлынхаа төлөө амь биеэ үл хайхран хаалгаа барьсаар байлаа. Нээлт эхэллээ! Хүмүүсийн довтолгоо улам ихэслээ. Тэр дунд нэг хүн миний хажууд нэг хүн хамаг хүчээрээ тэмцэн дайрна. Би оруулахгүй гээд бариад л байлаа. Тэр хүн улам зүтгээд л байлаа. Тэгсэн тэр хүн над руу хараад

"Гавьяатаа таньдаггүй юм уу?" гэдэг байна. Би эргээд харсан чинь "Жаргалсайхан гуай". "Урлагийнхны хаалгаар орохгүй энд юугаа хийдэг байна аа?" гэдэг бодол толгойд зурсхийлээ. Тэгсэн Жаргалсайхан гуай :
- Тоглолт эхэллээ. Хурдан оруулаарай! гэж байна. Би ч хаалгаа нээж өглөө. Уул шугамдаа гавьяат маань хоцорч ирээд шууд манай хаалгаар орж байсан нь энэ байсан юм байна л даа.

За, ингэж нэг Чингис хааны хамтлагийн Жаргалсайхан гуайд "Гавьяатаа таньдаггүй юм уу?" гэж зэмлүүлдэг юм байна. Нэг бодохоор хөгжилтэй ч юм шиг. Сонин л дурсамж юм даа.

1 comment:

  1. Хэхэ, Улаан-Үдэд хийсэн тоглолтонд нэг очиж үзсэн юм даг.

    ReplyDelete