2012/12/21

Мацаг барьсан гурван өдөр


Өмнө нь ер мацаг барьж байсангүй. Дүйцэн өдөр мөдрөөр л хааяа гэрээрээ цагаан хоол иддэг байснаас огт юм идэхгүй байж байгаагүй. Тэгээд хоолоо сойхоор шийдэв. Зорилго нь хоолоо сойход ямар мэдрэмж төрөх, өлсөх мэдрэмжээ даван туулах, биеэ цэвэршүүлэх, 2012-12-21…

Эхний өдөр:

2012-12-17-ны өглөөнөөс мацаг эхлэв. Өлсөх мэдрэмж их төрсөн. Өдөр болоход өлсөх мэдрэмж буурсан. Найзууд маань миний тэвчээрийг шалгаж өдрийн хоолоо их л тамшаалж идэцгээнэ. Гэхдээ би төлөв байлаа. Хоолны үнэр авахад шүлс их ялгарч байсан. Гэхдээ хоол идэх дур багассан байсан. Оройноос эхлээд толгой жаахан өвдөж эхэллээ. Шүдээ угааж байгаа ч амнаас эвгүй үнэр гарна. Ходоодноос болж байгаа бололтой. Дайран дээр давс гэгчээр толгой өвдөж байсан ч шөнийн 3 цаг хүргэчихлээ. Толгой өвдсөн нь одоо бодоход тархи хангалттай тэжээлээ авч чадахгүй болсноос байх.

Хоёр дахь өдөр:



Өглөө өлсөж эхэллээ. Толгой өвдсөн хэвээр. Амнаас эвгүй үнэр бас гарсан хэвээр. Үе үе жаахан гүйлгэнэ. Бие цэвэршиж эхэлж байгаа юм байлгүй дээ. Биеийн өөх зөөлөрсөн мэт санагдана. Шөнөжингөө найзтайгаа яриад унтсангүй.

Гурав дахь өдөр:

Өглөө жаахан гүйлгэв. Амнаас эвгүй үнэр гарах нь зогссон. Ходоод хоосон оргино. Өлсөх мэдрэмж ер байхгүй болсон.

Дөрөв дэх өдөр:

Мацаг тайлалт: Өглөө агшаасан будаа идээд унтав. Орой нь дэлхийн сөнөхийн өмнөх өдрийн их идэлт болов.

Найзууд маань намайг жаахан шуугдсан байна гэсэн. Гэхдээ над нээх өөрчлөлт мэдрэгдээгүй. За, нэг ийм л байдаг юм байна.

No comments:

Post a Comment