2012/12/07

Зүүд: Эртний Японд би

Би Японы нэг тосгонд байна. Байшингууд нь гурвалжин дээвэртэй; дээр үеийн. Хүмүүс нь ч дээр үеийн хувцастай. Эмэгтэйчүүд нь нүүрээ гурилдаж кимоногоо өмсчихсөн байна. Минийх гэсэн цэргийн ногоон хувцастай. Би чухам яагаад тэнд байгаа нь бүү мэд. Нэг байшинд орлоо. Баруун зүүн талд нэг нэг гулсдаг хаалга байна. Яагаа вэ? Нөгөө цаасан цонхтой, дээр үеийн Японы. Баруун талын хаалгыг онгойлголоо. Нэг хүн өвдөг дээрээ суугаад цай ууж байна. Толгойн ихэнх үсээ хусаж жаахан үс орой дээрээ үлдээснийг харвал самурай бололтой. Нэг зүйл миний толгойд гялс орж ирлээ. Тэр бол "Энэ хүнийг хамгаал!". Би байшингаас гарлаа. Гадаа дайн болсон аястай, нэг л баргар. Эргэн тойрноо харвал тосгон хотгор газар байх юм.

Би буцаад байшинд орлоо. Баруун талын хаалга уруу дөхөж байтал цаасан хаалганд нэг сүүдэр харагдана. Нэг л биш мэт санагдаж хурдан хаалгыг онгойлготол миний хамгаалах ёстой гэсэн хүн маань алуулсан байна.

Бие нь суудал дээрээ сунасан, гэдэснээс нь цус гоожно. Миний нүдний завсарт нэг хар юм сүүмэлзээд алга болов. Гэнэт би гадаа, анх байсан газраа байна. Би нөгөө байшин уруу хамаг хурдаараа очиж нөгөө эрхэм байгаа өрөөний хаалгыг хүчтэй сөхтөл нөгөө хүн маань зөв зүгээр сууж байх бөгөөд гайхсан аястай над уруу эргэж харлаа. Би цаг хугацааны шилжилт болсныг мэдлээ. Яаж гэдэг нь над сонин санагдсан ч чухал биш байв. Хамгийн гол нь энэ удаад би энэ хүнийг хамгаалах ёстой гэсэн бодол дийлж байлаа. Тэгтэл тэр хүн над хэлж байна.
- Явж дайны байдлыг үзчихээд ир гэв. Би "Та алуулчихна шүү дээ!" гэж дотроо бодсон ч би юу ч хэлсэнгүй. Ийм ноцтой үг хэлж болохгүй хүн бололтой. Миний дарга юм болов уу? Хэн гэдгийг нь мэдэхгүй ч  өөрийн эрхгүй л хэлсэн үгээр нь явлаа.

Тосгоны эргэн тойрноос хар утаа баагина. Би дайн болж байгаа газрыг нэг эмээгээс асуулаа. Тэр эмээ намайг дагуулж явав. Явсаар тосгоны захад ирлээ. Эмгэн дээшээ заалаа. Дээшээ гарахын аргагүй эгц бөгөөд чулуу өрж бэхлэлт босгосон байлтай. Тэгтэл хажуугаар хэдэн хүүхдүүд явж байна. Юун хүүхдүүд вэ? "Дайнаас яаж амьд үлдэв" гэсээр би тэдгээр хүүхдүүдийг аюулгүй газар аваачихаар авч явав. Буцаад тосгонд ирж хүүхдүүдийг нэг байшинд орууллаа. Би нөгөө байшиндаа ороод зүүн талын хаалгаар орлоо. Нэг харанхуй өрөө байх бөгөөд тэнд нэг хүн унтаж байна. Би тэнд нөгөө алуурчныг хүлээхээр шийдлээ. Хүлээлээ. Цаг нь болсон мэдрэмж төрж би өрөөнөөс гарч нөгөө эрхэм байгаа өрөө уруу явж байтал тэр өрөөний хаалга онгойж нэг нинжа байх бөгөөд намайг харуутаа над уруу дайрлаа. Би хаалганы завсраар нөгөө эрхмийг алуулсан байхыг үзлээ.   

No comments:

Post a Comment