2013/03/21

"Хөх Судар"-аас


Эртний үгст: "Эрдэмтэн сайд угаа үл умартмуй"…

…манай Монгол тоотны гурван зуу илүү хошуунд цугларсан эрдэмтэд цөөнгүй.  Гагц Дайчин улс тулгар тогтсоноос, манай Монголд бичиг суртлаар бие гарч, хөрөнгө бүтээхийн үүдгүйн… Хэдий тийн боловч манай өвөр гурван Чуулганы Монголчууд эгнэгт нийслэлд баахан ойр… Хятад бичиг үсэгт мэргэшсэн эрдэмтэд мөн олонтаа… Тийнхүү…5000 оны өмнө гурван Хуан, таван Ди-гээс дараалан, Ся, Шан, Чжоу, Цинь-Сун улс, Ци, Лян, Чэнь, Суй, Тан, Хөү Лян, бэй-сүн, нань Сүн, Алтан улс, Ляо-гийн зэргийн хэрэг учрыг маш гэгээхэн тодорхой мэдэх бөгөөд харин өөрийн уг үндэсний хөх Монгол улсын хэргээ огт мэдэхгүй. Хэдий хойно Юань улс хэмээн нэрийдээд Монголын тавдугаар хаан Юань Шицзу Хубилай сэцэн Вэнь-ү хуандигаас хожмын хэргийн "Ган-мү бичиг"-т тэмдэглэснийг нь товчлон баахан мэдэвч…цөм хятад бичээч нарын өчүүхэн атхаг сэтгэлээр онц Монголыг доромжлон дооглож дайран муушаан бичиж үлдээсэн ташимгай хэлбийгүү товч тэмдэглэл болой. Юань улсын чухал төвийн судар нь олдохуйд маш бэрхтэйн тул, олонхин цөм "Ган-мү бичиг"-ийн товчоогоор гэрч болгон шүүмжлэн, түүний хэлбийгүү ташимгай үсгийг баримтлан гэрч болгон хэлэлцмүй. Тэр нь маш их алдаш бөгөөд одоо чухам Монголын тулгар нээсэн Чингис хааны хэрхэн богд болсон ба сахиусан болсон хийгээд жаран зургаан жил дэлхий дахиныг байгуулж тулгар төр нээснийг огт мэдэхгүй нь маш олон буй!



…урьдын эцэг ноёны цөлбөн байсан энэ "Их Юань улсын мандсан хөх судар"-ыг залгаж бүрэн болгон цөлбөн гаргаад Монгол тоотон нийтээр мэдтүгэй хэмээн өдий удтал сэтгэссэн сэтгэл лүгээ нийцэж даруй эцэг ноёны цөлбөн бичсэн найман бүлгээс дорогш залган цөлбөн бичиж, манай Монгол тоотонд түмэн үе хоцруулж, Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй хэмээн Их Юань улсын харьяат арван зүйлийн судар бичиг цэдэг, тууж, үлгэр, шастир, тэмдэглэл ойлбор, түг түүхийг цөм уудлан гаргаж, нарийвчлан залгаж хянан нийлүүлэхүйеэ, аяа тайж миний урьд төрлийн оюуны хөрөнгө маш гүехний дээр, энэ төрөлд бас суртал асуултын хувьд өчүүхэн ч хүртэж төрсөнгүйн тул, унтах нойр, идэх хоолгүйгээр өдөр шөнө залгалдан, мунхаг оюуны хирээр, чин үнэнээр арван анги судруудыг анхааран нийцүүлж, хослуулан эрсээр арай эс алмайтан солиоров. Энэ үнээр мунхаг оюуны хирээр сэтгэлийн цусыг бөөлжиж, балар нүдний хирээр олон судруудыг шинжиж…өчүүхэн чадлын хирээр цөлбөн бичиж хуулан халахуйяа босч суун, унтан хэвтэн, бодолхийлэн санамжилж, гарч орон, идэн уувч бичилхийнлэн зурлаж, үзээд бас үзэн, шинжээд бас шинжиж, хаанаас их судрын учир шалтгааныг гээгдүүлэн орхигдуулж, үг бадаг нь дарагдан үрэгдүүзэй хэмээн хянан хичээн нягтлан нарийвчилсныг хэлбээс үнэхээр үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахуйд хүрсэн билээ.

…манай энэ Зостын чуулганы баахан сэцэн оюутан олонхи иргэн бичгийн /хятад бичгийн, хөр./ утга үсэгт хичээх буй за. Ер Монгол бичигтээ хичээхгүй тул ар газрын үгийн утгыг эрэн асуухуйяа маш бэрх. Харин Хятад үсгийн учрыг нэхэмжлэхээс бэрхтэй болжухуй.

…нэгэн хоёр иргэн үсэг /хятад үсэг, хөр./ таниваас даруй монгол үсгээ басамжлан монгол үсгээр иргэний санааг бүртгэн гаргаж хэрхэн чадмуй хэмээн амны аяар чалчмуй.
…хэрэглэхгүйн тул…хэрэглэвээс үсэг юухай мохож болох аж!

No comments:

Post a Comment