2013/03/24

Сонин өдөр


Зуны нэгэн нар жаргаад оройн гэгээ дөнгөж тасрах гэж байх үед би хотын төвд байх. Гэхдээ миний мэддэг Улаанбаатар бус их л өндөр том барилгуудтай байх ажээ. Над нэг л таньдаг мэддэг хот мэт санагдана. Гудамжаар алхах хүмүүс, машин тэрэг…

Би нэгэн том барилгын үүдэнд зогсох ажээ. Монголд лав ийм барилга байхгүй ээ. Худалдааны төв гэж байгаа. Би хүн хүлээгээд л байгаа юм шиг. Нэлээд хүлээсээр өнөөх барилга уруу орлоо. Дотроо маш том зайтай. Нэг хэсэг нь харанхуй. Гэрэлтүүлэггүй бололтой.     Нөгөө тал уруу нь гэрэлтэй, бас нэг урсдаг шат харагдсан. Түүгээр тор барьсан хүмүүс урсацгаана. Би тийшээ бус харанхуй зүг уруу очлоо. Дээшээ харлаа. Таазны том бүдүүн тулгуурууд харагдана. Цаашаа алхсаар явахад хосууд гэлтэй хүмүүс сууцгааж байх юм. Тэдний шивнээ нэг нэгнийхээ чихэнд хүрэх тийм аяар байлаа. Би буцаад гарав. Нэг таньдаг хүүхэд байна. Юу гэж ярьсныг санахгүй байна. Дараа нь Лицейн Ууганбаяр багш хүрээд ирлээ.

Гэгээ тасарлаа. Багш надаас мөнгө зээлээч гэх юм (сонин???). Би кардад байгаа гээд багшид мөнгө өгөхөөр АТМ орлоо. Машинд нь кардаа хийсэн чинь мөнгө гарч ирдэггүй. Би ер гайхаад учраа олдоггүй. Уул нь зөв зүгээр л аваад болоод байдаг байсан.

Энэ зүүдээ зүгээр л биччихье.

No comments:

Post a Comment