1998 онд "Yahoo" манай компанийг худалдан авснаар би тэнд ажилладаг болсон юм. Тэгэхэд би яг дэлхийн төвд зогсож байгаа юм шиг санагдаж билээ. Энэ компани их хэргийг бүтээх байсан юм. Өнөөгийн "Google"-ийн бүтээсэн шиг.
Юу нь буруу болов? Тэр буруу зүйлс нь "Yahoo"-д олон жилийн өмнөөс, бараг л компани анх байгуулагдсан үеэс эхлэлтэй. 1998 онд намайг "Yahoo"-д анх ажилд ороход тэр бүгд аль хэдийнээ илэрхий болсон байсан юм. "Google"-ийн гаргаагүй "Yahoo"-гийн хоёр алдаа байдаг юм. Тэр хоёр нь:
амар хялбар мөнгө, технологийн компанийн хоёрдмол хандлага.
Мөнгө
Жерри Яан бид хоёр уулзахаар болоход бид хоёр хоёулаа уг уулзалтын зорилгыг өөр өөрөөр ойлгосон байв. Тэр манайхныг худалдаж авахаас өмнө хүмүүсийг нь сонжих зорилгоор уулзаж байгаа гэж бодсон. Би өөрсдийн шинэ технологи "Revenue Loop"-ээ танилцуулахаар уулзаж байгаа гэж бодсон. Уг технологи маань онлайн худалдааны хайлтын систем байсан юм. Борлуулагчид интернетэд бараануудынхаа үнээ оруулах буюу манай систем зүгээр нэг тэр үнээр нь эрэмбэлэн харуулахгүй, хэрэглэгчдийн худалдан авсан дундаж үнэтэй харьцуулан гаргадаг байсан юм. "Google"-ийн одоо ашиглаж байгаа сурталчилгаануудаа эрэмбэлдэг алгоритмтай төстэй боловч "Google"-ээс аль эрт буюу 1998 оны хавар зохиосон юм.
"Revenue Loop" бол маш үр өгөөжтэй онлайн худалдааны хайлтын систем байсан юм. Махчилж хэлбэл хайлтын үр дүнг "Yahoo"-гийн олж болох мөнгөний дарааллаар эрэмбэлдэг гэсэн үг. Мөнхүү энэ утгаараа ч үр өгөөжтэй гэсэн үг биш. Хэрэглэгчийн хэрэглээгээр хайлтын илэрц нь улам бүр сайжирдаг байв. Хэрэглэгчид нь хайлтаа хөгжүүлдэг гэсэн үг. Хайлт нь эхэн үедээ хайсан үг нь таарсан үр дүнг гаргадаг байснаа тэндээсээ юм худалдаж авах бүрд хайлтын үр дүн нь улам бүр сайжирдаг байв.
Жерри ерөөсөө анхаарах шинжгүй байлаа. Би их гайхсан. Би түүнд хайлтаас хамгийн өндөр ашгийг олж чадах технологийг үзүүлэхэд тэр ер тоосонгүй. Би тийм муу тайлбарласан юм уу? аль эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөө нуугаад байсан уу?
"Yahoo"-д ажилд орсны дараа ч би хариултаа мэдэж чадаагүй юм. Харин миний таамаглалуудаас аль нь ч биш болж ирсэн. "Yahoo" интернетээс бүтээгдэхүүний жинхэнэ үнийг хайж олдог технологийг сонирхохгүй байсан гол шалтгаан нь "Yahoo"-д их мөнгө төлж сурталчилгаагаа байршуулдаг компаниуд байдаг байснаас болсон юм билээ. Хэрэв интернетээс бүтээгдэхүүний үнэ нь гарч ирдэг болчихвол сурталчилгаанаас олдог орлого нь буурах юм.
Одоо итгэхэд ч хэцүү ч баннеруудаас хамгийн их мөнгө цохидог байсан юм. Сурталчилгаагаа тавиулахын төлөө компаниуд тэнэг их мөнгийг амлахад бэлэн байлаа. Тиймээс "Yahoo" энэхүү орлогын эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахыг зорьсон юм. Анил Сингх гэдэг үлэмж том агаад аймшигтай ширүүн хүнээр удирдуулсан "Yahoo"-гийн борлуулалтын залуус "Procter & Gamble" руу гүйж очоод сая долларын сурталчилгааны захиалгатай буцаж ирж билээ.
Өөр бусад зүйлстэй харьцуулах чадваргүй компаниудад энэ үнэ нь хэвлэснээс нь хямдхан санагдаа биз. Харин тэдний зарсан мөнгөтэй харьцуулахад үнэтэй тусах юм. Тэгэхээр эдгээр том, дүлий компаниуд бол хамгийн аюултай орлогын эх үүсвэр болж байсан юм. Мөн үүнээс ч илүү аюултай эх үүсвэр бий: бусад Интернетэд суурилсан шинэ компаниуд юм.
1998 онд ч "Yahoo" Понзи схемийн мөн чанраар үр ашгийг нь хүртсээр байсан юм. Хөрөнгө оруулагчид Интернетийг их сонирхож байлаа. Тэдний сонирхлыг татах болсон ганц шалтгаан нь "Yahoo"-гийн өсөлттэй орлого байсан юм. Тиймээс тэд Интернетэд суурилсан шинэ компаниудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тэдгээр шинэ компаниуд хандалтаа өсгөх зорилгоор өнөө хөрөнгө оруулсан мөнгөө "Yahoo"-гийн баннер худалдаж авахад зориулж байсан юм. Энэ шалтгаанаар "Yahoo"-гийн орлого улам өсөж, хөрөнгө оруулаад Интернетээс ашиг олж болно гэтэгтээ гүнээ итгэсэн хөрөнгө оруулагчид ч өссөөр. Би нэг өдөр л өөрийнхөө жижигхэн өрөөнд сууж байхдаа учрыг нь гэнэт ойлгож, Архимед онгоцноосоо үсрэн гардаг шиг үсрэн босоод, "Эврика!" гэдгийнх нь оронд "Зараад!" гэж чанга дуугаар хэлж билээ.
Интернетэд суурилсан шинэ компаниуд болон "Procter & Gambles" нар цөмөөрөө брендийн сурталчилгаа хийж байлаа. Тэд зорилтод хэрэглэгчдээ үл анхаарч зүгээр л өөрсдийнх нь сурталчилгааг олон хүн харахыг л хүссэн. Тиймээс "Yahoo"-д хандалтын тоо л чухал зүйл болж хувирсан. Энэ нь ямар төрлийн байх нь огт хамаагүй. [ 1 ]
Ганц "Yahoo"-ч ганцаараа ийм байгаагүй. Бүх хайлтын системүүд үүнийг хийж байлаа. Тэгээд тэд хүмүүсийг "хайлтын систем" гэхийн оронд "портал" гэж хэлдэг болгохыг оролдсон. "Портал" гэдгийн жинхэнэ утга нь хэрэглэгч уг сайтаас хүссэн бүхнээ хайж олж болдог сайтыг хэлдэг болохоос биш, зүгээр л бусад сайтууд руу холбодоггүй; харин тэднийг хайлтын систем хийдэг юм.
Би 1998 оны сүүл, 1999 оны эхээр Дэвид Филод "Google"-ийг "Yahoo" худалдаж авах хэрэгтэй гэж хэлж байснаа санаж байна. Учир нь "Yahoo"-д ажилладаг надаас өөр ихэнх програмистууд юм хайхдаа "Yahoo"-гийн хайлтыг биш "Google"-ийнхийг хэрэглэдэг байсан юм. Тэр над "тийм ч их санаа зовоод байх зүйл биш л байна шүү дээ" гэж хариулж билээ. Хайлт бол манай хандалтын дөнгөж 6% нь байсан бөгөөд бид нэг сарын дотор 10% хүртэл өсгөсөн юм. Үүнээс илүү болгоод ч хэрэггүй байсан юм.
Би "Гэхдээ хайлтын хандалт чинь бусдаасаа илүү ашигтай!" гэж хэлээгүй. Би "Тийм байлаа ч яах вэ дээ" гэж хэлнэ. Учир нь би ч гэсэн хайлтын хандалтыг хэр их үнэ цэнэтэй болохыг ойлгоогүй байсан юм. Би Ларри, Сергей хоёрыг ч гэсэн бүрэн ойлгосон гэж бодохгүй байна. Хэрэв тэд ойлгож байсан бол "Google"-ийг цогц хайлтын систем болгох оролдлогоо өргөжүүлэхгүй байсан биз.
Нөхцөл байдлыг өөр талаас авч үзвэл "Yahoo"-г удирддаг хүмүүс хайлтыг хэр чухал болохыг эрт мэдсэн юм. Гэвч тэдэнд бодит үнэнээс хөндийрүүлдэг ертөнц дээрх үл үзэгдэгч "мөнгө" хэмээх агуу саад байсан юм. Баннераа тавиулахаар том том чек бичиж байсан тэр үед хайлтыг анхаарч үзэх хэцүү байсан биз. "Google"-д тийм саад болох зүйл байгаагүй юм.
Хакерууд
Мөн "Yahoo"-г зөв зам руугаа ороход төвөгтэй болгосон бас нэг асуудал байдаг юм. Тэд анхнаасаа технологийн компани байхдаа тууштай байгаагүйгээс тэнцвэрээ алдсан юм.Би "Yahoo"-д анх ажилладаг болоход нэг гажигтай зүйл байсан нь тэд өөрсдийгөө "медиа компани" гэдэг байсан юм. Хэрэв та ажлын газрыг нь сонирхож үзвэл програм хангамжийн компани байна гэж бодно. Дөрвөн хана дотор дүүрэн програмистууд код бичээд, бүтээгдэхүүн хариуцсан менежерүүд нь үзүүлэлтүүдийнх нь жагсаалтыг бэлдээд, бэлэн болох өдрүүдийг нь тооцоод, хүмүүст веб хөтчөө рестарт хий гэж зөвлөгөө өгөн туслаад (тийм ээ, нээрэн ч хүмүүст тусалдаг байсан шүү) л гэх мэтчилэн яг л програм хангамжийн компани шиг байсан юм. Тэгээд яагаад өөрсдийгөө медиа компани гэх гэж?
Нэг шалтгаан нь тэдний хэрхэн мөнгө олдог арга нь байсан юм; сурталчилгаа зарах. 1995 онд технологийн компани ийм аргаар мөнгө олно гэж төсөөлөхөд ч хэцүү байсан юм. Технологийн компаниуд өөрсдийн хийсэн програмаа хүмүүст зарж мөнгө олдог байсан. Медиа компаниуд сурталчилгаа зардаг байсан. Тэгэхээр медиа компани болж таарч байгаа юм.
Нөгөө нэг том хүчин зүйл нь "Microsoft"-оос айсан юм. Хэрэв "Yahoo"-д ажилладаг нэг хүн "Yahoo"-г технологийн компани байх ёстой гэж боддог бол түүний дараагийн бодол нь "Microsoft" биднийг няц гишгэнэ гэсэн бодол байлаа.
1995 оны үед ч гэсэн "Microsoft"-оос айдаг байсныг минь мэддэг надаас дүү хүн бараг байхгүй биз. Одоогийн "Google"-ээс хэд дахин хүчтэй, тэгээд муу аргатай компани байна гээд төсөөлдөө. Энэ айдас бол огтын утгагүй зүйл биш юм. "Yahoo" өөрийн нүдээрээ анхны амжилттай Интернет компани болох "Netscape"-ийг "Microsoft" хэрхэн бяц гишгэж байхыг харсан. Хэрвээ технологийн компани байх гэвэл дараагийн "Netscape" болж түүнтэй ижил тавиланд унах вий гэсэн үндэслэлтэй болгоомжлол байсан юм. "Netscape"-ийг "Microsoft"-ын сүүлчийн хохирогч болно гэдгийг тэд хэрхэн мэдсэн байх уу?
"Microsoft"-ын мөрөөс медиа компанийн дүрээр мултрах нь ухаантай үйлдэл болсон ч байж мэднэ. Гэвч харамсалтай нь "Yahoo" аль нэг нь л байх ёстой болсон. "Yahoo"-гийн төслийн менежерүүдийг "продюсер", компанийн хэсгүүдийг "өмч" гэж нэрлэх жишээтэй. Тэглээ гээд "Yahoo"-д хамгийн хэрэгтэй байсан нь технологийн компани байх байсан боловч өөр зүйл болох гээд эцэст нь аль нь ч биш болж хоцорсон юм. Ингээд л "Yahoo" хэзээ ч өөрийгөө тууштай тодорхойлж чадаагүй юм.
Медиа компани байхын муу тал нь програмчлалд бүрэн анхаарахгүй байхад юм. "Microsoft" (тэр үеийн), "Google", "Facebook" нар цөмөөрөө хакер төвтэй юм. Гэвч "Yahoo" програмчлалыг зүгээр нэг үйлчилгээнд л тооцсон юм. "Yahoo"-д хэрэглэгч талын програм хангамжуудыг бүтээгдэхүүн хариуцсан менежер, дизайнерууд удирдаж байсан юм. Програмистуудын ажил нь борлуултын менежер, дизайнеруудаас эцсийн байдлаар гарсан загварыг код руу хөрвүүлэх л байлаа.
Энэхүү шатлалаас нэгэн үр дүн урган гарах буюу "Yahoo"-гийн бүтээсэн болгон нь ихэнх тохиолдолд төгс сайн болдоггүй. Гэхдээ энэ ч яахав. Түүнээс ноцтой асуудал нь муу програмистуудыг ажилд авсан нь юм.
"Microsoft" (тэр үеийн), "Google" болон "Facebook" нар цөмөөрөө хамгийн шилдэг програмистуудыг ажилд авсан байдаг. "Yahoo" тэгээгүй. Тэд сайн програмистуудыг авахыг хичээдэг байсан ч жинхэнэ том аваргуудыг өөртөө авдаг чиг зорилготой, төгсөрчихсөн хүмүүсийг ажилд авахад анхаараагүй юм. "Хөөс"-ийн үед прорамистуудыг ажилд авахаар хэрхэн өрсөлдөж байсныг санавал програмистуудын чадвар янз бүр байгаад төдий л гайхахгүй биз.
Технологитоо та муу програмистууд авсан л бол та будаа болно. Би таны компанийг амьтай голтой үлдэнэ гэж бодохгүй л байна. Сайн програмистууд сайн програмистуудтай л хамт ажиллахыг хүсдэг. Тийм учраас програмистуудын тань чадвараас хамаарч таны компани дахин хэзээ ч сэргэж чадахгүй үхлийн тойрогт унаж болно. [ 2 ]
"Yahoo"-гийн хувьд энэ үхлийн тойрог нь хамаагүй эрт эхэлсэн юм. "Yahoo" "Google" шиг чадвартай хүмүүсийг татаж байсан цаг байсан бол тэр нь намайг тэнд очиход буюу 1998 оноор дуусгавар болсон байсан.
Энэ компани арай эрт хөгширсөн шиг санагддаг. Ихэнх технологийн компаниудыг ажилчид болоод дунд хэргэм насны менежерүүд авч явдаг. "Yahoo"-д байхад тэд энэ үйл явцыг хүчээр хурдасгасан юм шиг санагдсан. Тэд хакеруудын армитай байхыг хүсээгүй. Тэд ажилчидтай байхыг хүссэн. Медиа компанийг л ажилчид нь авч явдаг байлгүй.
Анх би "Google"-д зочлоход 500-аад хүнтэй байсан, намайг "Yahoo"-д ажиллаж байхад "Yahoo" мөн тийм тооны ажилчидтай байсан. Гэвч тоо чанарыг харуулахгүй. Тэнд тун чиг хакер төвт байсан. Би амралтын өрөөнд хэдэн програмистуудтай хайлтын системээр тоглох (одоогийнхоор SEO - Хайлтын Системийн Оновчлол) бодлогын тухай ярилцаж байснаа санадаг юм. Тэгэхэд тэд надаас "бид яавал дээр вэ?" гэж асууж байсан юм. "Yahoo"-гийн програмистууд хэзээ ч тэгж асуухгүй байсан. Тэдэнд яагаад гэсэн шалтгаан огтоос хэрэггүй буюу тэд зөвхөн бүтээгдэхүүн хариуцсан менежерийн тодорхойлж өгснийг л хийдэг. Би "Google"-ээс гарч явж байхдаа "Хөөх, дөнгөж эхэлж байгаа компани шүү дээ" гэж бодож байлаа.
"Yahoo"-гийн эхний алдаанаас бид суралцах зүйл бага. Баталгаагүй орлогын эх үүсвэрээс зайлс хийж чадвал учрах хохиролоос сэргийлж чадна. Харин хоёрдоход нь нэг чухал хичээл бий. Програм хангамжийн бизнест хакер төвгүй байж болохгүй.
Хакер төвтийг хамгийн гайхалтайгаар хэрэгжүүлж чадсан хүн нь магадгүй Марк Зукерберг байж болох буюу 2007 оны "Startup School"-д түүний илтгэлээс хакерт төвтийн тухай ярьж байхыг нь би сонсож байсан юм. "Facebook" анхнаасаа програмистуудаа зүгээр нэг хүний нөөц, маркетинг шиг програмчлал хийлгэх гэж авахгүй гэсэн бодлоготой байсан гэж тэр хэлж байсан.
Яагаад чадалтай програмистууд хакер төвгүй компанид бусад хүмүүсийн хийж чадах ажилд ажиллахыг хүсдэг вэ? Үүнд хоёр шалтгаан байна гэж би төсөөлдөг: их мөнгө төлдөг бол, эсвэл тухайн салбар нь сонирхолтой боловч хакер төвтэй компани байхгүй. Бусад тохиолдолд сайн програмистуудыг татаж чадахгүй. Мөнхүү сайн програмистгүйгээр хэчнээн та олон хүн авсан ч бай, "чанар"-тай байлгах хэчнээн олон арга хэрэглэсэн ч бай та хэзээ ч сайн програмтай болж чадахгүй.
Хакерын соёл нь хариуцлагагүй юм шиг санагддаг. Тийм болохоор хүмүүс "томчуудын хяналт дор" гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ үгийг "Yahoo" ч гэсэн хэрэглэдэг байсан. Гэхдээ хариуцлагагүй юм шиг санагддаг байхаас илүү муу зүйлс байдаг. Жишээ нь, алдагдал хүлээх.
Тайлбар
[ 1 ] Бид pets.yahoo.com-ыг хийж шилдэг ивээн тэтгэгч компанийн төлөө гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүн борлуулдаг гурван компанийн дунд үнийн дайн дэгдээж байсан.
[ 2 ] Онолын хувьд үхлийн тойргоос гарахын тулд сайн програмистуудыг хөлслөхийн оронд худалдаж авах хэрэгтэй. Чамд ажилчнаар орохгүй програмистуудыг компанийг нь худалдан авах замаар авч болно. Гэвч үүнийг хэрэгжүүлэх ухаантай компаниуд нь аль хэдийн тэгэх шаардлагагүй компаниуд байдаг.
Тревор Блак-Үэл, Жессика Ливинстон, Жиоф Ралстон нарт ноорог бичгийг маань уншиж танилцсанд талархал илэрхийлж байна.
Эх сурвалж:
http://www.paulgraham.com/yahoo.html
Орчуулсан: М.Цэцэнцэнгэл - 2014/08/27
Баярлалаа, сайхан нийтлэл байна ;)
ReplyDeleteБаярлалаа, сайхан нийтлэл байна ;)
ReplyDelete