Showing posts with label Миний амьдрал. Show all posts
Showing posts with label Миний амьдрал. Show all posts

2017/11/23

Бүтээ

Уран зохиолын багшийн хэлсэн үг санаанд орлоо. Би буруу санаагүй бол С.Буяннэмэхийн хэлсэн үг гэсэн байхаа.

Хий бодол нь хувьдаа замхарч
Хэлсэн үг нь агаарт замхарч
Хийсэн бүтээл нь ард хоцрон
Хожмын үеийнхэнд ахин дахин сонжигдоно.

2016/03/16

Тэтгэвэртээ гарсны баярын мэнд хүргэе


5 жил эгэл ертөнцийн хорвоог хамтдаа туулсан Флаш минь тэтгэвэртээ гарлаа.
Хадгалсан док бүхэнд чинь
Хадгалсан кино бүхэнд чинь
Хадгалсан зураг бүхэнд чинь
Хадгалсан програм бүхэнд чинь баярлалаа.
Энэ олон жилүүдэд хэчнээн олон удаа үйлдлийн системүүд суулгаж, хэчнээн олон удаа машиныг минь форматлаж байсан энэ үйлсийг чинь мартахгүй. Баяртай.

2016/02/11

GoGo календард одон орны тооцоо хийдгийг мэдэх үү?


Тэр сарны дүрс гардаг хэсгийг хийснээ ярьж өгье.

Миний анх ажилд ороод авсан хамгийн эхний ажил бол "GoGo News Rebranding" гэдэг төсөл байлаа. GoGo News-г шинэчлэх. 6 жил өнгөө өөрчлөөгүй GoGo News-ийн програмчлалын ажилд орж байлаа. Вебийг бүрэн ойлголтгүй, сургуульд html-ийн хэдэн tag үзэж, аттрибутаар нь өнгө, фонт сольдог, CSS гэдгийг ойлгодоггүй, өргөн, өндөр, өнгө солихоос хэтрэхгүй, Javascript-ээр ганц хоёр мөр юм бичихээс өөр юм чаддаггүй байсан миний бие уг ажлаар л веб гэдэг зугтаж байсан зүйлд дүртэй болсон юм. Над их тус хүргэж байсан төслийн ахлах програмистдаа маш их баярлаж явдаг юм.

Анхалж сурч байгаа болохоор анхандаа CMS (Content Management System) хийлгүүлж байлаа. Мэдээ үүсгэх, мэдээний төрөл үүсгэх, зураг хадгалах, тамгалах гээд л жижиг сажиг ажлуудыг хийнгээ технологиудаа бага багаар гадарлаж эхэлж байлаа. Ингээд л эцэст нь хүнд харагдах хэсэг рүү орох ээлж боллоо.

2014/11/16

Үхлийн өмнөх мэдрэмж

Үхэл. Энэ бол цэг. Би христийн шашны "Мөнхийн амьдрал", буддын шашны "Хойд төрөл" гэдэгт итгэдэг хүн биш. Хүн үхсэн бол үхсэн. Эцсийн цэг. Мэдээж хадгалагдах хуулиар нэгэн цул явсан бие минь оргүй алга болохгүй. Нэг төлвөөс нөгөө төлөв рүү шилжинэ. Сүнс рүү биш шүү! Тийм мухар сүсэгтэй хүн би биш. Газар дор булуулсан бол мах, шөл, яс бүгд эсийн ширхэг бүрээрээ үхэх нь үхэж бичил биетнүүдийн хоол болох нь болно. Биеийн минь нэгэн хэсэг ертөнцийн нэгэн бактертай хамт байна гэж төсөөлөхөд би үхсэн гэж үү? Нэгэн цагт миний төлөө өөрийнхөө амийг ч хорлож чаддаг эсүүд минь миний эзгүйд наддаа харъяалагдсаар байх уу?

Төрсөн бүхэн үхдэг. "Маргааш өглөө чи сэрэхгүй ч байж магад" гэж буддын шашинд сургадаг биш үү? Энэ амьдрал гэж нэрлэсэн амьдын чөлөөг ямар зорилготой олдог юм бол? Үй түмэн асуултын голд хариултыг эрэхгүй цагийг үрээд үхэл дөхсөн ч ойлгохгүй мунхаглан суух тэнэгийн оргил юм  даа, би.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Одоо ч гэсэн тэр хэдэн хормын мэдрэмж тодоос тод мэдрэгдэх болов уу? гэсэн хэсэг хэсгээрээ үл олдохын нүх рүү цувсаар, өнөө өглөө урьдын адил босож, урьдын адил цайгаа ууж, урьдын адил анимегаа үзлээ. Үхэл хүнийг ухаан оруулдаг гэдэг худлаа юм байна.

Би ногоон гэрлээр зам хөндлөн гардаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр тэр хорьхон хоромд миний өмч мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Ногоон гэрэл, эрээн зам дээгүүр машин явах миний өмчид халдаж байгаа мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Энэ бодол толгойд минь шимигч адил шигдэж толгойн эд эсүүдийг минь идэн улам томорсоор байдаг.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Ногоон гэрэл, эрээм зам миний өмч байлаа. Миний өмч дээгүүр автобус явах гэлээ. Өмчөө хамгаалахаар хамаг эрчээрээ урдуур нь гарах гэж гүйлээ. Тэрхэн толгойгоо эргүүлэн автобусыг харах агшинд автобус бараг дэргэд минь ирсэн байхыг харлаа. Ард явж байсан эмэгтэй "Яана аа!" гэхийг сонслоо. Тархи ажиллаж байна: Автобусанд мөргүүлэх мэдрэмжийг санууллаа. Би үхнэ гэдгээ мэдлээ. Би үхэлтэйгээ эвлэрчээ. "Би ингээд үхлээ" гэсэн бодол орж ирлээ. Харамсах мэдрэмжгүй, зовох мэдрэмжгүй, зүгээр л "би ингээд үхлээ". Жинхэнэ зовлонгүй үхэл энэ байх байсан биз. Үхлийн өмнө хүмүүст туулсан бүх амьдрал нь бодогддог юм гэнэ лээ. Би харин юу ч бодолгүй үхэлтэйгээ эвлэрсэн байх юм.

Энэ амьдралд юу ч хийж бүтээгээгүй учир ийм байна уу? Юунд ч санаа зовохгүй тэнэгийн дотор уужуу гэдэг нь биз. Автобус тоормозоо авлаа. Би урдуур нь гүйж амжлаа. Хойшоо нэг ч харалгүй зөвхөн урагшаа, зөвхөн урагшаа! явсаар л байлаа.

2014/05/09

xyyp.mn-ээс дуу татагч буюу XyypDownloader бүтсэн түүх


"Миний амьдрал" гэдэг блог нээчхээд сүүлийн үед ихэвчлэн мэргэжлийн холбогдолтой нийтлэл оруулчхаж. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдэг шиг дэлхийн татах хүч рүү орж жаахан түүх оруулъя.

2014/01/02

3 жилийн өмнө Шинэ Делигээс Бангалор явахад хийсэн дүрс бичлэг

Шинэ Делигийн Төвөд хорооллын нэгэн буудлын үүдэнд толгой хоргодож байх даа.

Галт тэрэгний буудалдаа ирээд



Энэтхэг халуун гээд хөөрөөд байсан өвөл нь хасах руугаа ороод баллаж хаядаг юм байна. Аманд ч үгүй, хамарт ч үгүй энэтхэг халуун цай уув.

2013/07/13

Наадам 2013



 Наадмын нээлтээр миний татсан хэдэн зураг

2013/05/09

Арай дэндүү ил тод байдал



2010 оны 5-р сарын 10

Өнөөдөр хичээлээ тараад гэр лүү явахаар автобусны буудалд очлоо. 46 дугаартай автобус нааш айсуй. Хамгийн арын суудал надад зориулсан юм шиг хоосон, очоод суулаа. Хаврын дулаан уур амьсгал өвлийн гурван сар хөлдсөн тархийг минь гэсгээх мэт хамаг цус хөөрч

2012/12/30

Хийсэн, хүсээгүй үр дүн

Өнөөдөр 12-р сарын 30. Дөнгөж сая 26 ангитай япон цуврал хүүхэлдэйн кино үзэж дуусгалаа. Юуны төлөө үзсэн юм бол? Юунд хэрэгтэй гэж үзсэн юм бол? Миний хариулт бол зүгээр л би үзэхийг хүссэн…

Амралт дуусаж байна. Шинэ он гараад л хичээл эхэлнэ. Миний амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Би өөрийн хийж чадах хэмжээнд хүссэнээ хийнэ. Эндээс таашаал авна. Гэхдээ хүн таашаал авах гэж амьдардаг гэж үү?

2012/12/21

Мацаг барьсан гурван өдөр


Өмнө нь ер мацаг барьж байсангүй. Дүйцэн өдөр мөдрөөр л хааяа гэрээрээ цагаан хоол иддэг байснаас огт юм идэхгүй байж байгаагүй. Тэгээд хоолоо сойхоор шийдэв. Зорилго нь хоолоо сойход ямар мэдрэмж төрөх, өлсөх мэдрэмжээ даван туулах, биеэ цэвэршүүлэх, 2012-12-21…

Эхний өдөр:

2012-12-17-ны өглөөнөөс мацаг эхлэв. Өлсөх мэдрэмж их төрсөн. Өдөр болоход өлсөх мэдрэмж буурсан. Найзууд маань миний тэвчээрийг шалгаж өдрийн хоолоо их л тамшаалж идэцгээнэ. Гэхдээ би төлөв байлаа. Хоолны үнэр авахад шүлс их ялгарч байсан. Гэхдээ хоол идэх дур багассан байсан. Оройноос эхлээд толгой жаахан өвдөж эхэллээ. Шүдээ угааж байгаа ч амнаас эвгүй үнэр гарна. Ходоодноос болж байгаа бололтой. Дайран дээр давс гэгчээр толгой өвдөж байсан ч шөнийн 3 цаг хүргэчихлээ. Толгой өвдсөн нь одоо бодоход тархи хангалттай тэжээлээ авч чадахгүй болсноос байх.

Хоёр дахь өдөр:

2012/10/26

Гавьяатаа таньдаггүй юм уу?

Тэр нэг зун МУГЖ Жаргалсайхан гуайгаар"Гавьяатаа таньдаггүй юм уу?" гэж нэг зэмлүүлж билээ.

2012/10/02

Кунфу Пандагийн: Цөгөрцөг багш



За, нөгөө цөгөрцөг гэдэг амьтныг чинь амьдаар нь харлаа даа. Доор хийсэн бичлэгээ тавилаа.

2012/08/08

26 дугаартай автобусны тасалбарч /Кондуктор/

Нэг тийм тасалбарчийн тухай бичмээр санагдаад энэ нийтлэлийг бичиж байна. Хэн нэгэнд энэ нийтлэл тийм ч хамаагүй байж болно. Гэхдээ зүгээр л би тэр тасалбарчийг мартдаггүй юм.

Лицейд орсноос хойш би анх удаа сургууль уруугаа автобусаар явдаг болсон юм. Өмнө нь сургууль ойрхон алхаад, гүйгээд орчихдог байлаа. Яалт ч үгүй хол сургуульд орж автобустай нөхөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Манай тэндээс 26 дугаартай автобус сургууль уруу минь хүргээд буцаагаад авчирдаг байлаа. Энэ автобусыг оюутнууд сайн мэдэх байх. Бараг оюутнуудын автобус гэхэд болно. Өглөө, оройдоо чихэлцэж өгнө дөө...

 Тэр үед автобусанд хүүхдүүд 100₮-өөр суудаг байсан. Том хүн 200₮ байлаа. Одоо бодоход хямдхан байж дээ. Гэхдээ нэгэнт би арван жилийн хүүхэд байсан 100₮-өө л өгнө дөө. Гэвч тасалбарчид гэж. "Сахал сармаагаа ургуулчхаад 100₮ өглөө" гээд намайгаа оюутан гэж андуураад мөн ч их загнуулдаг байлаа. Би ч гүрийгээд л. Гэхдээ би ингэж явах дургүй. Гэхдээ л би илүү мөнгө өгөхийг хүсдэггүй байлаа. Тэгээд ч гэрээсээ би 200₮ л авч гардаг байсан. Тэгээд л хэдэн тасалбарчидтай үзэж тардаг байж дээ. Эд дундаас нэг залуу эмэгтэй тасалбарч хамгаас аймшигтай байсан юм. Автобусандаа суухдаа битгий л тэр тасалбарч таараасай гэж залбирдаг байлаа шүү дээ.

2012/07/14

Гэмшил

Би сургууль уруугаа явахаар гэрээс гарлаа. Өглөөний наран мандахын наана намрын хүйтэн салхи үлээж уусан халуун цайны илчин дороо хөрөх шиг болж хоёр гараа цувныхаа халаасанд хийгээд бушуу автобусанд суухыг хүсэн хурдан хурдан алхана. Тэгтэл байшингийн булангаас нэгэн нас нэлээд гарсан эмэгтэй нэгэн хүнээс салаад намайг чиглэн айсуй. Аанай л дотроо хажуугаар өнгөрөх гэж байгаа болов уу? хэмээн бодохын зуургүй хажуугаар хүйтэн салхи сэнгэнэж намайг шавдуулна. Алхаагаа хурдасган явтал нөгөө эмэгтэй над уруу ирэх нь энэ дээ. Царайг нь ажих нь ээ, өглөөний жаварт хацар нь бага зэрэг улайсан цагаан царайд сандарсан, эсвэл шаналсан дүр харагдана. Тэгээд надаас асуулаа:

- Эгч нь хөдөө хөгшин ээжтэй. Сая хүн утсаар ээжийн минь бие муу байна

2012/07/10

Аавдаа баяр хүргэе!

Аавдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан тань баяр хүргэж байна!

2012/02/15

Мөнхийн хайр

Ноднин бичиж байсан шүлгээ орууллаа.

//Мэссэнжирт сэтгэлт хүнээ хүлээж суухдаа... Энэтхэг, 2011 оны 2-р сар

Мөнхийн хайр

Чамайг би үгүйлэн сууна.
Чи хэзээ орж ирэх юм бол?
Чиний миний цаг ялгаатай ч
Чөлөөнд учрахыг хүсэмжилнэ.

Би энд гиюүрнэ
Бас гансарна.
Болоогүй бас санана
Болдогсон бол уулзахсан.

Өчигдөр, уржигдар
Өнгөрсөн өдрүүд.
Өнөөдөр, маргааш
Өрнөх ирээдүй.
Өнөө цагийн балчраас
Өтөл насан хүртлээ ч
Өнө мөнхийн хайраа
Өөрт чинь үүрд зориулахсан.

Урьд насандаа учирсан, чамтай
Энэ насандаа учирлаа, чамтай
Хойд насандаа учрахсан, чамтай
Эргэх тавиланд үүрд учиръя, чамтай.

Холдон одох юм чи
Хойно нь хоцрох юм би
Хүрсэн газарт чинь очихсон
Холын алсад байсан ч.

Айж байна,
Ирээдүйгээс би айж байна.
Зовниж байна,
Ирээдүй чамайг авч одохоос.

Баярлаж байна,
Би чамд хайртайд.
Бас баяртай байна,
Би чамд хайраа илчилсэнд.

Гараас минь хөтөлснийг чинь
Мартдаггүй юм шүү!

Гараас чинь би одоо хөтлөхийг
Хүсэж байна.
Аз жаргалын зүг рүү
Хөтлөөд явахсан.

Чамайг би тэвэрмээр байна
Мөнхийн хайраа илэрхийлье
Чамайг би үнэрлэмээр байна
Зүрхээ өгснөө илэрхийлье
Нулимсыг чинь арчмаар байна
Дэргэд чинь бий гэдгээ сануулъя.
Гарыг чинь атгамаар байна
Хэцүү бүхэнд хамт гэдгээ харуулъя.

Үсэг бүхэн минь
Үг болог
Үг бүхэн минь
Мөр болог
Мөр бүхэн минь
Бадаг болог
Бадаг бүхэн минь
Шүлэг болог
Шүлэг бүхэн минь
Өр зүрх минь болог
Өр зүрхийг минь
Хүлээж аваач!

Нүдийг чинь ширтмээр байна
Зүрхийг чинь харах гэсэн юм
Зүрхийг чинь өвтгөх шарх бүрийг
Хайраараа би эмнэе гэсэн юм.

Гэнэт ирсэн онгод
Ирсэн шигээ одсон ч
Онгод минь чи хүрээд ирээч
Үргэлжлүүлээд чамдаа бичихсэн!

2012/02/09

Нойрон дундах галзуурал

Нойрон дунд сэрүүднэ
Нойр надаар тохуурхана
Нүүдлийн цуваа ниснэ
Намайг тойрон эргэлдэнэ
Нүдээ нээсэн, харанхуй
Нүд намайг хуурна
Нохойн дуу хадна
Нойрны эм уугаасай
Надад бас нэгийг
Нойрон дунд сэрүүднэ

Зовхи нүд дарна
Зовхи нүдэнд дийлдэнэ
Хөл халуу оргино
Хүйтэн хана сорно
Зүүд надаар наадна
Зориуд сэрүүнд наадна
Хажуу жагар солиорно
Хажууд нь би сэрүүднэ
Залхсан тархи самуурна
Зөрүүд сэрүүдлийг тэвчихгүй
Харанхуй дунд галзуурна
Хэн ч мэдэхгүй өнгөрнө

2012 оны 2-р сарын 9-ны шөнийн 2 цаг.