2014/11/16

Үхлийн өмнөх мэдрэмж

Үхэл. Энэ бол цэг. Би христийн шашны "Мөнхийн амьдрал", буддын шашны "Хойд төрөл" гэдэгт итгэдэг хүн биш. Хүн үхсэн бол үхсэн. Эцсийн цэг. Мэдээж хадгалагдах хуулиар нэгэн цул явсан бие минь оргүй алга болохгүй. Нэг төлвөөс нөгөө төлөв рүү шилжинэ. Сүнс рүү биш шүү! Тийм мухар сүсэгтэй хүн би биш. Газар дор булуулсан бол мах, шөл, яс бүгд эсийн ширхэг бүрээрээ үхэх нь үхэж бичил биетнүүдийн хоол болох нь болно. Биеийн минь нэгэн хэсэг ертөнцийн нэгэн бактертай хамт байна гэж төсөөлөхөд би үхсэн гэж үү? Нэгэн цагт миний төлөө өөрийнхөө амийг ч хорлож чаддаг эсүүд минь миний эзгүйд наддаа харъяалагдсаар байх уу?

Төрсөн бүхэн үхдэг. "Маргааш өглөө чи сэрэхгүй ч байж магад" гэж буддын шашинд сургадаг биш үү? Энэ амьдрал гэж нэрлэсэн амьдын чөлөөг ямар зорилготой олдог юм бол? Үй түмэн асуултын голд хариултыг эрэхгүй цагийг үрээд үхэл дөхсөн ч ойлгохгүй мунхаглан суух тэнэгийн оргил юм  даа, би.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Одоо ч гэсэн тэр хэдэн хормын мэдрэмж тодоос тод мэдрэгдэх болов уу? гэсэн хэсэг хэсгээрээ үл олдохын нүх рүү цувсаар, өнөө өглөө урьдын адил босож, урьдын адил цайгаа ууж, урьдын адил анимегаа үзлээ. Үхэл хүнийг ухаан оруулдаг гэдэг худлаа юм байна.

Би ногоон гэрлээр зам хөндлөн гардаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр тэр хорьхон хоромд миний өмч мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Ногоон гэрэл, эрээн зам дээгүүр машин явах миний өмчид халдаж байгаа мэт санагддаг. Ногоон гэрэл, эрээн зам хоёр минийх. Энэ бодол толгойд минь шимигч адил шигдэж толгойн эд эсүүдийг минь идэн улам томорсоор байдаг.

Өчигдөр амь насаа алдах дөхлөө. Ногоон гэрэл, эрээм зам миний өмч байлаа. Миний өмч дээгүүр автобус явах гэлээ. Өмчөө хамгаалахаар хамаг эрчээрээ урдуур нь гарах гэж гүйлээ. Тэрхэн толгойгоо эргүүлэн автобусыг харах агшинд автобус бараг дэргэд минь ирсэн байхыг харлаа. Ард явж байсан эмэгтэй "Яана аа!" гэхийг сонслоо. Тархи ажиллаж байна: Автобусанд мөргүүлэх мэдрэмжийг санууллаа. Би үхнэ гэдгээ мэдлээ. Би үхэлтэйгээ эвлэрчээ. "Би ингээд үхлээ" гэсэн бодол орж ирлээ. Харамсах мэдрэмжгүй, зовох мэдрэмжгүй, зүгээр л "би ингээд үхлээ". Жинхэнэ зовлонгүй үхэл энэ байх байсан биз. Үхлийн өмнө хүмүүст туулсан бүх амьдрал нь бодогддог юм гэнэ лээ. Би харин юу ч бодолгүй үхэлтэйгээ эвлэрсэн байх юм.

Энэ амьдралд юу ч хийж бүтээгээгүй учир ийм байна уу? Юунд ч санаа зовохгүй тэнэгийн дотор уужуу гэдэг нь биз. Автобус тоормозоо авлаа. Би урдуур нь гүйж амжлаа. Хойшоо нэг ч харалгүй зөвхөн урагшаа, зөвхөн урагшаа! явсаар л байлаа.

1 comment:

  1. ta univision ii codiig tavij ogood busdad buyan uildvel ter chineegeeree oort chin hariu irne shuu dee hehe

    ReplyDelete