2016/02/11

GoGo календард одон орны тооцоо хийдгийг мэдэх үү?


Тэр сарны дүрс гардаг хэсгийг хийснээ ярьж өгье.

Миний анх ажилд ороод авсан хамгийн эхний ажил бол "GoGo News Rebranding" гэдэг төсөл байлаа. GoGo News-г шинэчлэх. 6 жил өнгөө өөрчлөөгүй GoGo News-ийн програмчлалын ажилд орж байлаа. Вебийг бүрэн ойлголтгүй, сургуульд html-ийн хэдэн tag үзэж, аттрибутаар нь өнгө, фонт сольдог, CSS гэдгийг ойлгодоггүй, өргөн, өндөр, өнгө солихоос хэтрэхгүй, Javascript-ээр ганц хоёр мөр юм бичихээс өөр юм чаддаггүй байсан миний бие уг ажлаар л веб гэдэг зугтаж байсан зүйлд дүртэй болсон юм. Над их тус хүргэж байсан төслийн ахлах програмистдаа маш их баярлаж явдаг юм.

Анхалж сурч байгаа болохоор анхандаа CMS (Content Management System) хийлгүүлж байлаа. Мэдээ үүсгэх, мэдээний төрөл үүсгэх, зураг хадгалах, тамгалах гээд л жижиг сажиг ажлуудыг хийнгээ технологиудаа бага багаар гадарлаж эхэлж байлаа. Ингээд л эцэст нь хүнд харагдах хэсэг рүү орох ээлж боллоо.



Ажилд орсон цагаас л нэг гоё юм хийхийг хүсэж байлаа. Гоё тооцоололтой зүйл. Зүгээр нэг нээж хаадаг юм биш. Менежертээ ч бас ийм гоё математиктай юм хиймээр байна ч гэж хэлж байлаа. Хэхэ. Тэгж явсаар харин "GoGo Зурхай" хуудсыг хийхээр боллоо. Зурхай бол миний сонирхдог салбар. Математиктай!

Би хийж байхдаа гоё тооцоолол оруулмаар санагдаад болдоггүй. Календарыг хийж байхад сарны хэлбэрийг харуулдаг дизайн орж ирлээ. Өгсөн даалгавар бол билгийн тооллын 15 байвал бүтэн сарын зураг, 8, 25-нд тал сарын зураг, 30-нд битүү сарын зураг тавих байлаа. Би тэгсэн тийм амархан хиймээргүй санагдаад болдоггүй. Яагаад одон орны тооцоогоор гаргаж болохгүй гэж?! Төгсбуянтын зурхай одон орны тооцоотой хэр зөрдгийг харъя. Жил жилийн шинэлгээний маргааныг шийдье гэж бодлоо.

Ингээд нетээс хайж байгаад "Одон орны алгоритм" гэдэг номыг олж авлаа. Энэ номонд байсан алгоритмуудыг PHP хэлрүү хөрвүүлж буулгалаа. Бөөн бутархай тоонуудын тооцоонууд. Буулгаж байхдаа нэг л тоо зөрүүлсэн бол хариу нь буруу гарна. Би дотроо нэг л буруу хариу гаргавал шууд хаяна гэж бодож байлаа. Бүтэн сартай, тал сартай, саргүй гэсэн дөрвөн боломжийг гаргадаг функцийг нь бичээд ажиллуултал эхний оролдлогоор л зөв ажиллав. Сэтгэл сэргээд л явчхав. NASA-ын сайтад гаргасан тооцоотой тулгаж үзтэл ихдээ 1 секундийн зөрүүтэй байв. За болжээ гээд  л календартаа шингээчхэв.

Энэ үйл явдал бол 2 жилийн өмнө болсон гэхэд хүмүүс сайн мэддэггүй байх. Одоо харин сар шинээр тайлбар хиймээр санагдаад болдоггүй. Улаанбаатарын цагаар 2016 оны 2-р сарын 8-ны 22:40-д дэлхийн сүүдэр бүрэн сарыг бүрхэнэ гэж гарчээ. Энэ нь 8-ны шөнө гэсэн үг. Тэгэхээр Төгсбуянт шинэ зурхайгаар 8-нд битүүн гэсэн нь таарсан гэсэн үг. Харин хятад зурхайгаар 8-нд шинэлсэн. Одон орон хөгжчихөөд байхад яагаад Хятад улс энэ тооллоороо яваад байгаа нь учиртай биз.

Миний бодоход битүүний өдрийг Төгсбуянт зурхайд сар дууслаа гэж тооцдог бол хятад зурхайд шинэ сар эхэлж байна гэж тооцдог байж магад. Юутай ч 2-р сарын 9-нд бид, монголчууд шинэлсэн нь зөв гэж бодож байна. Энэ жил ч нээх маргаан, мэтгэлзээн ч өрнөсөнгүй, сайхан шинэлцгээлээ. Цаашдаа ч маргах хэрэг байна уу даа?!

2 comments:

  1. Сайн уу дүү. өөртэй чинь нэг холбогдох гэсэн юмаа... Байнга онлайн байдаг нэг social хаягаа өгөөч хө.

    ReplyDelete
  2. Шинийн нэгэнд нь ч бас сар харагдадгүй. Ер нь сар харагдах үгүй нь ажиглагчийн байрлалаас бас хамаарах юм биш үү? Миний бодлоор 15ныг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг тэгэхээр энэ өдрөөр л баримжаа авах хэрэгтэй.

    ReplyDelete