2011/09/09

Лисп ахтай танилцсан нь


КтМС-д нэг удаа Лисп ахтай танилцсан юм. Сургуулийн шугамаар манай сургуульд ирсэн байлаа. Би ч танилцсандаа их л олзуурхаж байсан юм. Лисп ах бол Америк төдийгүй дэлхийд алдартай байсан. Нэг өдөр Бек багшийн даалгавраар Лисп ахтай нэг улирал хамтарч юм хийхээр болов. Миний хувьд бол ихийг сурч мэдэх сайхан боломж байсан болохоор яаж татгалзах вэ? Өмнө нь хальт Бек багшаас Лисп ахын тухай сонсож байснаас биш ингээд хамтарч ажиллана ч гэж төсөөлж байсангүй.

За ингээд Лисп ахтай ажиллаж эхэллээ. Миний хэл гэж муу. Хальт мулт л хусаад байдаг, хоорондоо муу л ойлголцоод л, хэ хэ. Одоо бодоход их л хөгжилтэй байж дээ. Би ч Лисп ахаас програмчал сурах гэж ядаад. Лисп ах маань програмчлах арга барил нь шал өөр байсан юм. Энэ нь ч миний сонирхлыг татаж байлаа. Си, жава дээрх хэдэн арван кодыг хэдхэн мөрөнд л багтаагаад биччихдэг байсан юм.

Бид нар хийж байсан ажил бол эрэмбэлэлт байлаа. Лисп ахын програмчлал дээр үндэслэн эрэмбэлэлтийн арга техникүүдийг програмчлах байлаа. Мөн тэдгээр эрэмбэлэлтүүдийн хурдыг хэмжих байсан юм. Эрэмбэлэлтийн аргууд ихэвчлэн Си дээр олдож байсан юм. Тиймээс Лисп ах тэдгээрийг өөрийн арга барилд тааруулан програмчилж эхэллээ. Би ёстой их гайхсан юм (Эрэмбэлэлтүүдийг Лисп ах хэрхэн хэдхэн мөр кодод багтааж байсан юм). Ёстой гайхамшиг гэдэг л энэ байх даа. Миний хувьд энэ хамтарсан ажил их туршлага болсон юм. Хамтарсан ч гэж дээ, хэ хэ.

Эцэст нь ажил ч дуусаж Бек багшид ажлаа үзүүллээ. Ажил ч амжилттай дууссан юм. Тэгээд би Лисп ахын тухай жаахан бичихээр шийдлээ. Таныг ч гэсэн гайхшруулна гэдэгт итгэж байна.

1958 онд Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг Жон МакКарти (John McCarthy) Лисп (Lisp)-ийг хийсэн юм. Лисп гэдэг нь Жагсаалт боловсруулах буюу LIst Processing гэдэг үгнээс үүссэн юм. 1958 гэхээр 2011-ээс хасахаар 53 настай гэсэн үг шүү дээ. 53 настай байж л тэтгэвэртэй гарахгүй яваад байна гэдэг хэр их чадалтай нь харагдаж байгаа биз.

Лисп хэл дээд төвшний програмчлалын хэл. Сурах хүнд. За тэгээд өгөгдлийн бүтцийн ихэнх төрлүүд өөр дээр нь байдаг. Авсаархан. Лисп хэлний уриа бол "Програмчлагддаг програмчлалын хэл". Зүгээр л програм бичиж байхдаа л Лисп хэлээ програмчлаад, хөгжүүлээд байж болдог гэсэн үг.

Хүйтэн дайны үе буюу өнөөх Капаталист, Коммунист хоёрын сөргөлдөөн бий болоход л Америк нөхдүүдэд ёстой хэрэг болсон эд гэж байгаа. Харвасан пуужинг эсэргүүцэх, пуужингийн байг тооцоолох гээд л.

Манайхан чинь веб веб гээд байдаг. Лисп ах чинь веб ч гэсэн програмчилдаг ш дээ. Бүх хэлтэй зохицох чадвартай. Си хэл мэл рүү чинь хөрөвчихнэ. Лисп дээр бичсэн кодоо Си рүүгээ оруулаад ирнэ. За за ёстой магтаад байвал магтаад л байдаг эд дээ.

За за нэг код бичээд үзэх үү? Эхлээд суулгачих. Коммон Лисп (Common Lisp) гээд нэг юм бий. Лисп хэлний хэдэн хэдэн стандартууд байдаг юм байна лээ. Тэрнээс энэ коммон лиспийг нь би сонгоод байгаа юм.

Энд дараад татаад суулгачих. Нэг гоё лааны зурагтай байгаа. clisp гэсэн командаар ажилдаг.  Терминал (Виндөвс дээр Command Prompt гэдэг байхаа)-аа гаргаад clisp гэсэн команд өгөхөд Комман лисп маань ажиллана даа. Тэгээд "Hello, World!" гэж хэвлээд үзье даа.

(print "Hello World") Гэсэн кодыг бичээд оруулахад "Hello World" гээд хэвлэгдэнэ.
Гэхдээ хоёр хэвлэгдэнэ. Учрыг нь дараа болъё. Одоо дуусгая. Дараа үргэлжлүүлье.



No comments:

Post a Comment