2011/02/08

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 7. Музейн хот


Аялалын тухай цуврал болгох хүргэж байгаа билээ. Тэгсэн бичих зав ч гардаггүй. Миний ч залхуу хүрээд. За юутай ч өнөөдөр нэг цаг гаргаж байгаад нэг хотоо дуусгахаар шийдээд бичлээ. Жайсалмер хотын сүүлийн хэсгийг хүлээн авна уу?
          

  Өглөө эрт бидний хамгийн эхний үзэх ёстой газар бол Жайсалмер бэхлэлт орох байлаа. Бүгд автобусандаа сууж \мэдээж хоцордог зангаараа хоцорсоор\ хөдөллөө. Замын хажуунаас өвгөн хөтөч хоёр дугуйтаа унаад урд гарч замчлав. Тэгээд зүгээр л нэг байшингууд дунд буулаа. Өвгөн хөтөч биднийг тэдгээрх байшингууд дундуурх нарийнхан нарийнхан гудамжуудаар цааш нь дагуулж явна. Гудамжны хоёр талын шуудуугаар бохир ус урсаж, өмхий үнэртэх нь аль хэдийнээ хамранд дасал болжээ. Замын голд хөндлөлдөн зогсох үхэрнүүд ганц нэгээр саад болоод хажуугаар нь өнгөрөхөд “мөргөөд хаячихна шүү!” гэсэн юм шиг муухай харна. Бохир ус, үхрийн баас хоёроос болгоомжлохын зэрэгцээ нарийн гудамжуудаар сүлжилдсээр ирэх ёстой газраа ирлээ.

            Махаражагийн ордонд ирлээ. Ханыг нь маш уран сийлж гаргасан хээгээр чимэглэсэн нь гайхалтай. Өвгөн хөтөч ийн тайлбарлаж байна. Энэхүү бэхлэлтийг Хинди, Перс хэлбэр маягийг хослуулан барьсан гэсэн юм. Дотогшоо орвол музей байх агаад төрөл бүрийн цоожнууд, буу, зэвсгүүд ихэнхийг нь эзэлнэ. Энэхүү бэхлэлтийн дараа дахиад цаашаа алхацгаав. Одоо энэхүү ордон музей, зочид буудлын үйлчилгээ явуулдаг газар болсон байсан юм. Тэгээд цаашаа алхацгаав. Дахиад өвгөн хөтөч Жайсалмер хотод ирсэн английн сэтгүүлч уг хотыг “A Living Museum” гэж бичсэн гэж хэллээ. Энэ хотын бүх барилга байшин нь уран хийцтэй агаад тэдгээр нь зүгээр л тэдний гэр нь гэж бодохоор үнэхээр гайхалт шүү. 


            Цаашаа явсаар бид Жайсалмер бэхлэлтэд ирлээ. Өндөрлөг чулуун уулан дээр цөлийн шаргал чулуугаар барьсан энэхүү бэхлэлт үнэхээр сүртэй. Энд л байлдаантай кино хийвэл үнэн тасархай болно доо хэмээн бодогдуулж билээ. Бэхлэлтрүү орон ганц их хаалгатай бөгөөд үнэхээр түм түчигнэж, бум бужигнасан газар байлаа. Үүдэн дээр гэр бүлийн бяцхан тоглолт явагдаж байх юм. Бяцхан охин утсан дээр явж байна. Толгой дээр юм тавиад нэг дугуйгаар олсон дээр явж байна. Дараа нь нэг хөлөндөө төмөр таваг тогтоон олсны нэг захаас нөгөө захруу явна. Үнэхээр чадварлаг гүйцэтгэж байлаа. Тоглолт дуусаж эцэг эх нь хүмүүсээс мөнгө гуйна. Над ирэхэд нь даан ч задгай мөнгө байсангүй, байхгүй гэсээр цаашаа нүүр буруулан явахад сэтгэлд жаахан тиймхэн байлаа.

            Дотогш орлоо. Хар цагаан, бор, шар гээд эсэн бусын хүмүүс. Тэрэн дотор хоёр Хинди сүмэнд орлоо. Өнөөх л хөл нүцгэн орох ёстой гэдгээр нь гутлаа тайлаад хүйтэн гантиг шалан дээр хөлөө тавилаа. Монгол хүн дээрээсээ биш доороосоо амархан даардаг гэж ярьдгаар хүйтэн чулуу хөлнөөс минь биеийн минь бүх дулааныг сороод байгаа юм шиг санагдана. Сүм дотор гэрэл зураг авахыг хориглож байсан ч хүний үг сонсдоггүй Монголчууд нууцаар аваад байх нь тэрдээ. Минутаар хэмжигдэх өвгөн хөтөчийн Жайсалмер дахь аялалын дагуу бид нарт гучин минутыг өглөө. Бэхлэлт дотор зах, үйлчилгээний газрууд гээд л үнэхээр их хүмүүс бужигнасан газар байлаа. Яг л таван зууны тэртээ яг л ийм л байсан байхдаа гэсэн сэтгэгдэл төрнө. За дараагийнх нь. Нэг бөхтэй тэмээ унана шүү дээ.

            Хотоос гараад нилээд явлаа. Алтан нар элчээрээ элсэн ширхэгүүдийг шарж улам бүр шаргалтуулна. Пакистаны хилтэй ойрхон газар байдаг гэхээр нь бөөн хорлон сүйтгэгчид \террористууд\ Пакистанаас ирээд бөмбөг тавибал яанаа гэсэн бодол төрөх шиг. Дөнгөж автобуснаасаа буугаад л биднийг эгнэсэн тэмээнүүд хүлээж байлаа. Тэмээ гэдэг амьтан таван хушуу малын нэг тул Монгол хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ удаад нэг бөхтэйгээрээ ялгаатай билээ. Оргил бид хоёр тэдгээрээс нэг тэмээ сонгож аваад уналаа. Унасан гэж хөтлүүлсэн. Бид нар хоорондоо уралдан хэн түрүүлэх вэ? хэмээн тэмээнүүдээ шалвалуулах гэсэн боловч Монгол хэл мэдэхгүй гадаадын тэмээнд юу гэж хэлээд ч үг ойлгохгүй юм даа хөөрхий. Элсэн уулс зах хязгааргүй үргэлжлэх агаад машин зам түүнийг голоор нь хагалж зурайна. Хөтөлгөө тэмээний уралдаанд уралдаж байгаа тэмээ биш, тэмээн дээр сууж байгаа хурдлуулах гэж байгаа бид нар өөрсдөө ядарцгаана.

            Тэмээний бяцхан хөтөлгөө дуусаж нэгэн элсэн дов дээр буулгав. Дов бүр дээр хүмүүс тэмээнээсээ бууна, тэмээн дээрээ сууна, зарим нь зүгээр зогсоно. Гурван Монгол элсэн дээр жаал наадан зургаа авахуулцгаана. Нэг жаахан таагүй зүйл нь өнөөх л хог энэ элсэн говийг ч тойрсонгүй. Өнөөх л энэтхэгүүдийн толгойд зоогдсон “Хог хаях” гэдэг гажиг хэзээ арилах юм болоо?

            Тэмээний дараа бяцхан урлагийн тоглолт үзэх байлаа. Тэгээд арваад километр явж өнөөх урлагийн тоглолт болох газар очлоо. Аль хэдийнээ наран элсэн уулсын цаагуур орж халуун дулаан илчээ татан хүйтэн жиндүү уур амьсгал аль хэдийнээ ноёрхолоо гартаа авч өдрийн шаргалтаж байсан элсэн ширхэгүүд өнгөө хураажээ. Говь цөлийн хүмүүс гэдэг арай өөр юм аа. Толгойгоо алчуураар ороон, нарны хурц илчинд түлэгдэн харласан царай, тэмээгээ унаад явж байгааг нь харахаас мянга нэгэн шөнийн үлгэрт гарах арабын элсэн цөлийн нутгийг бодогдуулна. Тайзан дээр хөгжимчид хөгжмөө тоглон, дуучид дуугаа дуулцгаана. Гэхдээ энэ бол ердөө бие халаалт байлаа. Хамгийн гол үзүүлбэр бол толгой дээрээ зургаан үе давхарлан тавьсан савнуудтай бүжиглэх байлаа. бүжигчин хоёр бүсгүй тайзан дээр гарлаа. Хөл нүцгэн ийм хүйтэн шалан дээр бүжиглэхээр гарч байгааг харахад өмнөөс бие арзас хиймээр харагдаж байлаа. Зургаан үе давхарласан саваа толгойн дээрээсээ унагаалгүйгээр барам дээш нь босгож хадсан хадаасан дээр гишгэж байгаад бүжиглэх нь үнэхээр гайхалтай. Тэрхүү үзүүлбэрийг үзэхээр олон гэр бүл явааг хараад энэтхэгчүүдийн үнэхээр амьдралын төвшин нь сайжирч байгаа нь мэдрэгдэнэ. За дэмий чалчаад эхэллээ шүү! Үндсэн сэдэврүүгээ оръё. Явах цаг болжээ.

            Маргааш өглөө Удайпур хотруу!

No comments:

Post a Comment