2011/02/05

Төвд бууз + Энэтхэг сүүтэй цай = Цагаан сарын битүүлэг

Цаг хугацаа урсан өнгөрсөөр, дөрвөн улирал ээлжилсээр байдаг ч нэгэн жилд ганцхан удаа учрах цагаан сар хаяанд тулжээ. Хуучин жил халаагаа шинэ жилд өгөхийн өмнөх ганц өдөрт хуучин бүхэн шинээр солигдон, сар битүүрэн шөнийн тэнгэрт үл үзэгдэх битүүний өдөр өнөөдөр билээ. Хүний нутгийн нар манддагаараа мандаж, салхи үлээдэгээрээ үлээж, тэнгэр цэлийдэгээрээ цэлийсэн байдаг л нэг өдөр. Өглөө босдогоороо босож, дүрэмт хувцсаа өмсдөгөөрөө өмсөж, автобус хөдөлдөгөөрөө хөдөлж, сургууль очдогоороо очиж, өглөөний цайгаа уудагаараа ууж, түлсэн гурилынх нь хатууг гоочилдогоороо гоочилж, хичээл ордогоороо орж, хичээлдээ суудагаараа сууж, завсарлагааг завсарладагаараа завсарлаж, өдрийн хоолондоо ордогоороо орж, дахиад хичээлдээ суудагаараа сууж, хичээл дуусдагаараа дуусаж, автобусаа хүлээдэгээрээ хүлээнэ. Өдөр бүр давтагдах эгэл миний энгийн амьдралын тойрог. Гэвч энэ өдөр надтай "Битүүн шүү дээ" гэсэн бодол үргэлж хамт явсаар байлаа.


Автобусаа хүлээх завсараа өөрийн эрхгүй бууз идэх хүсэл минь хүрж Оргилтойгоо хамт сургуулийнхаа дэргэдэх төвд хоолны газар орлоо. Хоёр таваг шарсан үхрийн махтай момо \Балбаар юм уу? Төвдөө юм уу? бууз гэсэн үг\. Нэг тавгандаа найман бууз ирнэ. Шарсан буузаа идчихээд ханасангүй жигнэсэн бууз идье гээд дахиад хоёр тавгийг захиаллаа. Автобус хөдлөхөөс өмнө гялс хусчихаад, орой битүүнд бууз идье гээд дахиад хоёр жигнэсэн буузаа авч явахаар захиалаад авч явлаа даа.

Байрны найзууд маань "Mongolian New Year Party" яасан бэ? гээд байнга байнга хаалга татна. Монголын шинэ жил гэхээр л хөөрхий "Party" гэж толгойд нь буудаг бололтой. Өрөөний тоосыг гөвөөд битүүн эхлэнэ дээ. Гэрээс явуулсан чихэрнүүдээ тавгийн идээ болгоод хэдэн хөрсөн буузаа идэхээр тавилаа. Дотуур байрныхаа найзуудыг дуудлаа. 

Тэгээд л битүүлэг. Бууз хөрчихсөн байсан болохоор усаа буцалгаад. Бангладеш найздаа "Бууз хөрчихсөн байгаа биз дээ. Май энийг ав" гээд халуун ус өгсөнд "Mongolian New Year Party"-д сэтгэл нь хөдлөөд өнөөх халуун усыг шууд гудраад амаа түлчихвээ. Халуун орны хүмүүсийн сэтгэл нь амархан хөдөлнө шүү! Хэ Хэ. Араб, энэтхэг, балба, бутан гээд л олуулаа 16-хан ширхэг бууз байсан ч багадаагүй юм. Энд л битүүний мөн чанар байдаг биз ээ.

Уул нь хар ус биш цай уудаг юм гээд Арабуудаас хуурай сүү, Бангладешаас байхуу цай, Монголчуудаас халуун үс, энэ гурвыг нийлүүлээд сүүтэй цай. Ингээд сүүтэй цайгаа уугаад битүүлэг дууслаа даа. Маргааш өглөө эрт гарч мөрөө гаргах тул унтая даа.

No comments:

Post a Comment