2011/02/26

Эгэл хэвийн онцгой өдөр

Өглөөний наран цонхны шилийг нэвтэлж нүүрэнд тусахнаа зүүдэн нойрноос сэрнэ
Өдрийн наран тэнгэрээр аялаад сэмжин үүлийг цоолон тусахнаа хичээлийн нойрноос сэрнэ
Оройн наран уулын цаагуур биш хоёр давхаруудын ард шургахнаа нетийн нойрноос сэрнэ.

Энэ бол миний амьдралын хүрд. Эцэс төгсгөлгүй давталт. Байз алгоритмд давталт төгсдөг байх ёстой. Тэгэхээр төгсгөх нөхцөлтэй эцэс төгсгөлгүй давталт үргэлжилсээр...

Бороо орлоо. Таван сар ангасан улаан шороо усаар ханасан эгэл хэвийн онцгой өдөр. Өглөөний манан салхиар сарниад нарны илчин бүгчимдүүлэн халаахад толгой манарсан, сургууль  дээр сэнсээр зэвсэглэсэн миний бие халууны эсрэг тэмцээд ялагдлаа, дахиад толгой манарсан, бүрхэг өдөр, гунигтай өдөр, бас сайхан сэрүүхэн өдөр эгэл хэвийн онцгой өдөр.

Энэ эгэл хэвийн онцгой өдөр нет орлоо. Өлзий найзын блог хамгийн эхнийх нь. Тэгээд гарчиглаж сууж байгаад шилдэг блогийн нийтлэл шалгаруулсан тухай хараад сонирхлоо. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар байр. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Нэгт орсон нийтлэлийн эзний блогийг оллоо (http://aanxaa.blog.gogo.mn). Сайхан бичдэг Монгол залуу. Нийтлэлүүд уншиж байна. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Миний энэ бичиж байгаа энэ нийтлэл ч тэрний дэргэд түүхий мах. Тэр махаа шүдэнцний галаар болгох гэж ядаад, ай барахгүй, цахилгаан зууханд хийчихье. Болсон, түүхий хоёр холилдоод... Алтны дэргэд гууль шууд шарлаад... Аанхаа нийтлэлчийг биширлээ. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Аанхаа шиг болъё. Гэхдээ түүнийг дууриахгүй. Расул Цадаса: "Хэзээ ч хүний морь бүү уна" гэснээр би Аанхаагийн морийг унахгүй. Би өөрийн гэсэн морьтой. Би морио сойно. Айрагтдаггүй юмаа гэхэд эрүүл чийрэг, хурд хүчтэй, шандаслаг болгоно. Сайн уяач болноо би. Ухлаа, Уншлаа, Ухаарлаа. Эгэл хэвийн онцгой өдөр.

Бичих үг минь дууслаа. Сумгүй буутай байлдагч боллоо. Гэсэн ч сэлмээрээ цавчия, хутгаараа чичье. Ялж чадахгүй ч тугаа, амиа хамгаалмаар байна. Ухаан бодол нь задарч байгаа юм болов уу? эсвэл бүүр тэнэг болж байгаа юм болов уу? Эгэл хэвийн л онцгой өдөр.

Би өглөө цайгаа ууж, өдөр хичээлдээ сууна. Гэхдээ Монголын төлөө идэж байна, Монголын төлөө амьдарч байна, Монголын төлөө сурж байна. Гэхдээ Монголын төлөө биш байлаа ч миний хийх ёстой л зүйлс. Эгэл хэвийн л онцгой өдөр.

Миний эгэл хэвийн онцгой өдөр. Таны эгэл хэвийн онцгой өдөр. Манай эгэл хэвийн онцгой өдөр. Танай эгэл хэвийн онцгой өдөр. Бүгдийн эгэл хэвийн онцгой өдөр. Монголчуудын эгэл хэвийн онцгой өдөр.

Таны эгэл хэвийн онцгой өдөр тань юу вэ?

No comments:

Post a Comment