2011/03/15

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 8.Махаражатай зургаа авахуулсан нь



Уучлаарай! Өмнөх аялалын тухай бичлэгийн төгсгөлд “Удайпур хотруу!” гэж мөхөс би ташааран бичжээ. Өнөөх үзсэн харсан хэдэн юм аа хооронд нь сольж холиод, мартаж санаад хариуцлага алдаж байх чинь. Тэгэхээр манай аялал Удайпур биш Жодпур хотоор үргэлжилж байна.


Жайсалмерийн элсэн цөл, наран түлэгдэж борлосон чулуунуудыг хүрэн өнгө давамгайлж эхэлж буй нь шинэ газар ойртож буйг илтгэх авч хүрэх газар болоогүй л байлаа. Автобусанд дуугарах хинди дууны гонгинолт миний нойр хоёр их тэмцэл хийж энэ тэнцүүхэн тулалдаж байлаа. Эхний өдрийг бодвол аялагчдын маань цог нь жаахан буураа юу даа гэмээр харагдаж байлаа. Халуун орны нөхдүүдэд энэтхэгийн хойд хэсгийн өвөл зутрааж байгаа нь тодхон. Гэхдээ дөнгөж аялалын маань гурав дахь хот шүү дээ.

Намхан намхан барилгууд дунд брендийн гэх бараануудын суртчилгаа, машин зам, тээврийн хэрэгсэл олширсоор Жодпур хотдоо ирлээ. Ражастан аймгийн хоёр дахь том хот гэсэн үнэхээр өмнө хоёр хотыг бодвол илт мэдрэгдэж байлаа. Өглөө мөн хоцорч гарсны улмаас бид Жодпурт үдээс хойш ирж өдрийн хоол маань жаахан хоцорч байлаа. Төв гудамжаар явсаар нэгэн тансаг буудалд ирж буугаад хоолонд орохоор болов. Энд хононо хэмээн горьдсон ч арай үгүй байсан юм.

Үдээс хойшхи хоолны дараа бид шууд үзэх газарлуугаа явахаар автобусандаа суулаа. Замын нөгөө талаас нь өндөр тэгшхэн нуруутай, нүдний шил зүүсэн, нилээд боловсролтой гэмээр, яг улс төрч, хуульч гэж харагдах залуу орж ирлээ. Өөрийгөө танилцуулаад жолоочид зам зааж өглөө. Автобус маань явсаар газар өндөрссөөр. Замын хажууд өндөр том хад байгаад оройг нь автобусны цонхноос харж үл чадна. Өгсөж өгссөөр бид хүрэх газраа очлоо. Тэртээ цаана сүрлэг чулуун бэхлэлт сүндэрлэн яг л доор нь буй хадтайгаа нэгэн цул мэт асаад, түүнийг хүрээлэн өндөр нуруудын оройн ирмэг дагуулан барьсан хэрэм хамгаална. Хэрэм дотор жижигхэн хиймэл нуур доор цухуйж шувууд мандлаар сэлцгээнэ.

Бэхлэлтийг Мехрангарх гэх бөгөөд тийшээ явлаа. Хөтөч маань Монголчуудтай яриа дэлгэн \Угаасаа Монголчууд тэргүүн эгнээнд\, яриан дундаас манай хөтөч маань таван хэлээр ярьж чадна гэнэ. Та нар ямар хэлээр тайлбарлуулмаар байна гэж асууж байх нь тэр. Англи, Испани, Герман юу юу ч гэчих вээ. Түүхийн ухаанаар судалгаа хийдэг бөгөөд түүнийхээ ажуугаар хөтөч хийдэг гэв. Профессор Сэрдарам багш санагдчихлаа. “Би бол ажлахынхаа хажуугаар багшилдаг. Багшлах бол миний хобби.” гэж хэлж байсантай адил хөтөч хийх бол түүний хобби. Бусад хөтчүүдээс арай л өөр сэтгэгдэл төрсөн юм. Яриа хөөрөө болон явсаар бэхлэлтний үүдэнд ирж хөтөч тайлбараа хийлээ. Бэхлэлтний оройд тагтан дээр модон хүрд харагдах нь сонин харагдаад асуутал энэ нь доороос дээш юм зөөхөд хэрэглэдэг байсан гэв...

Уг хотыг маань Жода гэдэг махаража байгуулсан учраас Жодпур гэж нэрлэжээ. Уг Мехрангарх бэхлэлтдээ ч махаража нар нь амьдардаг байж. Бэхлэлт гэсэн утгаараа зэр зэвсэг үзүүлэн болгон тавьсан ч Биканер хотынхоос харьцангуй цөөн байсан юм. Явсаар бид нар махаражагийн унтлагын өрөөнд ирлээ. Нэг махаража нь гурван зуугаад эхнэртэй бөгөөд зургаан цаг тутамд нэг хатан нь ирж хаантай уг унтлагын өрөөнд унтдаг гэж хөтчөөс сонслоо. Гурван зуун эхнэр гэж. Бүгдэнг нь таньдаг л байсан байхдаа??

Ингээд бид цаг давчуу байсан учраас түргэвчилж явж байлаа. Оргил бид хоёр бэхлэлтийн өндөрлөг хэсэг рүү гарч хоёр гурван зураг татав. Хадан цохио, уран барилга, бэхлэлт энэ бүгд нэгэн дор зохьцолдон цогцлоод өмнөх хоёр хотын бэхлэлтээр илүү сэтгэгдэл төрч байлаа. Сүүлчийн махаража нь дөрвөн настайдаа махаража болж байсан гэнэ. Одоо тэр махаража нь амьд сэрүүн гэх бөгөөд уг бэхлэлт ЮНЭСКО-д бүртгүүлсэн юм байна. Тэгээд шинээр ордон бариулж одоо тэрхүү ордондоо суудаг гэнэ.

Бэхлэлт үзсэний дараа ойрхон байрлах цагаан гантиг тахилгын сүмд ирлээ. Уг сүм нь насан өөд болсон махаражануудад тахилга өргөдөг юм байна. Таж Махалыг барихад хэрэглэсэн цагаан гантиг авсан газраас цагаан гантиг авчруулан бариулсан гэнэ.














Ингээд өндөрлөг хэсгээс хотын эргэн тойрныг харахад шигүү шигүү дөрвөлжин байшингууд хөх өнгөөр ижилсээд хот нэлэнхүйдээ хөх туяатай үзэгдэх нь ёстой л нүдийг минь хужирлана.

Ингээд хоолны цаг. Явах цаг боллоо залуусаа. Яруухан ч гэсэн... Хадуурч байнаа хө.
Хождож гарсан секунд бүр минут минутаар аялалын маань цагаас хумсалсаар цаг маань улам бүр давчуу болж цагаан гантиг сүмд ердөө арван минутыг зарцуулахаар болсон юм. \Одоо мэдэж байгаа биз дээ. 10 минут гэдэг энэхэгээр 30 минут гэсэн үг\ Хариуцлага хэдэн хүмүүсээс болж аялал маань ийм болж байгаад жаахан сэтгэл дурамжхан л байлаа. Зарим нэгэн маань аль хэдийнээ цаашаа аялах сонирхолгүй болчихсон байсан юм. Харамсмаар шүү.

Ингээд амрах боллоо. Өнөөх тасархай буудалд хонохгүй нь тодорхой. Тэгээд явсаар нэг газар ирлээ. Дотогшоо орсон чинь юу вэ?
Өөдөөс аймар том арслан харайж байна. Аааааа үүүү... гээд цочиж унасан чинь аймар том баримал байж байгаа. Цаашаа явсаар хоёр давхар намхан урт байшинд бид нарыг өөрөө өөрийг нь зааж оруулав. Биканерт хамт хоносон хоёр Афганийг хоёр Монгол дээрэнгүй загнаж орийг нь булааснаас болж мань хоёр хамт орох сонирхолгүй болсон тул хар гэж гадуурхагдах \Яг илт ч гадуурхсан зүйл байхгүй ч хүн бүгдийн тархийг тэгээд угаачихсан байдаг юм болов уу даа\ хоёр Кенийн нэгтэй нь хамт нэг өрөөнд орно доо. Хоёр Монгол хар цагаан гэж голох биш.

Өдрийн туршид тэнгэрийг бүрхсэн саарал үүл наран цацрагаа хураах оройн сэрүүн салхинд туугдан хуралдсаар нэгэн бүхэл хар үүл болж их хураа доош нь харамгүй түгээв. Бодрол үгс - Өвлийн бороо. Энэтхэгт л өвөл бороо ордог юм.

Өглөө боллоо. Борооны дараа үнэртдэг хөрсний үнэрийг нутгаасаа өөр газарт мэдрэхгүй.

Өнөөдөр өглөө эрт гучин минутын дотор одоогийн махаражагийн ордонг үзээд цаашаа Удайпур хотруугаа явна. Гурван зуун тавин километр зайтай гэсэн бөгөөд хоёр километр явж байж өдрийн хоолондоо орох газартаа очих төлөвлөгөөтэй. За тэгээд махаражагийн ордон руу явлаа. Бас багагүй төлбөр авчихдаг юм билээ. Гэхдээ бид нар төлөхгүй л дээ. Ордонг шинжвэл шинээр баригдсан нь илт харагдах бөгөөд англи маягийн загварыг уламжлалт нарийн урлалтайгаа хослуулан барьжээ. Ордны зүүн жигүүрийг л жуулчдад зориулсан бөгөөд бусад хэсэг рүү орох нь хоройтой байдаг юм. Ингээд зүүн жигүүрийн хаалгаар орлоо. Махаражагийн хөрөг урдаас тосож авах бөгөөд түүнийг дэргэд Махаража өөрөө зогсож байна. Махаража мөн биш хэмээн эргэлзэж байх зуур Монголчууд сэрэглэнтээд махаражагийн дэргэд очоод зургаа авахуулчихав.  Хэ хэ, тэгсэн зүгээр л нэг үзмэр тайлбарлагч байдаг байгаа. Гэхдээ л махаражагаас ялгахгүй л юм билээ.


Дотор нь нээх сонирхолтой зүйлс үгүй бөгөөд ордонг ч бүхлээр үзэж чадахгүй тул тиймхэн л байлаа. Ордны гадаа хөндлөн зурвас татсан агаад түүнийг нэвтрэхийг хориглох юм. Жаахан ойртвол цаанаас шүгэлдээд л. Тэрийг нь сонсохгүй  зургаа авахуулана, Монголчууд. За ингээд цаг боллоо. Удайпур луу жинхэнээсээ урагшаа.


No comments:

Post a Comment