2011/04/05

Санал Хүсэлтийн Хайрцагт Тороо Татсан Аалз


Нэгэн аалз. Жижигхэн аалз. Байшингийн буланд тороо татсан юм. Жирийн л нэг аалз. Утас хэрж нарийн татаагүй юм. Чадвар нь хүрээгүй биз дээ хөөрхий. Хэн ч түүнд заагаагүй, хэн ч түүнд туслаагүй... Торон дээрээ хөдөлгөөнгүй хүлээх аалзанд идэш нь торонд орохыг хүлээхээс өөр арга байгаагүй юм. Муухан татсан торыг харсан ялаа аалзны дэргэдүүр байн байн нисэж янзыг нь үзнэ. Аалз чимээгүй, бас хөдөлгөөнгүй. Хажуугийн модонд үүрлэсэн зөгий байн байн ирж аалзны торонд албаар орно. Аалзны баярласан гэж жигтэйхэн хурдалсаар очиход зөгий нэг хүн хийж нисэж аалзыг дээрэлхэн торыг эвдэнэ. Аалз эргээд байрандаа, хөдөлгөөнгүй хүлээнэ. Өлслөө гээд хоол өөрөө ирэхгүй. Түүнд ганц л сонголт бий. Тэр бол хүлээх. Шөнө бүр тасарсан тороо эвлүүлнэ. Энэ бол ийм нэгэн аалзны үлгэр.


Аалз залбирсан юм. Бурханд залбирсан. Энэ хэцүү хорвоогоос одохыг бус харин идэх хоол хүссэн юм. Бурхны сонссон уу? Үгүй юу? Хэн мэдэх вэ? Бөөн сахилгагүй хүүхдүүд орж ирсэн юм. Нэг нь гартаа аймаар том голио барьж байсан юм. Голиогоо яах ийхээ олж ядсан хүүхдүүдийн нүдэнд хөөрхий аалз таарав. Өнөөх голиог аалзны торон дээр тавив. Аалз голиог идэх үү? Аль эсвэл голио аалзыг идэх үү? Гэдэг хүүхдүүдийн дунд томоохон бооцоо. Тэмцээн эхэллээ гэсэн дохио өгсөн боловч голионы нэг үсрэлт аалзны торыг бүхэлд нь эвдэж хаяв. Тэмцээнийг сүйтгэсэн голионд хүүхдүүд тохирох шийтгэлийг нь өгч нэгэн пүүзний ул нэгэн амиар мялаалгаж, тэр нэгэн амь нэгэн пүүзний улаар дуусах тавилантай байжээ. Харин хөөрхий аалзыг хүүхдүүд тоогоогүй юм. Магадгүй голионы оронд аалз байсан бол хамаагүй дээр байх ч байсан бил үү?

Аалз хамаг чадлаараа зугтаасан, шалан дээр, ханан дээр, таазан дээр. Нэгэн харанхуйд орж нуугдсан. Юунаас ч айхгүй, амар тайван. Энэ бол аалзны амгалангийн орон. Аалз дахиад л тороо татна. Дахиад л хөдөлгөөнгүй идшээ отно. Энэ удаад аалзыг дээрэлхэх хэн ч үгүй. Амар тайван. Амар тайван нэг хонолоо... амар тайван гурав хонолоо... амар тайван тав хонолоо... Аалз хоолоо хүлээсээр. Харанхуй тэр газарт нэгэн зураасан гэрэл үзэгддэг. Магадгүй аалз анх тэр зураасаар орж ирсэн юм байх аалз тэрнийгээ мэддэггүй.

Идэх хоолгүй, итгэл найдваргүй, зүгээр л хүлээсэн, хүлээсээр ч байсан нэгэн аалз. Магадгүй тэр аалз үхсэн ч байж магадгүй. Гэхдээ түүний бие нь тэр харанхуйд байсаар, мөн хүлээсээр. Аалзны харанхуй, хов хоосон амгалангийн орны гадна талд “Санал Хүсэлтийн Хайрцаг” гэсэн үг тоос шороонд дарагдан өнгө муутайхан дүнсийж байлаа.

No comments:

Post a Comment