2012/07/14

Гэмшил

Би сургууль уруугаа явахаар гэрээс гарлаа. Өглөөний наран мандахын наана намрын хүйтэн салхи үлээж уусан халуун цайны илчин дороо хөрөх шиг болж хоёр гараа цувныхаа халаасанд хийгээд бушуу автобусанд суухыг хүсэн хурдан хурдан алхана. Тэгтэл байшингийн булангаас нэгэн нас нэлээд гарсан эмэгтэй нэгэн хүнээс салаад намайг чиглэн айсуй. Аанай л дотроо хажуугаар өнгөрөх гэж байгаа болов уу? хэмээн бодохын зуургүй хажуугаар хүйтэн салхи сэнгэнэж намайг шавдуулна. Алхаагаа хурдасган явтал нөгөө эмэгтэй над уруу ирэх нь энэ дээ. Царайг нь ажих нь ээ, өглөөний жаварт хацар нь бага зэрэг улайсан цагаан царайд сандарсан, эсвэл шаналсан дүр харагдана. Тэгээд надаас асуулаа:

- Эгч нь хөдөө хөгшин ээжтэй. Сая хүн утсаар ээжийн минь бие муу байна
гэж хэлж байна. Эгчид нь утсаар ярих мөнгө алга. Эгчдээ 100 төгрөг ч байтугай өгөөч гэж байна.

Манай сургууль Төв Тис буюу ШУТИС-ийн 1-р байранд байдаг байлаа. Эндээс "26" гэдэг дугаартай дан оюутнууд суудаг, биш ээ оюутнууд чихдэг автобусаар явсаар байгаад очдог юм. Тиймээс би гэдэг хүний өдрийн мөнгөний хэмжээ нь хамгийн багаар тооцсон буюу автобусны ирж буцах 100, 100 буюу нийтдээ 200 төгрөгийг л гэрийнхнээсээ авч гардаг байлаа. Би энэ эгчид 100 төгрөгөө өгчих юм бол хичээлээ тараад гэртээ ирэх автобусны мөнгөгүй болох байлаа. Гэвч энэ эгчийн шаналсан, зовсон царайг хараад өөрийн эрхгүй санаа зовж ганц 100 төгрөг харамласнаас болж ээждээ хэлэх сүүлчийн үгсийг нь хэлж чадуулалгүй тэнгэрт халиулчихвал яана вэ? гэсэн бодол над төрнө.

Би хааяа том автобусанд үнэгүй явчихдаг байлаа. Гэхдээ худлаа ярьж биш, элдэв сонин маяг гаргаж биш. Зүгээр л би царайгаа төв болгоод томоотойхон байхад л кондуктор мөнгө авдаггүй юм. Хэрэв тэгээд явчих юм бол би энэ эмэгтэйд 100 төгрөг өгч болохгүй зүйл байхгүй гэсэн бодол бас төрнө. Гэвч миний үнэгүй явах арга бас баталгаагүй болохоор бас эрсдэлтэй байлаа. Энэ хэдэн бодол дотор минь эргэлдэж эргэлдэж би:

- Надаа мөнгө байхгүй гэж хэлсэн юм. Тэр эмэгтэйн нүдэнд цөхөрсөн харц тодорч байсан ч би хичээлтэй байсан тул хурдан явахыг чухалчлан яваад өглөө. Арагшаа эргээд харсан тэр эмэгтэй бас өөр хүнээс асууж байгаа харагдана. Дотор минь хүний мөс минь зулгааж байсан ч өөрийгөө бодсон сэтгэл минь ялсан юм. Тэр явдал миний толгойноос ер гарахгүй шаналгаж байлаа. Гэхдээ нэг зүйл намайг бүүр их харамсалд хүргэсэн юм.
Би хичээлээ тараад буцахдаа автобусанд мөнгө өгөлгүй явчихсан юм. Би тэр 100 төгрөгийг өгч болох л байсан байна шүү дээ! Тэр эмэгтэй хөгшин ээждээ дуугаа хүргэж чадаа болов уу?!!!!!!!

Энэ харамсал, шаналал намайг тэр өдрөөс хойш дагах боллоо. Гэвч тэр өвлийн тэр нэгэн өдөр миний тэр шаналсан бүхэн дэмий зүйл байсныг ойлгуулсан юм.

Тэр жилийн өвөл нь юм. Орой ээжтэй дэлгүүр орохоор гарсан юм. Нар холдсон учраас эрт бүрэнхий болсон байлаа. Ээж дэлгүүрээс гялс юм асуугаадахъя гээд орж би гадаа нь хүлээлээ. Хажуунаас цасан ширхэг салхинд хийсэж хацар цохин чим чим хийлгэхэд би улам бүүр ороолт уруугаа шигдэнэ. Тэгсэн цаанаас нэгэн эмэгтэй цас, салхи, харанхуй дундаас гарч ирлээ. Тэгсэн нөгөө эгч байлаа. Над уруу ирээд:

- Эгчийнх нь зүрх муу. Өвдөөд байна! гээд зүрхээ гараараа дарлаа. Тэгсэн зүрхний эм авах мөнгө байдаггүй. 1500 төгрөг байдаг юм гэлээ.
Би ч мөнгө байхгүй гэсэн царай гарган:

- Байхгүй! гэж хэллээ. Тэгсэн нөгөө эмэгтэй:

Эгчдээ тэгвэл 1000 төгрөг өгчих гэж байна. Би:

- Надаа ямар ч мөнгө байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд тэр эмэгтэй яваад өгсөн юм. Тэгэхэд л би тэр эмэгтэйг луйварчин гэдгийг мэдсэн юм. Миний өмнө нь шаналгаж байсан тэр бүхэн хумхын тоос лугаа болж харин би юунд шаналав аа? гэсэн харамсал над төрж билээ. Дараа нь ээжийг гарч ирэхэд нь энэ тухайгаа ярьтал ээж:

- Угаасаа худлаа ярьж явдаг хүн байна шүү дээ! гэж байсан.

Худал үгсийг урсган, гайхамшигтай сайхан жүжиглэн хүний сэтгэлээр тоглох тэдэнд хамаагүй, хэдэн цаас зулгааж л байвал болоо гэсэн сэтгэл юутай аймшигтай вэ? Тэгж олсон мөнгө хоол болдог болов уу? Хөөрхий.

4 comments:

  1. hervee suuliin yavdal boloogu bol chi nasaaraa eniig bodoj ooriigoo zuheh bsiin bndaa teheer er n daraa n haramsahguin tuld zov gej bodogdson zuilee l ergelzelguigeer hiij bh heregtei... ugaasaa hun hiisen zuildee bish hiigeegui zuildee l haramsah n ih bdag bh...

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete