2012/08/08

26 дугаартай автобусны тасалбарч /Кондуктор/

Нэг тийм тасалбарчийн тухай бичмээр санагдаад энэ нийтлэлийг бичиж байна. Хэн нэгэнд энэ нийтлэл тийм ч хамаагүй байж болно. Гэхдээ зүгээр л би тэр тасалбарчийг мартдаггүй юм.

Лицейд орсноос хойш би анх удаа сургууль уруугаа автобусаар явдаг болсон юм. Өмнө нь сургууль ойрхон алхаад, гүйгээд орчихдог байлаа. Яалт ч үгүй хол сургуульд орж автобустай нөхөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Манай тэндээс 26 дугаартай автобус сургууль уруу минь хүргээд буцаагаад авчирдаг байлаа. Энэ автобусыг оюутнууд сайн мэдэх байх. Бараг оюутнуудын автобус гэхэд болно. Өглөө, оройдоо чихэлцэж өгнө дөө...

 Тэр үед автобусанд хүүхдүүд 100₮-өөр суудаг байсан. Том хүн 200₮ байлаа. Одоо бодоход хямдхан байж дээ. Гэхдээ нэгэнт би арван жилийн хүүхэд байсан 100₮-өө л өгнө дөө. Гэвч тасалбарчид гэж. "Сахал сармаагаа ургуулчхаад 100₮ өглөө" гээд намайгаа оюутан гэж андуураад мөн ч их загнуулдаг байлаа. Би ч гүрийгээд л. Гэхдээ би ингэж явах дургүй. Гэхдээ л би илүү мөнгө өгөхийг хүсдэггүй байлаа. Тэгээд ч гэрээсээ би 200₮ л авч гардаг байсан. Тэгээд л хэдэн тасалбарчидтай үзэж тардаг байж дээ. Эд дундаас нэг залуу эмэгтэй тасалбарч хамгаас аймшигтай байсан юм. Автобусандаа суухдаа битгий л тэр тасалбарч таараасай гэж залбирдаг байлаа шүү дээ.



Хөгшин, залуу, согтуу хөлчүү хэнийг ч үл ялган зодолдохтой нь зодолдож, хэрэлдэхтэй нь хэрэлддэг айхтар хүн байсан. Мөнгөө өгөхөөр "Сурагчийн үнэмлэхээ үзүүл" гэнэ. Лицейгийнхээ үнэмлэхийг нэг өдөр үзүүлсэн хэсэг бодолхийлснээ  "Дараагийн удаа энүүгээр чинь явуулахгүй шүү!" гэчхээд явчихаж билээ. Ийм л нэг тасалбарч байсан юм.

Зуны нэгэн өдөр би 26-д суусан өдөр над хамгаас сонин санагддаг юм. Автобусанд ороод л ерөнхийдөө хамгийн урд гарах, эсвэл хамгийн хойшоо явах нь дээр байдаг юм. Тэгээд би урагшаа л тэмүүллээ. Жолоочийн бүхээгт дөхөж ирлээ. Тэгсэн хажууд нь нэг бүсгүй сууж байна. Нэг л харж байсан эмэгтэй. Сайн хараад байсан чинь нөгөө тасалбарч маань сууж байна. Гэхдээ тасалбарчийн цэнхэр хувцастай биш нүүрээ будчихсан, даашинз өмсчихсөн байсан юм. Бүхэл 6 сар нэг хэвийнээр харж ирсэн хүн маань ийм болчихсон байхыг хараад үнэхээр их гайхаж билээ. Хамгийн сонин нь тэр өдрөөс хойш нэг ч удаа тэр тасалбарчийг хараагүй юм. Тэр өдөр л хаа нэгтээ хол явж байсан юм болов уу? Над нээх сонин санагддаг юм.

2 comments:

  1. Өмнөхөөсөө хөөрхөн болчихсон байжээ хэхэ сонин түүх байна.

    ReplyDelete
  2. hatan zorigt konduktoruudiin aldar mandtugai

    ReplyDelete