2011/01/14

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 3. Делид


Шинэ Делийн Галт тэрэгний буудлаас гараад ирлээ. Эргэн тойрон намхан хуучин байшингууд эгнээд наашаа галт тэрэгний буудлын урд хөлсний тэрэг (такси), отто (жижигхэн такси)-нууд бөөнөөрөө цувж зогссон нь харагдана. Бид хоёр шиг гадаад царайг андахгүй тэд нар хаашаа явах хэмээн шалгаагаад бүччихэнэ. Дели-д буугаад л одоо яах билээ? гэсэн бодол толгойд эргэлдэнэ.
Манай аялал маргааш өглөөний 6-н цагт эхлэнэ. Энэ хүртэл байрлах газар хэрэгтэй байдаг. Тэгээд хамгийн түрүүнд ICCR-ын энэ аялалын зохион байгуулагч (менежер)-луу залгалаа. Бид нар Дели-д ирчихлээ. Биднийг тосож аваач гэтэл манай хөтөлбөр маргааш өглөө 6-н цагт эхлэх учраас маргааш өглөө ир гэж байна. За ингээд дараа нь манай аялалд хамт явах Пүнэ (Pune) хотоос ирсэн хоёр хүүхэд байх ёстой бөгөөд тэд хоёрлуу залгалаа. Ярианаас нь тэр хоёр Төвд хороололд байгаа бөгөөд тийшээ яаж очихыг сайн мэдэхгүй гэлээ. Дараагийн залгах дугаар. Яанаа утасны цэнэг дууслаа! Тэр бол энд сурдаг бас Дели-гийн монгол оюутны холбооны гишүүн болох нэг хүүхдийн утас байлаа. Аз болж холбогдож чадлаа. Бид хоёр анх Бангалор луу явахад Бээжингээр дайрах байсан ба Эрээнээс Бээжин хүртэлх автобусанд энэхүү Дели-д сурдаг эгчтэй танилцсан билээ. Нэр нь Анударь. Тэгээд бид хоёрт Төвд хорооллын хаягийг утасруу минь захиагаар өглөө. Мажну Ка Тила, оттогоор 100-гаас 150-н рупи гардаг гэж байлаа. Өнөөх хүмүүст Мажну Ка Тила гэсэн чинь 200 гээд гүрийж байна. Үгүй ээ зуугаар л явна гэсэн чинь. Око Око, хүн хүний 100, алив нааш ир гэж байна. Бас хөөрхөн зальдаж байнаа. 100 гэж гүрийсээр эцэст нь 150-аар явах отто оллоо. Оттоны жолооч нь цагаан царайтай, цэнхэр нүдтэй, бор үстэй. Яг л Европ хүн. Оттоны жолооч баймааргүй л царайтай хүн харагдах юм. Ингээд Мажну Ка Тила руу явлаа даа. Дели хотын дүнсийгээд л бүгд дулаан хувцсандаа орчихсон, замаар явах гуйлгачид бүлэг аятай бөөгнөрөн явцгаах нь харагдана. Нилээд явсны эцэст Мажну Ка Тила гэсэн бичигтэй сүмийн дэргэд бид хоёрыг буулгалаа. За эндээс яг хаашаа явах юм бол гэж бид хоёр нэг нэгнээсээ асуусаар баруун тийш явахаар шийдэв. Зам гарч баруун гудамжаар явлаа. Автобусны буудал бололтой нэгэн буудал байх бөгөөд автобус ирдэггүй аятай байгаад дүүрэн хүн тэрэгнүүд л зогсоцгооно. Буудлын орой дээр Мажну Ка Тила гэсэн үг байх тул бид хоёр зөв явж байгаа юм байна хэмээн сэтгээд гудамжаа дагаад явлаа. Тээшээ түрээд л, цүнхнүүдээ үүрцгээгээд л явсаар, нэг шөнө толгой хорогдох юм хайсаар л. Тэгээд л бүүр нэг биш боллоо. Хүмүүсээс нь асуух гэтэл англи хэлтэй хүн алга. Тэгээд аргаа бараад буцаад явлаа. Нөгөө замаар нь явж үзэхээр шийдэв. Тэгээд нэг гудамжаар орлоо. Нарийхан гудамж, өмхий үнэр, дэлгүүр, хоолны газрууд. Энэ бүгд хятадыг нэг хороолол аятай санагдана. Утасны цэнэг дууссан тул тэндээс нэг мухлагт утсаа цэнэглүүлэв. Тэгээд дахиад Анударь эгчрүү залгалаа. Тэгээд энд л зөндөө байрнууд байгаа. Бүр олдохгүй бол Сарлаг (Yak) гэдэг буудал байгаа шүү гэлээ. Тэгээд буудал хайгаад олддоггүй ээ. Энэтхэгт зөвхөн англи хэлээр явна гэж байхгүй ээ. Бага сага Хиндигээр ярьдаг бол зүгээр юм билээ. Нэг гудамжаар ороод явна, мухар. Нөгөөгөөр нь яваад мухар. Тэгж байсан чинь харин замынхаа буруу талын хорооллоор яваад байсан байж. Тэгээд өнөөх Төвд хороолол гэгчийг оллоо доо. Төвдүүд бүр энд амьдарчихжээ, амьдарчихжээ. Нарийнхан гудамжаар эгнэсэн дэлгүүрүүд завгүй, түүний мухарт нэгэн сүм, эргэн тойрон улаан дээлтнүүд, түүний дэргэд хөгшчүүл гадаа сандал дээр суунгаа хүүхдүүдээ салхилуулна. Энэ бүгдийг хараад хэдий хүний нутагт ч гэсэн өөрсдийн орон зай, орчингоо энэ өчүүхэн газар байгуулж чадсаныг ойлгоно. Нилээд хэдэн буудлын босгыг алхасан ч “Сул өрөө байхгүй” гэсэн хариуг авсаар буцаж гарлаа. Тэгээд аргаа барав. Сарлаг буудлыг нь олоод очсон ч бас л өрөөгүй. За тэгээд юутай ч Төвд хороололд ирснийх Пүнэгээс ирсэн хоёртойгоо холбогдлоо. Тэгээд Потала гэдэг буудалд буусныг мэдээд очлоо. Уг буудалд ч гэсэн “Өрөө байхгүй” гэлээ. Тэгээд тэр хоёртой уулзлаа. Бид хоёроос хоёр хоногийн өмнө ирсэн байсан билээ. Тэр хоёрын нэр нь Өнөржаргал, Баянжаргалмаа. Тэгэээд өрийн хоолоо захиалахаар болов. Бангалорт Төвд хоолны газарт орж үзээгүй Монгол хүн байдаггүй биз. Тиймээс гурилтай шөлийг Төвдөөр “Thantuk”, буузыг “Момо” гэдгийг мэдэх учраас төвөггүй шууд хоолоо сонголоо. Баянаа эгч захиалахаар явав. Харин хоол захиалахдаа өрөө асуусанд сул өрөө байсан байж бид хоёр өрөөтэй боллоо. Өнөрөө эгчийн таних Монгол залуу Делид байдаг бөгөөд Чангаа гэх залуу тэр хоёрт тусалж байжээ. Уг ахаас яагаад өрөө олдохгүй байсан учрыг мэдэв. Манай Монголчууд Төвд хороололд нэрээ алдчихсан гэнэ. Архи уугаад зодоон хийдэг л гэнэ. Буудалд буучихаад мөнгөө өгдөггүй л гэнэ. Мотоциклтой ирээд хийн баллон онгойлгож шидээд араас шүдэнц зураад шидсэн л гэнэ... Тиймээс галт тэрэгний шороонд хоёр хоног даруулсан хоёр Монголд өрөө олдохгүй байсан нь ийм байж. Аан тийм, нэг харамсалтай зүйл болсон нь Өнөрөө эгчийн бие нь тааруухан байв. Тиймээс аялалд явж чадахгүй байсан юм. 
Бид хоёр өрөөндөө орж зүс ороод Делитэй танилцахаар гарлаа. 

Гуйлгачид хаа сайгүй бөөн бөөнөөрөө байх нь бага зэрэг айдас төрүүлнэ. Нар жаргах ч дөхөж байсан тул удаан байхыг хүссэнгүй. Тэгээд буудалруугаа буцаад орлоо.

Маргааш өглөө нь Баянаа эгчтэй гурвуулаа аялал эхлэх газар луу явлаа. Энэтхэгт цаг барина гэж байдаггүй юм. Манай Энэтхэгийн 10 минут нь 30 минуттай тэнцэнэ. 6:30-д цугларах ёстой байсан бөгөөд бүгд увж цувсаар 9 цагт бүгд нэг юм ирлээ. Автобусандаа өглөөний ундаа ууснаар бидний аялал эхэллээдээ.

Monboy-оор http://from-monboy.blogspot.com/2011/01/blog-post_07.html

No comments:

Post a Comment