2011/01/18

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 4. Аялалын анхны өдөр

Энэтхэгчүүдийн цаг барьдаггүйг дахин хэлж цагаа үрэх дэмий хэрэг болно гэж үзээд шууд автобус хөдөлснөөс өгүүлье. Автобус хөдөллөө. Нийтдээ 39-н аялагчид, бүгд өөр өөрсдийн суудлаа олоод суучихсан байлаа. Автобус баруун зүг рүү хөдөлж эргэн тойрноо ажихнээ өглөөний нойр нь дутуу нөхдүүд налдаг сандал дээрээ суусан уу? үгүй юу? нүдний хороо гаргацгаана, зарим нь дуугүйхэн цонхны цаагуур өнгөрөх өглөөний мананд дарагдсан бүүдгэр Дели хотыг харсаар аажимдаа уйтгартай энэ дүр зураг ахин дахин давтагдсаар тэднийг залхаана. Монголд нэгэн ес дундаа орж байх энэ үед Энэтхэг орныг хүйтний эрч тойрч өнгөрдөггүй, дайрч гардаг учраас цаг агаар нь сэрүүсч Энэтхэг хүйтний улиралдаа орсныг илтгэнэ. Хүйтэн жиндүү агааранд цохиулсан аялагчдыг наран дулаан илчээрээ гэсгээнэ. Бидний эхэнд очих Биканер хот Шинэ Дели хотоос таван зуу гаруй километр хол тул замынхаа дунд нэгэн буудалд өдрийн хоолоо зооглоод аялалаа үргэлжлүүлэх билээ. Замын хоёр талаар эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх ногооны талбай, хааяа ганц хоёр үзэгдэх жижигхэн хуучин байшингууд шинэ сонинг үзэж яваа биднийг уйтгарт оруулан өөрийн эрхгүй зүүд нойрыг хүргэнэ.


            Миний мэдэх афганиуд сэтгэлийн их хөөрөлтэй. Нэг хөөрөхөөрөө зогсооно гэдэг бэрх. Сав л хийвэл орилж, дуулж, бүжиглэцгээнэ. Манай аялалд ихэнх нь афганичууд. Аргагүй л дээ.  ICCR-ын тэтгэлэгт оюутны талаас илүү нь афганичууд байдаг юм чинь.
Би дотроо “За, эдгээр афганиуд ч олуулаа нийлээд, орилж бахиралдаад мөн хэцүүхэн аялал болох нээ” хэмээн таамаглаж байсан ч автобус нам гүм байсаар. Ийм даруухан афганиуд нь таарчихсан юм болов уу? аль эсвэл би афгани хүнийг буруу дүгнэсэн юм болов уу? гэж хэсэг бодолд оруулна.

            Гурван Монголчуудын ард гурван афгани суужээ. Тэр гурван афганийг Манин гурав гэж дууддаг юм. Уучлаарай, хүнийг шоглох муухай ч, гурван Монголын сэтгэхүй даан ч тэгэж хүлээж аваад байх юм даа. Жаахан сандлаа налуулаад сууя гэхээр араас сандлаа дээшлүүлээ ч гэсэн гуншигнасан дуунууд тээртэй мэт сонсогдоод аргагүй сандлаа дээшлүүлнэ. Баянаа эгчтэй бүр нөгөө афганиудтай ам зөрүүлээд амжчих юм. Манин гурав гуншигнасаар, даруухан афганиуд чимээгүйхэн өөр хоорондоо ярилцаад, аан бас дөрвөн африк байгаа юм байна. Нэг иймэрхүү дөрөв таван цагийг өнгөрөөнө.

            Эцэст нь автобус ойр хавьдаа л байдаг гэмээргүй нэгэн хоолны газарт зогслоо. Замд ядарсан оюутнууд хоолны сургаар уралдан шахаж бууцгаана. Дөнгөж буугаад гоёмсог зураг, уран хээг зүүж зурсан их хаалга угтах бөгөөд түүнийг нэвтрээд дахиад нэг их хаалга, түүнийг нэвтрээд \Үлгэр шиг байна уу? Цаана нь юу байх бол?\ онгорхой хаалга байгаад дотор нь өдрийн хоол минь хүлээж байлаа. Афганиуд ёсыг үйлдэж угаалгын өрөө орж гар болон хөлөө угаацгаана. Угаасан хөлөө нойтноор нь гутлаа өмсөх нь афганиудын шивэрний нууц тайлагдах бөлгөө.
           
            Цаг бол алт. Бидний аялал цагаар бус минутаар хэмжигдэх нарийн хуваарьтай байлаа. Тиймээс өдрийн хоолонд ердөө гучин минут өгсөн юм. Энэтхэгийн гучин минут цаг гуч байдгийг бүгд мэдэх тул яарч сандарсан хүн алга байлаа. Энэтхэг гучин минут ч болж хоолны газраасаа гараад ирэхэд автобус маань үгүй байх юм. Хааччихсан юм бол??? Жолооч нар, хоол өгөөгүй гээд гомдчихсон юм болов уу? Юутай ч автобусгүй болчихлоо. Бидний аялалыг ахалж яваа хүмүүс жолооч руугаа залгасаар. Аргагүй эрхэнд нэг нь жолоочоо олж ирэхээр мотоциклд дайгдаад явлаа. Энэтхэг гучин минут энэтхэг цаг гучин минут боллоо.

            Тэнгэрт цөөн үүлсээс өөр нарны гэрлийг торох зүйлгүй, газрын хөрсөн чийггүй болж шаргалтан харагдаж, урд харагдах замын хоёр талаар мухлагууд нээлттэй байхаас биш юм зарж байгаа юм уу? гэлтэй. Үе үе замаар явах оттонууд сонирхол татна. Ард тал нь онгорхой бөгөөд хүн суудаг ийм отто-г анх удаа харж буй нь энэ билээ. Сургуулийн хүүхдүүд долоо наймуулаа чихэлдэн суугаад явж байхаас хичээл нь тараад явж буй нь биз. Цаг гучийн дараа автобус маань ирлээ. Ингээд оройны найман цагт Биканерт очих байсан бид оройн арван цагт очих болчихлоо. Афганиуд маань санаачлага гарган хинди, афгани, иран дуунуудыг тавилаа. Чихарсан хөгжмийн эгшигийг сонсох бүртээ чих минь дүжрэх мэт. Хөгжмийнхөө аянд бүжиглэе хэмээн нэг нэгнээ өдөх ч даруухан афганиудын маань нүүр арай хагараагүй байлаа. Хөгжимч дуусаж, дахиад цонхоор жирэлцэх ногооны талбайнууд бүгдийг ховсдон унтуулна. 


            Наран аль хэдийнээ жаргаж харанхуй болохтэй зэрэгцэн автобусны өнгө өнгийн жижигхэн гэрэлнүүд асна. Яасан уйтгартай байнаа. Дахиад нэг унтлаа.

            Цагийн зүү 10-ыг зааж, ходоод дотроос өөрийн эрхгүй тогшоно. Явж явж хүрэх газраа очлоо. Биканер хотын нэгэн буудалд ирлээ. Тэгээд өрөөгөө хуваарилж эхэллээ. Эрэгтэй, эмэгтэй, хар, цагаан, бор, шар, бүдүүн, туранхай, гурвал, дөрвөл гээд л өрөөнүүдээ авч байлаа. Хоёр Монголтой хоёр афгани таарлаа. Хоёр хүний ортой өрөөнд дөрвүүлээ. 


За байз, нэг афганийг нь Жавид, нөгөөг нь Давид гэсэн шиг санаж байна. Давид нь өрөөнд орж ирэнгүүтээ нүдний шилээ орны хажуу талын шүүгээн дээр тавьсан нь ор минийх гэснийх биз. Тэгээд оройн хоолоо идэхээр явлаа. Буудлын хоолны газар голдоо бөгөөд дээшээ онгорхой бөгөөд хүйтэн цэнгэг агаар, хажууд шатаж буй цогны илчин, хөгжимчид үндэсний хөгжмөө тоглож буудлын менежер хоол бүрийн орцыг хэлж, түүхийг нь ярьж өгч, эдгээрийн дунд хоолоо зооглоно гэдэг үнэхээр таатай. Хоолоо идчихээд өрөөрүүгээ явлаа.

            Гаднаас гудас оруулж ирлээ. За хэн нь гудсан дээр, хэн нь орон дээр вэ? гэдгээ шийдэх цаг ирлээ. Харамсалтай нөгөө хоёр афганиа хүлээж ядсан Монгол хүн доороосоо даардаг юм гэж Монголчууд орыг нь шууд эзэгнэхээр шийдлээ. Ингээд Биканер хотод нэгэн шөнө өнгөрлөө.

2 comments:

  1. Kkkk ta 2iin aylal ch goy yavj bndoo. ta 2iin bichih style oor oor bolhoor haritsuulj unshhaar goy sonirholtoi bn kk chi tehdee it-iin hun gehed bichih chadvar lag saitaimaa. uran zohiol unshij bgaam shig sanagdchlaa :p

    ReplyDelete