2011/01/28

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 6. Алтан хотруу

Өглөөний нартай уралдан гурван Монгол эртлэн босоод аль хэдийнээ бэлэн болчихсон байлаа. Өглөөний цайгаа уучихаад автобусанд суугаад хүлээлээ. Бид Жайсалмер хотод хоёр хонох төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдөртөө амжин очиж үзэх ёстой хоёр газар байгааг зохион байгуулагчид зарлаад бид нарыг шалавлуулав. Уул нь өчигдөр бидэнд зургаа хагаст цайндаа ороод долоон цагт хөдөлнө гэсэн боловч өнөөх энэтхэгийн өргөн хэмжээстэй цагнаас болоод найм өнгөрч байхад хөдөлвөө.


            Автобусанд жагар дуунууд чихралдаанд тэссэнгүй афганиуд өөрсдийн дуугаа тавихаар болж пен драйв \Pen Drive – Flash disk-ийг чинь энд ингэж хэлдэг юм байна лээ ш дээ\-даа дуунуудаа хуулаад автобусны тоглуулагчид хийлээ. Жагар дуунууд дээр иран, ирак дуунууд нэмэгдсэнээс өөр ялгаагүй үгүй ажээ. Одоо арай нүүр нь хагарч байгаа бололтой нэг нэгнээ хөгжмийн аянд бүжиглэхийг урих ч зориг нь хүрэхгүй байгаа юм уу? аль эсвэл ичингүйрсэн юм болов уу?
            Сүүлдээ зориг гарган бүжиглэж эхэллээ. Гурван Монгол хэрдээ л дэмжиж алга ташаад байсан боловч харамсалтай нь дуу нь дуусч бүжиг ч дууслаа. Афгани бүжиг гэж хамгийн амархан бүжиг. Нэг хараад сурчихана. Ингээд л Афгани шоу дууслаа. Үүний дараа манай зохион байгуулагчдын захиалгат клипүүд гарч эхэллээ. Чурра хэмээх дуучин саригаа өмсчихсөн харанхуй өрөөнд дуулаад л, нөгөө талд нь нэг залуу, сэтгэлтэй нь залуу юм уу даа, бэлтгэл хийгээд л. Бөөн булчин шөрмөс болсон залуу хайртай эмэгтэйгээ аврах гээд байгаа юм уу гэхээр биш ээ. Зүгээр л нэг залуу суниагаад л, дасгал хийгээд л, харанхуй өрөөнд өнөөх бүсгүй дуулаад л тэгсээр байгаад л дуусчих юм. Сонин сонин үл ойлгогдох клипнүүд инээд хүргэнэ. Тэсэж чадалгүй афганиуд Чурра, Чурра болъёо гэж хашгиралдана. 200 километрыг Чурра, афганиудтайгаа туулсны эцэст өдрийн хоолонд орох зоогийн газарт ирлээ.

            Гадаа нар шаран алтан элс шаргалтаад, доогуур элсний шоргоолжууд гүйлдэх нь үнэхээр элсэн цөлд ирсэн сэтгэгдэл төрүүлнэ. Зоогийн газар оронгуут ногооны зутан гэх сонин амттай шөлөөр дайлан өдрийн хоолондоо орлоо.
           
            Одоо зуугаад километр үлдлээ. Автобус ч хөдөлж олонхын саналаар автобусанд кино тавиулахаар болов. Тэгээд энэтхэг кино гарч эхэллээ. Шууд л дуулаад л, бүжиглээд л. Нэг хилийн цэргийн дарга л бужигнуулаад яваад байна даа. Пакистанууд террорист үйл ажиллагаа сэдээд л мань хилийн дарга ч тэдний эсрэг тэмцээд л будаа болгож байнаа. Ерөнхийдөө сүүлийн үед энэтхэгүүд дажгүй дажгүй кинонууд хийдэг болчихжээ. Канадад хүртэл зураг авалтаа хийгээд амжчихсан байх юм. Эргээд Монголын шинээр гарч байгаа кинонуудтай харьцууллаа. Нэгийг бодуулаад л амжих юм даа. Манайх Холливүүдийн кино, Солонгосын савангийн дуурь, Японы аймшигийн кино гэхээс биш энэтхэгийн Болливүүдийн кинонууд хэр гардаг билээ. Хамгийн сүүлд л Үндэсний Олон Нийтийн Телевизээр “Ом шанти Ом” гэдэг кино үзсэн юм. Тэрнээс өөр шинэ энэтхэг кино мэдэхгүй ээ.

            Манай энтхэг киноны баатрын сэтгэлт бүсгүй Пакистаны террористуудын отогт тагнуулаар очоод мэдээлэл дамжуулж байгаад баригдлаа. Яг эгзэгтэй үед дээр нь бид хүрэх ёстой газартаа ирж киног зогсоолоо. Дөрвөн цаг өнгөрч байлаа. Автобуснаасаа буугаад л толгойгоо алчуураар ороосон хүмүүс тэмээ хөтлөн яваад л, нар, элс, шаргал чулуун зам байшингуудыг хараад л үлгэрт гардаг Арабын цөлийн нэгэн хотод ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Жайсалмер хотыг Рао Жайсал Йадав хаан байгуулж Жайсалмер буюу Жайсалын Уулын Бэхлэлт гэж нэрлэжээ. Жайсалмерийн өөр нэг нэр бол “Энэтхэгийн алтан хот” гэдэг ажээ.

            Хамгийн эхний үзэх ёстой газар бол Гадсисар нуур байлаа. Нуурын төвд гоёмсог уран барилга бүхий чулуун саравч байх бөгөөд зөвхөн завиар л түүнд хүрэх ажээ. Эрт цагт Жайселмерийн махаража халуун цагт энэхүү нуурын чулуун саравчинд ирж сэрүүцдэг байж. Уг нуур бол хиймэл юм. Жайсалмер хот маань хилийн хот учраас худалдаа арилжааны зам уг хотыг дайрдаг байж. Гэвч элсэн цөлийн энэ нутагт ундны ус хамгийн том асуудал байсан учраас Махаража зарлиг буулган энэхүү хиймэл нуурыг байгуулуулжээ. Уг нуурыг борооны усаар дүүргэсэн гэнэ. Халууны улирал нуурын гүнд байх хоолойнуудыг нээж нуурыг цэвэрлэдэг бөгөөд хүйтний улирал тэрхүү хоолойнуудыг хаадаг гэнэ. Уг хотын ундны нөөц нь энэ нуур тул Махаража уг хотод өвчтэй хүн орохыг хориглож байжээ. Манай Жайсалмерийн хөгшин хөтөч ийн тайлбарлаад за бүгдээрээ Жайсалмер хотын хамгийн өндөрлөг хэсгээс нар жаргахыг харна. Нар та нарыг хүлээхгүй тул та нарт уг нуурыг үзэхэд арван таван минут байна гэлээ.


            Нуурын эргэн тойрноор явж дурсгалын эдлэл зарах мухлагуудаар сонирхов. Оргил эндээс нэг дургалын зүйл авъя хэмээн сонирхож явлаа. Тэгсэн нэг бяцхан жаал бараагаа суртчилж эхэллээ. Томоос том алаг нүдтэй, бяцхан жаал сүрхий сэргэлэн байх ажээ. Над дээр ирээд бусад үйлчилгээнүүдээ хэллээ. Бүр нэрийн хуудас гаргаад ирэх нь тэр. Та нар хаанаас ирсэн бэ? гэж асууж байна. Монголиа гэсэн чинь Би Монголыг мэднэ гэж байна шүү. Хэ хэ үнэндээ мэдэхгүй л байсан л даа. Үнэн сэргэлэн жаал байсан даа. За нар бидний хүлээхгүй учраас хурдан гэгч нь автобусруугаа явлаа.

            Автобусандаа суугаад Жайсалмер хотын өндөрлөг хэсэг рүү явж эхэллээ. Хот бүхэлдээ харагдах бөгөөд эргэн тойрон элсэн цөлийн дунд энэ хот сүндэрлэх агаад хотын төвд байх эгц уулны дээр Жайсалмер бэхлэлт сүндэрлэн үнэхээр сүртэй харагдана. Солонгосууд явж байна. Хятадууд ч байна. Жайсалмер хот бидний анхны хот болох Биканерыг бодвол хөл хөдөлгөөн их хот байна лээ. Нар маань жаргасаар л, хажууд хүүхдүүд цаасан шувуу нисгэж тоглоно, дэргэд хөгжимчид хөгжмөө тоглон, бяцхан охидууд зүүлт, энэ тэр жуулчдад зарахаар шалцгаана.

            Бүдэрч унасан бяцхан энэтхэг жаал уйлж байхад Баянаа эгч дэргэд нь очоод гуталных нь үдээсийг үдэж, нүүрийг нь арчиж өгч аргадаж байгааг харахад Монгол бүсгүйн сайхан сэтгэл өөрийн эрхгүй бахархалыг минь төрүүлнэ. 

Нар жаргаж буудалруугаа явлаа. Өрөөний оноолтоор Кенийн хоёр хар залуутай хоёр Монгол таарлаа. Царай нь хар ч сэтгэл нь цагаан юм шүү хөөрхий. Оройн хоолны цаг боллоо. Энэ удаа хонины мах. Хонины мах идэхгүй яасан их удаа вэ? Энэ амтыг ямар их санаа вэ? Хонины яснаас нь л аваад байлаа. 

            За унтах болж хоёр хартайгаа зэрэгцээд унтлаа даа. Маргааш бид гурван газар үзнэ. Жайсалмер бэхлэлт, үүний дараа тэмээ унах, хамгийн сүүлд урлагийн тоглолт үзэх.

               


No comments:

Post a Comment