2011/01/21

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 5.Биканер хотоор аялсан

Бүтэн өдөр автобусанд яваад ядарсныг хэлэх үү? Буудлын орон дээр нойрондоо дийлдэн унтаж байхад гэнэт хонхны чимээ, биш ээ сэрүүлэг, биш ээ хэмээн зүүдэн дундаа бодсоор сэрэхнээ өрөөний утас дугарч байх юм. Хоёр афганийг утас авахыг хүлээсээр дугарах чимээнд нь тэсэлгүй би харилцуурыг нь авлаа. Эелдэгхэн, намуун дуугаар буудлын ажилтан босоорой хэмээн хэлэх нь нойр, хонх хоёрын тэмцлийг дарж хэдий босоорой гэсэн боловч нойр ялалт байгуулан харилцуураа тавьж буцаад унтлаа.


            Удалгүй хаалга тогшиж эхэллээ. Тогшсоор, тогшсоор. Одоо бүүр нойр, хонх, эелдэг үг, тэгээд дээр нь хаалганы хүчтэй тогшилт. Тогшилт бүр нь миний толгойг “Сэрээрэй! Сэрээрэй!” хэмээн нүдэж байгаа мэт. Энэ удаа афганиудын босох ээлж. Жавид босоод хаалгаа онгойлголоо. Тэгсэн  буудлын зохион байгуулагч босоорой гэж байна. Босох цаг үнэхээр болсон бололтой. Цаг харахад дөнгөж өглөөний долоон цаг болж байлаа. Өглөөний хоол найман цагаас шүү дээ. Гэхдээ энэ бүгдийн дараа эргээд унтана гэж байхгүй тул босохоос өөр арга үлдсэнгүй.

            Биканерын нар аль хэдийнээ мандаж алтан цацрагаа зүг бүр цацаргаж өглөөний хүйтэн жаварыг үргээнэ. Миний энэтхэгийг төсөөлөх төсөөлөлд халуун орны өтгөн ой ширэнгэ, чийгтэй халуун уур амьсгал, түүний дэргэд цогцлох хотууд байсан бол Ражастанд ургамал модны оронд хуурай цөлийн хөрс, халуун чийгний оронд сэвэлзэн үлээх сэрүүн салхи энэ бүгд миний төсөөлөлтэй харшлах агшинд энэтхэгийг үзэх үзэл минь өөрчлөгдөнө. 

            Баянаа эгч аль хэдийнээ босчихож. Тэгээд гурвуулаа өглөөний хоолондоо орлоо. Цэснээс дурдвал өндөг, сүүтэй эрдэнэ шишийн шагшуурга, энэтхэг цай юм уу кофе, шарсан талх, цөцгийн тос, чанамал, бас бусад. Бусад гэдэг нь тийм ч таатай амттай биш байсан билээ. Есөн цагт бэлэн байх ёстой хүмүүс увж цувсаар ес хагас гэхэд бүгд автобусандаа суулаа. Автобусанд намхан биетэй, үсээ хагалж самнасан, доогуураа хөх жинс өмсөж, дээгүүрээ саарал хүрэм өмссөн бөгөөд бүгд хиртсэн харагдах нь энгийн нэг энэтхэг хүн мэт боловч удалгүй манай Биканер хот дахь хөтөч болохыг мэдлээ. Ийм залуухан байж хөтөч хийж чаддаг юм байх даа? хэмээн бодож нэг хөтчөөр хүлээж авахад этгээд хүн байлаа. Ингээд бидний хамгийн эхний үзэх газар бол Жунагар Бэхлэлт (Junagarh Fort) байлаа.

             
Автобус маань хөтчийн зааснаар явж нэг сүрлэг том бэхлэлтийн дэргэд ирлээ. Эргэн тойрноо ажихад л өнөөх л Энэтхэгийн ядуу, зүдүү байдал, навсарсан барилгууд байх ч тэдгээрийн дунд ийм агуу бүтээл сүндэрлэн байх нь гайхалтай. Эртний Европын цайзууд шиг өндөр хана, түүнийг тойруулан гүнзгий ухсан байх агаад зөвхөн бэхлэлтийн хаалгаар л энэхүү бэхлэлтрүү нэвтрэх боломжтойгоор хийжээ. Улаан чулуун ханан дээр уран хийц гаргаж сийлсэн хээ угалзнууд, бэхлэлтийн доторх ордонгууд цэрэг дайны бэхлэлт гэхээсээ илүү уран барилгын бүтээл шиг санагдана.

            Биканер хот эртнээсээ цэрэг зэвсгээрээ хүчтэй байжээ. Жунагар бэхлэлтийн дотор энэтхэгийн зэр зэвсгийн бүхэл бүтэн музейг үзэж болно. Биканер хотыг байгуулсан Рао Бика махаражагийн сэлэм нь гэхэд л гучин долоон килограмм жинтэй байх юм. Түүхийг сөхөн үзэхнээ Моголын хаан Бабурын хоёр дахь хүү Камран Мирза Биканер хотыг эзлэхээр энэхүү бэхлэлтрүү дайраад ялж чадаагүй юм гэнэ. Энэтхэгийн хойд хилийг ингэж сайн хамгаалдаг байсандаа л өнөөгийн Энэтхэг улсын бүрэн бүтэн, тусгаар байдлыг хадгалж чадаа бизээ. Гэвч Биканерийн зургаа дахь махаража Моголын гурав дахь хаан Акбарт бууж өгч цэрэг дайны өндөр хэргэм цолыг авснаар Моголын эзэн гүрний харъяанд оржээ.

            Жунагарын дараа бид Биканер хотын музейг үзэхээр явсан юм. Анхны Биканерын галт тэрэг, сүүлчийн махаражагийн эд хэрэглэлүүд л байлаа. Сүүлийн танхимд орчин цагийн хятадын тухай байгаа нь нэг л авцалдаагүй мэт санагдсан ч учиртай юм байлгүй дээ.

            Буудалдаа өдрийн хоолны дараа бидэнд очих ёстой хоёр газар байлаа. Нэг нь энэтхэгийн тэмээ судлалын хүрээлэн, нөгөө нь хархны сүм орох байлаа. Хотоос арван таван километр явсны эцэст өнөөх тэмээ судлалын хүрээлэнд ирлээ. Газрын хөрс элсэрхэг болсон байсан нь аргагүй тэмээ байх газар даа хэмээн бодогдуулна. Дотогшоо ороод хамгийн түрүүнд сонирхол татах зүйл нь жижигхэн мухалгад “Тэмээний халуун сүү, Тэмээний сүүтэй цай, Тэмээний сүүтэй кофе...” гэж бичсэн байсан нь юм. Сонирхсон нь нэгэн нь кофе уухаар очерлоно. Уг судлалын төвд 314-н тэмээ байдаг гэсэн ба за хүн бүр нэг нэг тэмээ уначих юм байна даа хэмээн горьдсон боловч зөвхөн нэг бөхтийг үзэхээр ирснээ удалгүй ойлгов. Бидний дэргэдүүр шар толгойтой, улаан царайтай хүмүүс явж өнгөрөх нь Европын жуулчид гэдгийг төвөггүй илтгэх агаад хэл хугалсан хатуу үгсээр нь Германчууд гэж шууд танина. Тэмээн дээр ирснийх унахгүйгээр явж болохгүй хэмээн сэтгэгчид тэмээний нуруун дээр суухаар 600 төгрөг төлцгөөнө...

            Биканерт дахь сүүлчийн үзэх ёстой газар бол нэгэн сүм байлаа. Хөтчөө даган явсаар сүмээс гучин алхамын цаана зогслоо. Тэгсэн одоо бүгдээрээ гутлаа тайл гэж байна. Сүм бол ариун газар учраас хөл нүцгэн ордог номтой гэнэ. Монгол хүн энэ хүйтэн, заваан газар дээр хөл нүцгэн гишгэнэ гэдэг санаанд өмнө нь хэзээ ч орж ирэхгүй зүйл байсан юм. Нэгэнт юм үзэж нүд тайлахаас ирсэн учраас аргагүй тайлаад сүмрүү орлоо. Их хаалгаар оронгуут хөлөөр хархнууд сүлжилдэн гүйж эхэлнэ. Тийм ээ, энэ бол Хархны сүм. Олон хүний тэр болгон дуртай биш харх гэдэг амьтан энэхүү сүмд энх амар, жаргалтайгаар, олуулаа амьдрах билээ. Энэ бол яахын аргагүй “Хархны диваажин”. Арьсан эдлэл авч орохгүй хэмээн сүмийн гадаа үлдээх нь сонин санагдах агаад харамсалтай нь ямар учиртайг нь мэдэж чадсангүй. Сүмрүү хаалганд уртаас урт дараалал үүссэн байх бөгөөд харханд өгөх шар тос барьсан энэтхэгчүүд олонхыг эзлэнэ. Дараалалд орон явах нээ хөлний уланд шар тос, хархны баас хоёр нэгэн нийлмэл болоод гишгэгдэнэ. Хаа сайгүй л доогуур гүйх хархнуудаас айсан жуулчид орлилдоно. Уг сүмийн жинхэнэ нэр бол Карни Матагийн Сүм юм гэнэ. Дешнокийн Охин Тэнгэр Шрээ Карни Мата (1387 онд төрсөн) амьтны төрөл зүйлээс хамгийн их үл тоомсорлогддог амьтанд хайр энэрэлээ хайрласан гэнэ. Сүүлийн зургаан зууны турш энэхүү сүмд харх гэдэг амьтан амар амгалан амьдарч байна гэнэ. Энэхүү сүмийг үзсэний дараа буудалруугаа буцлаа.

            Маргааш Жайсалмер хотруу. Өглөө эрт сэрээрэй! Жайсалмер хүртэл 335 км.

1 comment: