2012/02/04

Ухаан алдаад сэрэхэд \Зүүд\

Би Монголд иржээ. Гэрийнхэнтэйгээ уулзаад л... Дараа нь би КтМС-рүүгээ автобусаар явж байна. Цонхоор жирэлзэх үзэгдэл Сүхбаатарын талбайг санагдуулж, цасанд ойсон нарны гэрэл энэ үзэгдлийг  цагаанаар гялбуулна. Хүн бүхэн дулаан хувцсаа өмсөж, амнаас халуун уур савсаад, бүх зүйл маш хэвийн агаад тайван. Автобусан доторх ийм байдаг шүү дээ гэмээр л.

Гэнэт хоёр нүдний зовхи дарж эхлэв. Ядарсан юм байлгүй дээ. Тэгтэл гэнэт их ядаргаа бүүр их дарж эхэллээ. Өөрийн эрхгүй л ухаан минь балартлаа. Газар унах шиг боллоо, цас, автобуснаас буусан, харанхуй шөнө, нэг албан газар, орос улаан ширдэг, оюутнууд, нэг өрөө, гадаа байна, түк. Гэнэт араас минь маш их хүч хамаг биеийг минь дарах шиг боллоо. Надад харанхуйгаас өөр юу ч үл үзэгдээд тэр их хүчийг дийлэлгүй хүчин мөхөстөнө. 



Нүдээ нээлээ. Харсан чинь Лицейд манай дээд ангийн ах байна\Би харж байснаас сайн танихгүй л дээ\. Намайг таниад араас дээрээс минь дарсан бололтой \хэхэ, яах гэж тэгсэн юм болдоо\. Тэгээд л мэнд усаа мэдэлцэв. Тэр ах намайг таниад л за, ийшээ оръё гээд л нэг гуанз руу орлоо. Өрөөг шар гэрэл гэрэлтүүлж бүгд л хүйтнээс зайлж дулааныг мэдэрч халуун хоол идэж байлаа. Дотогшоо бид хоёр орлоо. Тэгсэн тэнд бас дээд ангийн хоёр ах байна. Өө, сайн уу? Яасан сонин хүмүүс вэ? гээд л, тэд ч намайг таньж байна, мэндээ мэдэлцлээ. Тэр хоёр хоёулаа өвдгөө нийлүүлээд суучихсан ингэж ярьж байна. "Аймаар хямдхан Япон хэлийг Хятадаар сурах ном олсон, тэгээд Япон явна даа" гэж байна. Их л ховор зүйлийг олж чадсан хүмүүс шиг ярьцгаав.

Тэгтэл араас хүн дарж унах юм. Эргээд харсан чинь манай сургуульд сурдаг нэг Бутантай адилхан хүн байна \Манай сургуулийн Худалдаагаар сурдаг Бутануудыг харахаар Ким Ду Хан киноны дээрэмчид шиг л харагддаг юм. Том ахаа, аигү, золигнууд чинь, хэхэ... Нэг бүдүүн саравчтай малгайтай эр бий, бас нүдээ тойрсон том хөх мэнгэтэй залуу, тэр нь л лав толгойлогч нь байхаа, хэхэ, нэг эмэгтэй, бас л зэвүүн харагддаг шүү, бас нэг гонзгор толгойтой залуу бий. Бөөнөөрөө явж байхыг нь харахаар л яалт ч үгүй Ким Ду Хан санаанд ордог юм. Бид нар Чунругийхан гэж хочилдог юм\. Би тэгээд л асууж байна. "Дүү чинь юм уу ихрийн өрөөсөн чинь Энэтхэгт сурдаг уу?" гэж асуулаа. Тэгсэн "сурдаг гэв" \Монгол хэлээр аймаар сайн харуулж байна гээч\. Би "Дэлхий ч жижигхэн юм даа" гэсэн чинь "Юу яриад байгаа юм бэ?" гээд л намайг заамдаад авлаа. Би ёстой их гайхлаа. Би ямар буруу зүйл хэлсэн юм болоо?  \Өө, сэрчихлээ\

No comments:

Post a Comment