2013/04/01

Бурхан болсон багш минь амьд байна

Эхлэл хэсгийг мартсан байна. Санаж байгаагаас үргэлжлүүлье. Миний зүүдний ертөнц. Шар өнгийг нь арай нэмсэн зурагтаар үзэж байгаа мэт.
Гэхдээ бодит ертөнцийн бүх л зүйл байдаг. Миний найз М.О нэг өдөр Монголын алтан зооснууд олсон гэв. Гар дээрхээс нь харахад "Монгол Банк" гэж их л угалзруулан сийлсэн харагдана. Их л үнэтэй эд бололтой. М.О энэ зооснуудаа эртний  эдлэл авдаг газар зарна гэв.

Дараа нь надтай зарсан хэмээн гартаа хэдхэн мөнгө барьчихсан байсан. Би дотроо илүү үнэтэй  эд байсан шүү дээ гэж бодсон ч дуугүй өнгөрлөө… энэ хэсгийг мартсан … Би нэг газраас зоос авах гэж байна. Их алтан боломжоор нэг юмнаас шүүрээд авсан атга дүүрэн алтан зооснууд авлаа. М.О-ынхыг бодвол жижигхэн үнэ муутай эд шиг. Тэгээд тэр зооснуудаа солиулахаар өнөөх газар уруу нь очлоо. Гурван давхар өнөөх байшинд ороход үүдэнд нь хүлээн авах нь байлаа. Нэг эмэгтэй зогсож байна. Очоод түүнд зоосоо солиулмаар байна гэлээ. Над уруу жигтэй харснаа утсаар том дарга уруу залгаж байна. Тэр даргатай нь биеэр зүүдэндээ уулзаагүй ч энэ гурван давхар байшингийн хамгийн дээд давхарт байдаг, их баян нөхөр бий гэдгийг би мэддэг байлаа. Миний бодлоор тэр хятад л юм шиг санагдсан. За, тэр ч яах вэ, үндсэн өрнөл уруугаа орцгооё. Өнөөх бүсгүйг ярьж байхад би эргэн тойрноо харж байлаа. Хүүхний дэргэд нэг хуванцар сав байх агаад өнөөх дотор нь зооснууд байна. Сайн харсан өнөө М.О-ын зарсан Монгол зооснууд байлаа. Би дотроо яагаад ийм үнэтэй эд зүгээр нэг хуванцар саван дотор нэг муу хүлээн авахын дэргэд байдаг билээ хэмээн бодож байтал утасны харилцуур тавих чимээ миний бодлыг заазуураар цавчаад хаялаа. Өнөө бүсгүй над:
- Дарга зөвшөөрч байна. Зоосоо өгнө үү гэлээ. Би жижигхэн дугараг хуучирсан, зэс ч юм шиг, алт ч юм шиг зооснуудаа өглөө. Харин оронд нь над өнөөх хуванцар саванд байгаа Монгол алтан зоосноос өглөө. Би их гайхлаа, бас баярлаж байлаа. Баярлах болсон шалтгаан нь нэгт М.О Монгол зооснуудыг хятад хүнд зарсан, хоёрт арай л хямдхан зарсан гэсэнд сэтгэл дундуур байхад хэдхэн хөгийн зооснуудаар эргээд Монгол зооснуудаа авсан гэдэгт байв. Гэхдээ бас эмээх сэтгэл байлаа.


Би зооснуудаа аваад гараад ирлээ. Тэгтэл төд удалгүй тэрхүү байшинд түгшүүрийн дохио дуугарлаа. Баян хятад Монгол алтан зооснуудаа алдсаныг мэдсэн бололтой. Би юу хийхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэж байтал байшингаас цагдаа гараад ирлээ. Би хамаг хурдаа зугтаалаа. Зүүд бичиж байгаа камер миний гэрийн гадаа очлоо. Дүүрэн цагдаагийн машин замыг нь тагласан байна. Камер буцаад над дээр ирлээ /Киноны зураг авалт шиг байна уу?/. Би нэг нарийнхан гудамжаар ороод эцэст хүрэхэд нэг хүн тэрэг зогсож байна. Яагаад ч юм бэ? мэдэхгүй, би энэ хүн тэргийг такси гэж бодсон. Бодсон биш ээ, угаасаа такси ч байсан юм уу? Лав жолооч хар жагар байлаа. Өөдөөс жагар англи хэлээрээ: - хаашаа явах уу? гэж байна. Хурдан, хаашаа ч хамаагүй гэлээ. Өнөөх ч ойлгосон бололтой явлаа. Пүү, машин шиг хурдан явж байна гээч.

Нэг байшингийн буланд ирээд зогслоо. Би гэнэт явах мөнгөө тохирохоо мартсанаа саналаа. Тэгээд би: - мөнгө одоо байхгүй, буцаж очоод миний ачааг аваад ир гэлээ. Жагар хүн тэрэгч: - Одоо мөнгө төлөх хэрэггүй гэв. Би дотроо энэ ч бас бусад жагаруудынхаа адил шуналтай нөхөр байх шив. Явж ирээд надаас хэдийг нэхэх болдоо. Ингэж бодож байх зуур хажуугаар нэг л таньдаг хүн явж байна. Арван жилийн багш, бурхан болсон О.Г багш  байна. Би бүүр гайхшралд орлоо. Гэнэт явж өнгөрөхөөс нь өмнө ухаан орж багшийгаа дуудлаа. Над уруу иргэж харлаа. Би хүн тэргээс бууж өнөөх жагарыг буцаалаа. Тэгээд багшдаа очиж
- Намайг таньж байна уу? Би Цэцэнцэнгэл байна гэлээ. Намайг таньж байна. Би зүүд биш байгаасай, биш байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байлаа. Багш намайг гэртээ аваачлаа. Гэр нь хажууханд байсан юм…

Би сэрлээ. Гэнэт багш амьд байсныг саналаа. Миний толгойд багш амьд л гэж орж ирээд байлаа. Гэнэт би зүүдэлснээ саналаа. Гэхдээ л эргэлзэж байлаа. Багш амьд уу? үгүй юу? Нэлээд бодсоны эцэст зүүд гэдэгтэйгээ эвлэрсэн юм. Зүүд гэдэг үнэхээрийн гайхамшигтай зүйл юм даа.

No comments:

Post a Comment