2011/01/12

2. Хасах дөчин хэм

Энэтхэгийн галт тэргэнд анх удаа сууж үзлээ. Цонхны цаана шөнийн Бангалор хот жирэлзсээр удалгүй хотоос гарсан бололтой гүн харанхуй нөмөрсөн мэт юу ч үл харагдана. Хааяа ганц хоёр гэрэл үзэгдээд өнгөрөх нь тэнд тариаланчдын гэрээс нь гарсан нь лавтай. Галт тэргэн доторх нь бол манайхтай бараг адилхан. Гэхдээ арай олон хүн зөөдөг. Юу гэсэн үг вэ? гэвэл тасалгаа бүрт манайд дөрвөн ор байдаг бол энэтхэгийх зургаан ортой. Мөн тасалгааны гадна тасалгаа бүртэй харгалзаа хоёр хүний ор давхарлан байна. Ингээд бодоход энэтхэгийн галт тэрэг хямдхан байдаг нь аргагүй мэт. Гурван ортой гэж дээр дурдсан шүү дээ. Тэр гурван орны голынх доод талын орны ар талын зөөлөвч нь байдаг. Унтах болохоороо тэрийгээ дээш нь өргөж хамгийн дээд талын орноос зүүж нэг ор бий болно доо. Өртөө бүр дээр галт тэрэг зогсох бүр элдэв бүрийн юм зарсан хүмүүс орж ирнэ. Үүнтэй зэрэгцэн янз бүрийн гуйлгачид, эмэгтэй эрчүүд (Ladyman) явна. Эд нар нь мөнгө нэхээд салахгүй, хөл гарнаас барина, татна.
Нэг өртөөн дээр зогсоход нэг жижигхэн охин галт тэргэнд хувцсаараа шал шүүрдээд явж байна. Бүүр жаахан хүүхдээр галт тэрэг цэвэрлүүлдэг юм байхдаа гээд харж байтал өнөөх охин ирээд мөнгө нэхэж байна гэнэ. Мөнгө байхгүй гээд гүрийлээ. Монголынхоо гуйлгачид ч мөнгө өгөөгүй байж энэтхэгийн гуйлгачид өгөх үү? Өгөхдөө хүрвэл Монголынхдоо өгнө гээд гүрийсээр. Нөгөө охин шалж шалж байгаад явлаа. Галт тэрэг хөдлөх болж зорчигдоос бусад нь буух боллоо. Тэгсэн өнөөх охин гартаа 300₮ (10 рупи), нэг жижиг жигнэмэг барьчихсан гарч явна. Бид хоёрын дэргэдүүр гарахдаа харин хэлээ гаргаж байна. Энэ мэт бяцхан охид, хөвгүүдээс авахуулаад хөл гаргүй хүмүүс өртөө бүрдээр байна. Аргагүй ядуу орон гэж ийм байдаг юм байна даа л хэмээн бодоно.
Орой болж бүгд унтах боллоо. Ор дэвсгэрийн даавуу өгдөггүй юм байна лээ. Аргагүй биз дээ. Ийм заваан хүмүүст ор дэвсгэрийн даавуу өгчихвөл янз бүрийн асуудал л гарах байлгүй дээ. Галт тэрэг явсаар л, бүгд унтжээ. Анхны энэтхэгийн галт тэргэн өнгөрүүлсэн шөнө тийм ч таатай байсангүй. Тээшээ мэдэж байхын тулд би тээшээ дэрлэж унтах болж ор, тээш хоёртоо тааруулан атийж хэвтэв. Удалгүй галт тэргэн дотор хүйтэрч эхэллээ. Бүх энэтхэг зорчигчид цүнхнээсээ хөнжилөө гаргаад нөмөрцгөөв. Бидний хувьд анхных тул ингэж хүйтэрдэг гэдгийг мэдэхгүй байлаа. Ингээд эхний шөнө сэрүүхэн өнгөрлөө. Өглөө босоход бүгд хөнжилдөө шургачихсан, чичирсэн хүмүүс сууж байх атал хоёр монгол богино өмд, богино ханцуйт цамцтайгаа байгаа нь бусдыг анхаарлыг татна. Нэг тасалгааны зорчигчид “Нааш ир, энэ хөнжилд ор” гэх нь Монгол хүний цэвэр ичимтгий зан, нэрэлхүү зан, мөн шижигч зан гуравтай харшилж “Үгүй, Баярлалаа” гэж хариулна. Өглөөний цайндаа хүйтэн ус, жигнэмэг идэж гал дээр тос нэмсэнтэй адил хүйтэн дээр бүүр хүйтэн нэмсэн адил хамаг бие хүйт дааж байлаа. Хэдэн цагийн дараа өдрийн дулаан уур орж бие өөрийн эрхгүй гэсэж таатай болов. Гадаа цонхоор харахад нэг л хэвийн бүгд адилхан мэт тариалангийн талбайнууд үргэлжилсээр л байна. Хүн үгүй зэлүүд газар үгүй бололтой. Хаа л бол тариалангийн талбай. Ийм их ногоо, тариа тарьсаар байж хүн ам нь хоолгүй өлсөж үхдэг гэхээр хичнээн олон хүн энэ улс дээр гишгэж байгаа нь төсөөлөгдөнө. Ингээд уйтгар бодлогошролоор дүүрэн бүтэн нэг өдрийг өнгөрөөлөө. Хоёр дахь шөнө эхнийхээс илүү хүйтэн боллоо. Энэ үед л даарах мэдрэмжийг мэдэрч үнэхээр энэ мэдрэмжийг үгүйлж байснаа би мэдсэн юм. Энэ мэдрэмжийг хүсэн хүлээж байсан юм шиг, тэгээд түүнийгээ авсан мэт байлаа. Өвөл даарахыг мэдрэхгүй бол утгагүй шүү дээ. Өглөө босоод халуун цай ууж биеэ гэсгээлээ. Гэвч өчигдрийнхтэй адил дулаан болсонгүй хүйтэн хэвээр. Монгол хүний цэвэр хатуужил гаргаж, их тэвчээрээр тэр хүйтэн салхийн эсрэг биеэ ган төмөр мэт батжуулж байлаа. Манай тасалгааны Кашмерийнхан биднийг шалгах гэсэн бололтой цонхоо онгойлгов. Гэвч тэссээр л. Тэгээд мань Кашмерийнхан ярьж байна. Манай Кашмерт цас орсон гэж байна. Бид нар нээх тоосонгүй. Ямар цас үзээгүй юм шиг. Тэгээд мань Кашмерүүд бид нартай хамт явж цас үзэх үү? гэж байна. Хоёр Монголын хариулт. “Манайд ч гэсэн цас байдаг. Манайх хүйтэн орон. Манайд хүйтэндээ хасах дөчин хэм хүрдэг гээд хэллээ”. Кашмерүүд хэсэг дуугүй байснаас “Дөрөв Тэг үү?” гэж дахин лавлан асууж байна. Бид “Тийм” гэж хариулахад бүгд гайхаж “Тэгвэл та нар яагаад даарахгүй байгаа нь ойлгомжтой. Та нар халуун хүмүүс” гэв. Үнэндээ их даарч байсан ч нэгэнтээ хасах дөч гээд хэлчихсэн учраас гүрийх л хэрэгтэй. Гадаа цонхоор харахад үргэлжилсэн их тариан талбайнууд нь цөөрч байшингууд их болсоор хүрэх газартаа ойртож байгааг илэрхийлнэ. Гэвч чухам хаана вэ? 11-н цаг гэхэд бусад замд дайралдах өртөөнүүдтэй нэгэн адил харагдах нэг буудал дээр зогслоо. Дели-гийн захын буудал хэмээн бодож байсан хоёр Монгол бүх хүмүүс гарч байгаагаас Делигийн төв галт тэрэгний буудал дээр ирснээ сая л ухаарав. Гялс цүнх, тээшээ аваад буудлаас гарлаа.

Monboy-оор http://from-monboy.blogspot.com/2011/01/bangalore-to-new-delhi.html#more

2011/01/09

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт

1.Аялал эхэлсэн нь




2010 оны 12-р сар, энэтхэг дэх миний анхны өвлийн амралт. Өвлийн амралт, Өвөл гэснээс өвөл бол миний дуртай улирал. Энэ үг миний тархинд цагаан цас, цэлмэг тэнгэр, хүйтэн агаар, өвлийн хувцас, мөсөн гулгуур, даарах мэдрэмж гэж шууд бууж байна. Мөн 12-р сар гарахтай зэрэгцэн шинэ жилийн уур орж айл бүр сүлд модоо засалцгаагаад, гадаа шинэ оны дуунууд эгшиглээд өвлийн өвгөн цан хүүргээ татуулан цас мөсний орноос цасан охидоо дагуулан ирж хүүхэд багачуудад бэлгээ тараана (Хэтрүүлэг) .Харин энэтхэгийн өвөл миний энэхүү төсөөллөөс илт өөр агаад эгэл жирийн л уйтгартай байх юм. Цас ч үгүй, мөс ч үгүй, ямар байсан тэр чигээрээ л. Хүүеэ энэ өвөл мөн үү? гэмээр.

Манай сургуулийн дотуур байрны хүүхдүүд гэр гэрлүүгээ харьсаар л хэдүүлхэнээ байр сахиж үлдлээ дээ. Тэгээд дэмий өрөөний буг байсаар амралтаа яаж өнгөрөөхөв гээд байтал ICCR буюу Indian Council of Cultural Relationship (Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл) хэмээх газраас бид нарт тэтгэлэг олгодог бөгөөд уг байгууллагаас тэтгэлэгт оюутнууддаа өвлийн амралтаар нь энэтхэгээр аялуулдаг хөтөлбөр байдгийг мэдээд үүнд нь бүртгүүлье гэсэн чинь яг эцсийн хугацаа нь тулчихаж. Ердөө ганц хоног үлдсэн байсан бөгөөд барьцааны 90000 төгрөг банканд тушааж, бүртгэлийн хуудсаа бөглөөд сургуулийнхаа зөвлөхөөр гарын үсэг зуруулах ёстой болов. Угаас хүнд сурталтай энэтхэгийн системийн эсрэг зогсох гэж баахан ядавдаа. Сургууль дээр зөвлөхөөр гарын үсэг зуруулна гэсэн чинь эхлээд сургалтын албанд өг гэж байна. Сургалтын албанд өгсөн чинь 3 цаг хүлээ гэдэг байна ш дээ. 3 цаг хүлээх зав байхгүй юм. Учир нь гарын үсэг зуруулсны дараа банк явах билээ. "Эрхэмээ, бид нарт 3 цаг хүлээх цаг байхгүй, өнөөдөр сүүлийн хугацаа нь" гэсэн чинь сургалтын албаны хүн "Мэдэж байна, мэдэж байна. Хэн та нарыг хождуул гэсэн юм" гэж загнаж байна гэнэ. Гуйж гуйж 1 цагийн дараа ганц гарын үсэг зуруулж авлаа. Үүний дараа банканд аялалын барьцааны 90000 төгрөгөө тушаахаар явлаа. Аялалын дараа эргүүлж авах юм. Аялалын бүх зардлыг ICCR дааж байгаа юм. Тэгээд банкны хэдэн арван дараалал (очер)-ыг хүлээж байж нэг мөнгөө тушаалаа шүү. За ингээд ICCR-ын газартаа бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд өглөө. Амжихгүй гэж бодсон бололтой ICCR-ын эмгэн дарга "Сайн байна, Сайн байна" гэж магтаж байсан юм.

Гэвч ингээд аялалд шууд явах эрхтэй болчихсон гэсэн үг биш юм. Бүх бичиг баримтууд Делигийн ICCR-т очих бөгөөд тэндээс аялалд явуулах эсэх, явуулах бол аль чиглэл нь боломжтойг сонгодог билээ. Тиймээс Делигээс хариу ирэхийг хүлээх үлдэв. Хүлээлээ, болоогүй дахиад хүлээлээ, бас дахиад жаахан хүлээчих, бүүр жаахан хүлээчих. Ингээд эцэст хариу иржээ. Аялал эхлэхээс долоон хоногийн өмнө шүү дээ. Дели-Биканер-Жайсалмер-Жодпур-Удайпур-Ажмер-Жайпур-Дели гэсэн нийтдээ найман хоногийн аялалын хуваарь ирлээ. Бангалор хотоос Дели очих хамгийн хямд бөгөөд хялбар арга бол галт тэрэг. Тиймээс ч галт тэрэг маань хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл юм. Хэрвээ галт тэргээр явах гэж байгаа бол дор хаяж 15 хоногийн өмнө тасалбараа захиалах хэрэгтэй. Эс бөгөөс аль хэдийнээ захиалга нь дуусчихдаг юм байна л даа. Тэгсэн галт тэрэг маань ингээд өнгөрдөг юм байна даа гэж байсан чинь онцгой тохиолдлын тасалбар гэж байдаг юм байна. Үнэхээр явах шаардлагатай хүмүүст явах өдрөөс хоёр хоногийн өмнө онцгой тохиолдлын тасалбар гэж зарагдах бөгөөд уг тасалбар нь энгийн тасалбараас үнэтэй байдаг юм байна. За тэгээд онцгой тохиолдлын тасалбарыг нь авлаа.Энгийн тасалбарын үнэ дээр нэмж 9000 төгрөг төлж Дели явах онцгой тохиолдлын тасалбартай боллоо. Галт тэрэгний үнэ нь манайхтай харьцуулахад хямдхан байдаг юм байна. Аргагүй биз дээ.
За ингээд аялалд явах бэлтгэлээ хангах ажилд орлоо. Сүртэй ажил ч гэж дээ. Галт тэргэнд идэх хүнсээ хангахаар их дэлгүүр орлоо. Ороод явж явж хоёр сав ус, гурван ууттай жигнэмэг л авах шив дээ. Галт тэргэнд хоёр хоногийг өнгөрүүлнэ шүү дээ. За тэгээд л аялалын бэлтгэл болчих шив дээ.

За аялалынхаа хамтрагчийн тухай өгүүлье. Тэр бол ICCR-ын тэтгэлэгээр надтай хамт сурдаг, мөн дотуур байранд нэг өрөөнд амьдардаг найз маань. Бүтэн нэр нь Мөнх-Оргил, энгийнээр дууддаг нь зүгээр л Оргил. Бид хоёр аялах гээд байгаа шүү дээ.

Хүлээсэн өдөр ирлээ. Наран дээрээс төөнөн хурц илчин бүгдийг эзэгнэн халаана. Өвлийн нэгэн халуун өдөр. Богино өмд (Шорт), богино ханцуйт цамц (подвоолк)-аа өмсөөд гаравдаа. Дотуур байранд биднийг гаргаж өгөх хүнгүй, тээш, цүнхээ чирч яваа хоёр монгол автобусны буудал хүртэл 2 км алхаж байгаа нь хажуугаар нь өнгөрөх энэтхэгүүдийн нүдэнд бид хоёр онцгой тусахаас өөр зүйлгүй тул гоморхох сэтгэл бага зэрэг хүрсэн ч ирэх холын аянруу улам бүр сэтгэл шулуудсаар байв. Автобусны буудал дээрээ ч ирлээ. Удалгүй автобус ч ирлээ. Жирийн үед пиг дүүрэн хүнтэй, зарим нь хаалганаас нь зүүгдээд явдаг нийтийн тээврийн автобус бид хоёрт зориулсан юм шиг бараг хүнгүй ирлээ. Ингээд галт тэрэгнийхээ буудалруу явлаа даа.

Үй олон хүн холхисон галт тэрэгний буудал дээрээ ирлээ. Галт тэрэгний буудал дээвэр дээрээ “Баруун Өмнөд Галт Тэрэгний Буудал” хэмээсэн сүрхий нэрийг сүндэрлүүлсэн агаад уг буудлыг ингэж нэрлэхээс илүүтэй Мажестикийн галт тэрэгний буудал гэвэл хүн бүхэн андахгүй билээ.  Эргэн тойрноо харахад Оргил бид хоёр л бусдаас содон харагдана. Оройн хоолоо ойрхон газар зооглочихоод буудлын дотогшоо орлоо. Галт тэргээ хүлээсэн энэтхэгүүд шалан дээр сууна, зарим нь бүр унтацгаана. Сандал хэмээгчийг хайгаад үл олоод буудлаас гарч явах цагаа хүлээлээ. Алтан наран доошилсоор халуун илчин бага зэрэг буурсаар оройн зургаан цаг гэхэд энэтхэг орныг бүрэнхий ноёрхож нэг мэдэхнээ гадаа харанхуй болжээ. Цаг ч болж галт тэрэглүүгээ явлаа. Бид хоёрт галт тэрэгний тасалбар байхгүй учраас ямар нэгэн асуудал гарах вий хэмээн сэтгэл зовиноно. Тэгээд суудлаа хайсаар очиход жинхэнэ тасалбартай хүн маань аль хэдийнээ суучихсан байна. Ганц хоёр үг зөрүүлж Кашмерийнх, одоо Кашмер лүү явж байгааг мэдэж авлаа. Цагийн зүү 7 цагийг зааж галт тэрэг хөдлөх дохиогоо өгөн хөдөллөөдөө. Ингээд энэтхэгийн галт тэргээр анх удаа Нийслэл хот Дели-г орохоор явлаа даа.

2010/12/17

Нууцлаг хавтас хэрэг 7: 13-н гавал (Mystery Case Files 7: 13 Skulls)тоглоомны алдаа

Энэ тоглоомыг нийтдээ 9 цаг тоглож дуусгалаа. Их гоё болсон тоглоом байна. Уул нь уг тоглоомын тоглох хугацааг 7-оос 8 цаг гэснийг үзвэл би тоглож байхдаа нилээд будилсан нь харагдаж байх шиг байна. Аль эсвэл энэ тоглоомны алдаанаас болсон юм болов уу?

Өмнөх цуврал болох  Ойн төгөлийн гүнд (Dive Grove) хэмээх цуврал дээр манай Том Загас (Big Fish)-ынхан бодит хүмүүсийн дүрст бичлэг оруулсан, бас хэргийн газрууд дээр өөрөө явж очдог болсноороо давуу болсон юм. Та бүхэн санаж байгаа байх. Үүнээс өмнөх цувралуудад хэргийн газарт очихдоо газрын зураг дээрээс л сонгоод л оччихдог байсан шүү дээ. Мөн янз бүрийн оньс, бодлогуудаар дүүрэн болж чадсан билээ. Хамгийн гол нь нуугдсан зүйлсүүдийг олж түүнээсээ хэргийн оньсыг тайлан багаж, хэрэгслийг олж авдагаараа ялгаатай болсон билээ.

Манай сүүлд гарсан 13-н гавал бол Ойн төгөлын гүнд цувралын бүх шинжийг агуулсан бөгөөд үүн дээр сэжигтнүүдтэй харилцан ярьдаг болсноороо онцлог болсон юм. Сэжигтэн бүр өөр өөрсдийн зан, сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд тэдгээрээс мөрдөгч маань нэмэлт зүйлсүүдийг лавлаж асуух ба сэжигтэн бүр янз бүрийн зан аашаар хариулдаг. Энэ нь яг жинхэнэ мөрдөлт явуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан юм. Гэвч энэ цувралд нуугдсан эд зүйлсийг олохоос илүүтэй оньс, бодлогуудыг бодох, хэргийн сэжүүрийг хайх гэх мэт зүйлс нь илүүтэй байсан юм. Эндээс би юу гэж бодсон вэ? гэвэл энэ хувилбар бол нуугдсан эд зүйлсийг олдог тоглоом биш юм байна гэсэн бодол төрсөн юм. Үүнээс дараачийн цуврал ямар байх вэ? гэдэг улам сонирхол татаж байна.

Уг тоглоомыг тоглож явахдаа нэг зүйлийг ер шийдэж чадахгүй гацсан юм.  Даалгавар маань "оньслогдсон хаалгыг онгойлгох аргыг ол" (find way to open trap door) гэж байсан юм. Хэдэн цаг мангуутан дэмий тэнээд тэсгэл алдан Гүүглэ (Google) ахаасаа асуулаа. Гүүглэ ах над хэдэн цахим хуудсыг зааж өгсөн юм. Тэдгээр цахим хуудсуудаас энэ асуудлыг яаж шийдэх вэ? хэмээн асууж гарав. Тэдгээр цахим хуудсуудаас миний адил тоглогчид нэг бус удаа асуусан байсныг мэдэж авлаа. Тэгэхээр зөвхөн над тохиолдсон гацалт биш болох нь тодорхой болов. Тэгээд цааш нь лавлаад байсан манай Том Загасын тоглоом хөгжүүлэгчид маань нэг өчүүхэн зүйл дээр алдаа хийсэн бололтой.

Уг хаалгыг ойнголгохын тулд түүний дэргэд буй жижиг шүүгээнд дутуу байгаа хундагануудыг олж тавих ёстой юм. Гэвч тоглоом маань намайг хаалга онгойлгох арга ол гэснээс биш хундагануудыг тавь гэсэн даалгавар өгөөгүй учир би хундагануудыг авч чадахгүй байлаа. Ингээд тоглоом маань цаашаа явах боломжгүй болов. Энийг засах арга байгааг цааш нь судалснаар мэдэв. Тэр нь юу вэ? гэвэл

C:\Documents and Settings\<user name>\Application Data\Big Fish Games\Mystery Case Files 13th Skull CE\Master Detective.profile
Гэсэн файлд манай тоглоомны явц маань бичигддэг юм байна. Уг файлаас тийм даалгавар биелэгдсэн эсэх, тийм хэрэгсэл байгаа эсэх гэсэн бөөн параметрүүд байх юм. Гол зорилго маань тэрхүү оньслогдсон хаалгыг онгойлгох аргыг ол гэсэн даалгаварыг биелэгдсэн болгож засах ёстой юм. Хэрэв тэгж засвал бидний дараачийн даалгавар нь хундагануудыг олох байх бөгөөд хундагануудыг олж шүүгээнд тавьснаар манай хаалга онгойх ёстой.
Хаана засвар хийх ёстой вэ? гэвэл уг profife файлаа notepad-аар нээнэ. Аан тийм нээхээсээ өмнө тоглоомоо гаргах хэрэгтэй. Тэгээд уг файлаасаа
     <stage>
                <name>OpenTrapDoor</name>
                <complete>false</complete>
                </stage>
Гэсэн мөрийг хайж олоод
    <stage>
                <name>OpenTrapDoor</name>
                <complete>true</complete>
                <completetriggered>true</completetriggered>
               </stage>
Болгож өөрчилж хадгална. Тэгээд тоглоомоо шинээр эхлүүлэхэд та уг даалгаварыг биелүүлчихсэн, танд дараачийн даалгаварыг өгөх болно. Энэ бол манай Том Загасын ах нарын хийсэн бяцхан сэтгэлгээний алдаа байлаа.

За энүүгээр ч цаашаа нээх асуудалгүй юм. За тэгээд хамаагүй тэр файлаа хамаагүй оролдвол та тоглоомоо хэзээ ч дуусгахгүй нөхцөл байдлыг ч бий болгох магадлалтай тул битгий оролдоорой гэж зөвлөе. Яагаад гэвэл манай даалгаварууд маань цуварч гардаг бөгөөд даалгавар бүрт тодорхой эд зүйлс нь идэвхжиж, өөр даалгаварт идэвхжихээ больдог. Тиймээс хийж чадахгүй байгаа даалгавараа ийм маягаар хийсэн болгочихвол уг даалгавараас авах эд зүйлс чинь танд байхгүй байх болох тул та дараачийн даалгавараа хийж чадахгүй болно.

Аан тийм бас нэг алдаа ч гэх үү? Аль эсвэл би учрыг нь олж чадахгүй байсан уу? бүү мэд ер шийдэж чадахгүй нэг асуудал гарсан юм. Уг даалгавар бол хаалганы цаанаас ярьж байгаа хүний яриаг сонсох юм. Энгийнээр ярьж байгаа нь сонсогдохгүй учир шилэн хаягыг хаалганд тулгаж сонсох ёстой юм байна л даа. Харамсалтай нь тэрхүү шилэн аягыг олдоггүй. Дахиан Гүүглэ ахаас асуусан бөгөөд над хаана байгааг нь зааж өглөө. Харамсалтай нь тэр газарт би өнөөх шилэн аягаа олсонгүй. Хэдэн цаг бас мангуутаж байгаад өнөөх файлаа засаад үзвэл яадаг юм бэ? гэсэн бодол төрлөө. Өмнөх шиг уг даалгаварыг хийсэн болгож өөрчилж болохгүй юм. Яагаад гэвэл уг утасны ярианаас компьютерт нэвтрэх нууц үг хаана байгааг мэдэх ёстой бөгөөд энэ даалгаварыг биелүүлэхгүй бол нууц үг байгаа газар идэвхжихгүй юм. Тиймээс компьютерийн нууц үгээ авч чадахгүй болно. Гэвч надад өнөөх шилэн аяга байдаггүй. Тиймээс өнөөх профайлаа ухлаа. Тэгээд тэндээсээ уг даалгаварыг биелүүлэхэд шилэн аяга байх эсэх дээр нь үгүй (false) гэсэн утга байхыг харлаа. Энэ параметрийг тийм (true) болгож өөрчлөөд тоглоомруугаа орсон чинь шилэн аяга гараад ирж байна шүү. Үүнээс өөр алдаа гараагүй бөгөөд цааш нь үргэлжлүүлэн тоглосоор  тоглоомоо дуусгалаа.

2010/12/16

Атом молекул, Баян Ядуу


Гуйлгачин. Гуйлгачин хүн бол хамгийн арчаагүй хүн. Энэ үнэн шүү. Өөрийгөө тийм арчаагүй байдлаас гаргахын оронд түүнтэйгээ эвлэрэн хүмүүсийг бүүр жинхэнэ гуйлгачин гэнэ. Ядуугаас бол гуйлгачин боллоо л гэнэ. Тэд нар зүгээр л хүмүүсээс юм авдаг. Байнга гуйсаар байгаад бүүр авах ёстой юм шиг аашилна. Энэ бол туйлшрал. Дэндүү том туйлшрал. Үүнийг нийгмийн гажуудал гэж бас нэрлэж болох л юм. За юутай ч мөнгө гуйлгачин хоёр холбогдоод байгаа юм. Хүний өгсөн мөнгөөр гуйлгачин энэхүү байдлаасаа гарахад ашиглахын оронд аар шаахар голоо зогоох зүйлд хэрэглээд дахиад гуйлгаа гуйж байдаг шүү дээ. Тийм л болохоор би гуйлгачин хүнд дургүй.

Энэтхэг бол хамгийн их гуйлгачинтай орон. Яг ядуу орон мөн үү гэхээр толгой цохисон баячууд бас байгаад байна. Тэгсэн мөртлөө гуйлгачин нь дэндүү их. Дэлхий дээр гишгэж байгаа хүмүүсээс багагүй хэмжээг энэтхэг хүмүүс дарж байна. Тэд нарын дийлэнх нь гуйлгачин. Яг л атом молекул баян ядуу гэсэн юм шиг. Азтай нэг нь баян молекултай нэгдэж, үлдсэн нь ядуу молекултай нэгдэхээс өөр аргагүй. Аль нэгэн молекулд орж чадаагүй зарим атомууд өөрсдийгөө азгүйд тооцон өөрийгөө гаргуунд гаргах ийм л тоглоомыг тоглоцгооно (Атом Молекул).

2010/12/12

Энэтхэгийн маргааш дуусаж миний нар гарсан нь

Энэтхэгийн маргааш гэж айхтар зүйл байнаа. Үнэхээр мэдэрч байна. Монголын маань маргаашаас айхтар юм гээч. Яагаад ийм дүгнэл гаргав болсон вэ? гэдэг нь ч учиртай бөлгөө. Энэ бол бас нэгэн өөр түүхтэй ч бас холбоотой. Өчүүхэн хүмүүн энэ жил сургуулийнхаа дотуур байранд сууж байгаа бөгөөд одоо манай амралт эхэлчихсэн байна. Аанхаа, та нар амарчихав уу? гэлтэй амарснаас долоо хоногийн дараа дотуур байрны нет тасарлаа. Манай дотуур байрны нетийн татах хурд гэж сансарын 1-р гайхамшигт хурднаас хасах нэг зэрэг авсан адил бөлгөө. 1 секундэнд 500 байтаар (кило хүрээсээ) татна. Тийм агуу нетээ амарсан уу? үгүй юу? гээд тасалчихад байранд үлдсэн хэдэн нөхөд юу гэж дуугарсан сонсох чихтэй хүн байсангүй аргагүй хүлээн зөвшөөрөөд гурван долоо хоногийн ардаа хийж байна даа. Аан дотуур байрныхаа харгалзагчид хэлсэн юм байна. Тэр маргааш нөгөөдөр магад ирнэ гэж хэлсэн бол. Тэр маргааш нөгөөдөр нь өнгөрсний дараа асуухад "Би яг сайн мэдэхгүй байна. Нэг долоо хоногийн дараа гэж байна". Нэг долоо хоногийн дараа асуухад дахиад нэг долоо хоног гэсэн тул ер нь амралтаар нет байхгүй юм байна гэдгийг ойлголоо.

2010/12/11

Энэтхэгт мэдээлэллийн технологи яагаад хөгжиж байгааг ойлгосон нь

Энэтхэгт мэдээлэл сайн байх хэрэгтэй. Энэ их чухал шүү. Учрыг өгүүлье. Энэтхэгүүд бас манайх шиг цаг барихгүй. Тэгсэн мөртлөө ёс журам гэж сүрхий ярина. Тэд нар бас их цагийг нь тулгадаг.

Гэнэт нэг өдөр маш чухал зүйл болоод өнгөрөх магадлалтай. Тэр өдөр нь санамсаргүйгээр өөр ажилтай байгаад тэр чухал зүйлээсээ хоцорч бөөн чирэгдэл үүсч болно. Энэ бол байнга болдог зүйл шүү.