2010/12/17

Нууцлаг хавтас хэрэг 7: 13-н гавал (Mystery Case Files 7: 13 Skulls)тоглоомны алдаа

Энэ тоглоомыг нийтдээ 9 цаг тоглож дуусгалаа. Их гоё болсон тоглоом байна. Уул нь уг тоглоомын тоглох хугацааг 7-оос 8 цаг гэснийг үзвэл би тоглож байхдаа нилээд будилсан нь харагдаж байх шиг байна. Аль эсвэл энэ тоглоомны алдаанаас болсон юм болов уу?

Өмнөх цуврал болох  Ойн төгөлийн гүнд (Dive Grove) хэмээх цуврал дээр манай Том Загас (Big Fish)-ынхан бодит хүмүүсийн дүрст бичлэг оруулсан, бас хэргийн газрууд дээр өөрөө явж очдог болсноороо давуу болсон юм. Та бүхэн санаж байгаа байх. Үүнээс өмнөх цувралуудад хэргийн газарт очихдоо газрын зураг дээрээс л сонгоод л оччихдог байсан шүү дээ. Мөн янз бүрийн оньс, бодлогуудаар дүүрэн болж чадсан билээ. Хамгийн гол нь нуугдсан зүйлсүүдийг олж түүнээсээ хэргийн оньсыг тайлан багаж, хэрэгслийг олж авдагаараа ялгаатай болсон билээ.

Манай сүүлд гарсан 13-н гавал бол Ойн төгөлын гүнд цувралын бүх шинжийг агуулсан бөгөөд үүн дээр сэжигтнүүдтэй харилцан ярьдаг болсноороо онцлог болсон юм. Сэжигтэн бүр өөр өөрсдийн зан, сэтгэлийн хөдлөлтэй бөгөөд тэдгээрээс мөрдөгч маань нэмэлт зүйлсүүдийг лавлаж асуух ба сэжигтэн бүр янз бүрийн зан аашаар хариулдаг. Энэ нь яг жинхэнэ мөрдөлт явуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан юм. Гэвч энэ цувралд нуугдсан эд зүйлсийг олохоос илүүтэй оньс, бодлогуудыг бодох, хэргийн сэжүүрийг хайх гэх мэт зүйлс нь илүүтэй байсан юм. Эндээс би юу гэж бодсон вэ? гэвэл энэ хувилбар бол нуугдсан эд зүйлсийг олдог тоглоом биш юм байна гэсэн бодол төрсөн юм. Үүнээс дараачийн цуврал ямар байх вэ? гэдэг улам сонирхол татаж байна.

Уг тоглоомыг тоглож явахдаа нэг зүйлийг ер шийдэж чадахгүй гацсан юм.  Даалгавар маань "оньслогдсон хаалгыг онгойлгох аргыг ол" (find way to open trap door) гэж байсан юм. Хэдэн цаг мангуутан дэмий тэнээд тэсгэл алдан Гүүглэ (Google) ахаасаа асуулаа. Гүүглэ ах над хэдэн цахим хуудсыг зааж өгсөн юм. Тэдгээр цахим хуудсуудаас энэ асуудлыг яаж шийдэх вэ? хэмээн асууж гарав. Тэдгээр цахим хуудсуудаас миний адил тоглогчид нэг бус удаа асуусан байсныг мэдэж авлаа. Тэгэхээр зөвхөн над тохиолдсон гацалт биш болох нь тодорхой болов. Тэгээд цааш нь лавлаад байсан манай Том Загасын тоглоом хөгжүүлэгчид маань нэг өчүүхэн зүйл дээр алдаа хийсэн бололтой.

Уг хаалгыг ойнголгохын тулд түүний дэргэд буй жижиг шүүгээнд дутуу байгаа хундагануудыг олж тавих ёстой юм. Гэвч тоглоом маань намайг хаалга онгойлгох арга ол гэснээс биш хундагануудыг тавь гэсэн даалгавар өгөөгүй учир би хундагануудыг авч чадахгүй байлаа. Ингээд тоглоом маань цаашаа явах боломжгүй болов. Энийг засах арга байгааг цааш нь судалснаар мэдэв. Тэр нь юу вэ? гэвэл

C:\Documents and Settings\<user name>\Application Data\Big Fish Games\Mystery Case Files 13th Skull CE\Master Detective.profile
Гэсэн файлд манай тоглоомны явц маань бичигддэг юм байна. Уг файлаас тийм даалгавар биелэгдсэн эсэх, тийм хэрэгсэл байгаа эсэх гэсэн бөөн параметрүүд байх юм. Гол зорилго маань тэрхүү оньслогдсон хаалгыг онгойлгох аргыг ол гэсэн даалгаварыг биелэгдсэн болгож засах ёстой юм. Хэрэв тэгж засвал бидний дараачийн даалгавар нь хундагануудыг олох байх бөгөөд хундагануудыг олж шүүгээнд тавьснаар манай хаалга онгойх ёстой.
Хаана засвар хийх ёстой вэ? гэвэл уг profife файлаа notepad-аар нээнэ. Аан тийм нээхээсээ өмнө тоглоомоо гаргах хэрэгтэй. Тэгээд уг файлаасаа
     <stage>
                <name>OpenTrapDoor</name>
                <complete>false</complete>
                </stage>
Гэсэн мөрийг хайж олоод
    <stage>
                <name>OpenTrapDoor</name>
                <complete>true</complete>
                <completetriggered>true</completetriggered>
               </stage>
Болгож өөрчилж хадгална. Тэгээд тоглоомоо шинээр эхлүүлэхэд та уг даалгаварыг биелүүлчихсэн, танд дараачийн даалгаварыг өгөх болно. Энэ бол манай Том Загасын ах нарын хийсэн бяцхан сэтгэлгээний алдаа байлаа.

За энүүгээр ч цаашаа нээх асуудалгүй юм. За тэгээд хамаагүй тэр файлаа хамаагүй оролдвол та тоглоомоо хэзээ ч дуусгахгүй нөхцөл байдлыг ч бий болгох магадлалтай тул битгий оролдоорой гэж зөвлөе. Яагаад гэвэл манай даалгаварууд маань цуварч гардаг бөгөөд даалгавар бүрт тодорхой эд зүйлс нь идэвхжиж, өөр даалгаварт идэвхжихээ больдог. Тиймээс хийж чадахгүй байгаа даалгавараа ийм маягаар хийсэн болгочихвол уг даалгавараас авах эд зүйлс чинь танд байхгүй байх болох тул та дараачийн даалгавараа хийж чадахгүй болно.

Аан тийм бас нэг алдаа ч гэх үү? Аль эсвэл би учрыг нь олж чадахгүй байсан уу? бүү мэд ер шийдэж чадахгүй нэг асуудал гарсан юм. Уг даалгавар бол хаалганы цаанаас ярьж байгаа хүний яриаг сонсох юм. Энгийнээр ярьж байгаа нь сонсогдохгүй учир шилэн хаягыг хаалганд тулгаж сонсох ёстой юм байна л даа. Харамсалтай нь тэрхүү шилэн аягыг олдоггүй. Дахиан Гүүглэ ахаас асуусан бөгөөд над хаана байгааг нь зааж өглөө. Харамсалтай нь тэр газарт би өнөөх шилэн аягаа олсонгүй. Хэдэн цаг бас мангуутаж байгаад өнөөх файлаа засаад үзвэл яадаг юм бэ? гэсэн бодол төрлөө. Өмнөх шиг уг даалгаварыг хийсэн болгож өөрчилж болохгүй юм. Яагаад гэвэл уг утасны ярианаас компьютерт нэвтрэх нууц үг хаана байгааг мэдэх ёстой бөгөөд энэ даалгаварыг биелүүлэхгүй бол нууц үг байгаа газар идэвхжихгүй юм. Тиймээс компьютерийн нууц үгээ авч чадахгүй болно. Гэвч надад өнөөх шилэн аяга байдаггүй. Тиймээс өнөөх профайлаа ухлаа. Тэгээд тэндээсээ уг даалгаварыг биелүүлэхэд шилэн аяга байх эсэх дээр нь үгүй (false) гэсэн утга байхыг харлаа. Энэ параметрийг тийм (true) болгож өөрчлөөд тоглоомруугаа орсон чинь шилэн аяга гараад ирж байна шүү. Үүнээс өөр алдаа гараагүй бөгөөд цааш нь үргэлжлүүлэн тоглосоор  тоглоомоо дуусгалаа.

1 comment:

  1. Mystery Case Files-n цувралууд үнэхээр гоё шүү. Би анхны хувилбараас нь эхлээд тоглосон. Бараг л энэ тоглоомын донтон. Онгирч байгаан биш шүү андаа. Би ерөнхийдөө 3-5 цагийн хооронд л дуусгадын...

    ReplyDelete