2011/01/28

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 6. Алтан хотруу

Өглөөний нартай уралдан гурван Монгол эртлэн босоод аль хэдийнээ бэлэн болчихсон байлаа. Өглөөний цайгаа уучихаад автобусанд суугаад хүлээлээ. Бид Жайсалмер хотод хоёр хонох төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдөртөө амжин очиж үзэх ёстой хоёр газар байгааг зохион байгуулагчид зарлаад бид нарыг шалавлуулав. Уул нь өчигдөр бидэнд зургаа хагаст цайндаа ороод долоон цагт хөдөлнө гэсэн боловч өнөөх энэтхэгийн өргөн хэмжээстэй цагнаас болоод найм өнгөрч байхад хөдөлвөө.

2011/01/21

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 5.Биканер хотоор аялсан

Бүтэн өдөр автобусанд яваад ядарсныг хэлэх үү? Буудлын орон дээр нойрондоо дийлдэн унтаж байхад гэнэт хонхны чимээ, биш ээ сэрүүлэг, биш ээ хэмээн зүүдэн дундаа бодсоор сэрэхнээ өрөөний утас дугарч байх юм. Хоёр афганийг утас авахыг хүлээсээр дугарах чимээнд нь тэсэлгүй би харилцуурыг нь авлаа. Эелдэгхэн, намуун дуугаар буудлын ажилтан босоорой хэмээн хэлэх нь нойр, хонх хоёрын тэмцлийг дарж хэдий босоорой гэсэн боловч нойр ялалт байгуулан харилцуураа тавьж буцаад унтлаа.

2011/01/18

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 4. Аялалын анхны өдөр

Энэтхэгчүүдийн цаг барьдаггүйг дахин хэлж цагаа үрэх дэмий хэрэг болно гэж үзээд шууд автобус хөдөлснөөс өгүүлье. Автобус хөдөллөө. Нийтдээ 39-н аялагчид, бүгд өөр өөрсдийн суудлаа олоод суучихсан байлаа. Автобус баруун зүг рүү хөдөлж эргэн тойрноо ажихнээ өглөөний нойр нь дутуу нөхдүүд налдаг сандал дээрээ суусан уу? үгүй юу? нүдний хороо гаргацгаана, зарим нь дуугүйхэн цонхны цаагуур өнгөрөх өглөөний мананд дарагдсан бүүдгэр Дели хотыг харсаар аажимдаа уйтгартай энэ дүр зураг ахин дахин давтагдсаар тэднийг залхаана. Монголд нэгэн ес дундаа орж байх энэ үед Энэтхэг орныг хүйтний эрч тойрч өнгөрдөггүй, дайрч гардаг учраас цаг агаар нь сэрүүсч Энэтхэг хүйтний улиралдаа орсныг илтгэнэ. Хүйтэн жиндүү агааранд цохиулсан аялагчдыг наран дулаан илчээрээ гэсгээнэ. Бидний эхэнд очих Биканер хот Шинэ Дели хотоос таван зуу гаруй километр хол тул замынхаа дунд нэгэн буудалд өдрийн хоолоо зооглоод аялалаа үргэлжлүүлэх билээ. Замын хоёр талаар эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх ногооны талбай, хааяа ганц хоёр үзэгдэх жижигхэн хуучин байшингууд шинэ сонинг үзэж яваа биднийг уйтгарт оруулан өөрийн эрхгүй зүүд нойрыг хүргэнэ.

2011/01/14

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт - 3. Делид


Шинэ Делийн Галт тэрэгний буудлаас гараад ирлээ. Эргэн тойрон намхан хуучин байшингууд эгнээд наашаа галт тэрэгний буудлын урд хөлсний тэрэг (такси), отто (жижигхэн такси)-нууд бөөнөөрөө цувж зогссон нь харагдана. Бид хоёр шиг гадаад царайг андахгүй тэд нар хаашаа явах хэмээн шалгаагаад бүччихэнэ. Дели-д буугаад л одоо яах билээ? гэсэн бодол толгойд эргэлдэнэ.

2011/01/13

Монгол Улс Шинэ Үндсэн Хуулиа Баталсны Баярын Мэнд





Монголчууддаа Үндсэн хуулиа баталсны баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Бангалорт сурч байгаа миний бие болон хамт суралцаж байгаа Оргил бид хоёр баярын өдрийг тохиолдуулан төрийн далбаагаа өрөөндөө заллаа. За Монголчууддаа баярын мэндийг дахин хүргэе.

2011/01/12

2. Хасах дөчин хэм

Энэтхэгийн галт тэргэнд анх удаа сууж үзлээ. Цонхны цаана шөнийн Бангалор хот жирэлзсээр удалгүй хотоос гарсан бололтой гүн харанхуй нөмөрсөн мэт юу ч үл харагдана. Хааяа ганц хоёр гэрэл үзэгдээд өнгөрөх нь тэнд тариаланчдын гэрээс нь гарсан нь лавтай. Галт тэргэн доторх нь бол манайхтай бараг адилхан. Гэхдээ арай олон хүн зөөдөг. Юу гэсэн үг вэ? гэвэл тасалгаа бүрт манайд дөрвөн ор байдаг бол энэтхэгийх зургаан ортой. Мөн тасалгааны гадна тасалгаа бүртэй харгалзаа хоёр хүний ор давхарлан байна. Ингээд бодоход энэтхэгийн галт тэрэг хямдхан байдаг нь аргагүй мэт. Гурван ортой гэж дээр дурдсан шүү дээ. Тэр гурван орны голынх доод талын орны ар талын зөөлөвч нь байдаг. Унтах болохоороо тэрийгээ дээш нь өргөж хамгийн дээд талын орноос зүүж нэг ор бий болно доо. Өртөө бүр дээр галт тэрэг зогсох бүр элдэв бүрийн юм зарсан хүмүүс орж ирнэ. Үүнтэй зэрэгцэн янз бүрийн гуйлгачид, эмэгтэй эрчүүд (Ladyman) явна. Эд нар нь мөнгө нэхээд салахгүй, хөл гарнаас барина, татна.
Нэг өртөөн дээр зогсоход нэг жижигхэн охин галт тэргэнд хувцсаараа шал шүүрдээд явж байна. Бүүр жаахан хүүхдээр галт тэрэг цэвэрлүүлдэг юм байхдаа гээд харж байтал өнөөх охин ирээд мөнгө нэхэж байна гэнэ. Мөнгө байхгүй гээд гүрийлээ. Монголынхоо гуйлгачид ч мөнгө өгөөгүй байж энэтхэгийн гуйлгачид өгөх үү? Өгөхдөө хүрвэл Монголынхдоо өгнө гээд гүрийсээр. Нөгөө охин шалж шалж байгаад явлаа. Галт тэрэг хөдлөх болж зорчигдоос бусад нь буух боллоо. Тэгсэн өнөөх охин гартаа 300₮ (10 рупи), нэг жижиг жигнэмэг барьчихсан гарч явна. Бид хоёрын дэргэдүүр гарахдаа харин хэлээ гаргаж байна. Энэ мэт бяцхан охид, хөвгүүдээс авахуулаад хөл гаргүй хүмүүс өртөө бүрдээр байна. Аргагүй ядуу орон гэж ийм байдаг юм байна даа л хэмээн бодоно.
Орой болж бүгд унтах боллоо. Ор дэвсгэрийн даавуу өгдөггүй юм байна лээ. Аргагүй биз дээ. Ийм заваан хүмүүст ор дэвсгэрийн даавуу өгчихвөл янз бүрийн асуудал л гарах байлгүй дээ. Галт тэрэг явсаар л, бүгд унтжээ. Анхны энэтхэгийн галт тэргэн өнгөрүүлсэн шөнө тийм ч таатай байсангүй. Тээшээ мэдэж байхын тулд би тээшээ дэрлэж унтах болж ор, тээш хоёртоо тааруулан атийж хэвтэв. Удалгүй галт тэргэн дотор хүйтэрч эхэллээ. Бүх энэтхэг зорчигчид цүнхнээсээ хөнжилөө гаргаад нөмөрцгөөв. Бидний хувьд анхных тул ингэж хүйтэрдэг гэдгийг мэдэхгүй байлаа. Ингээд эхний шөнө сэрүүхэн өнгөрлөө. Өглөө босоход бүгд хөнжилдөө шургачихсан, чичирсэн хүмүүс сууж байх атал хоёр монгол богино өмд, богино ханцуйт цамцтайгаа байгаа нь бусдыг анхаарлыг татна. Нэг тасалгааны зорчигчид “Нааш ир, энэ хөнжилд ор” гэх нь Монгол хүний цэвэр ичимтгий зан, нэрэлхүү зан, мөн шижигч зан гуравтай харшилж “Үгүй, Баярлалаа” гэж хариулна. Өглөөний цайндаа хүйтэн ус, жигнэмэг идэж гал дээр тос нэмсэнтэй адил хүйтэн дээр бүүр хүйтэн нэмсэн адил хамаг бие хүйт дааж байлаа. Хэдэн цагийн дараа өдрийн дулаан уур орж бие өөрийн эрхгүй гэсэж таатай болов. Гадаа цонхоор харахад нэг л хэвийн бүгд адилхан мэт тариалангийн талбайнууд үргэлжилсээр л байна. Хүн үгүй зэлүүд газар үгүй бололтой. Хаа л бол тариалангийн талбай. Ийм их ногоо, тариа тарьсаар байж хүн ам нь хоолгүй өлсөж үхдэг гэхээр хичнээн олон хүн энэ улс дээр гишгэж байгаа нь төсөөлөгдөнө. Ингээд уйтгар бодлогошролоор дүүрэн бүтэн нэг өдрийг өнгөрөөлөө. Хоёр дахь шөнө эхнийхээс илүү хүйтэн боллоо. Энэ үед л даарах мэдрэмжийг мэдэрч үнэхээр энэ мэдрэмжийг үгүйлж байснаа би мэдсэн юм. Энэ мэдрэмжийг хүсэн хүлээж байсан юм шиг, тэгээд түүнийгээ авсан мэт байлаа. Өвөл даарахыг мэдрэхгүй бол утгагүй шүү дээ. Өглөө босоод халуун цай ууж биеэ гэсгээлээ. Гэвч өчигдрийнхтэй адил дулаан болсонгүй хүйтэн хэвээр. Монгол хүний цэвэр хатуужил гаргаж, их тэвчээрээр тэр хүйтэн салхийн эсрэг биеэ ган төмөр мэт батжуулж байлаа. Манай тасалгааны Кашмерийнхан биднийг шалгах гэсэн бололтой цонхоо онгойлгов. Гэвч тэссээр л. Тэгээд мань Кашмерийнхан ярьж байна. Манай Кашмерт цас орсон гэж байна. Бид нар нээх тоосонгүй. Ямар цас үзээгүй юм шиг. Тэгээд мань Кашмерүүд бид нартай хамт явж цас үзэх үү? гэж байна. Хоёр Монголын хариулт. “Манайд ч гэсэн цас байдаг. Манайх хүйтэн орон. Манайд хүйтэндээ хасах дөчин хэм хүрдэг гээд хэллээ”. Кашмерүүд хэсэг дуугүй байснаас “Дөрөв Тэг үү?” гэж дахин лавлан асууж байна. Бид “Тийм” гэж хариулахад бүгд гайхаж “Тэгвэл та нар яагаад даарахгүй байгаа нь ойлгомжтой. Та нар халуун хүмүүс” гэв. Үнэндээ их даарч байсан ч нэгэнтээ хасах дөч гээд хэлчихсэн учраас гүрийх л хэрэгтэй. Гадаа цонхоор харахад үргэлжилсэн их тариан талбайнууд нь цөөрч байшингууд их болсоор хүрэх газартаа ойртож байгааг илэрхийлнэ. Гэвч чухам хаана вэ? 11-н цаг гэхэд бусад замд дайралдах өртөөнүүдтэй нэгэн адил харагдах нэг буудал дээр зогслоо. Дели-гийн захын буудал хэмээн бодож байсан хоёр Монгол бүх хүмүүс гарч байгаагаас Делигийн төв галт тэрэгний буудал дээр ирснээ сая л ухаарав. Гялс цүнх, тээшээ аваад буудлаас гарлаа.

Monboy-оор http://from-monboy.blogspot.com/2011/01/bangalore-to-new-delhi.html#more

2011/01/09

Адал явдлаар дүүрэн миний өвлийн амралт

1.Аялал эхэлсэн нь




2010 оны 12-р сар, энэтхэг дэх миний анхны өвлийн амралт. Өвлийн амралт, Өвөл гэснээс өвөл бол миний дуртай улирал. Энэ үг миний тархинд цагаан цас, цэлмэг тэнгэр, хүйтэн агаар, өвлийн хувцас, мөсөн гулгуур, даарах мэдрэмж гэж шууд бууж байна. Мөн 12-р сар гарахтай зэрэгцэн шинэ жилийн уур орж айл бүр сүлд модоо засалцгаагаад, гадаа шинэ оны дуунууд эгшиглээд өвлийн өвгөн цан хүүргээ татуулан цас мөсний орноос цасан охидоо дагуулан ирж хүүхэд багачуудад бэлгээ тараана (Хэтрүүлэг) .Харин энэтхэгийн өвөл миний энэхүү төсөөллөөс илт өөр агаад эгэл жирийн л уйтгартай байх юм. Цас ч үгүй, мөс ч үгүй, ямар байсан тэр чигээрээ л. Хүүеэ энэ өвөл мөн үү? гэмээр.

Манай сургуулийн дотуур байрны хүүхдүүд гэр гэрлүүгээ харьсаар л хэдүүлхэнээ байр сахиж үлдлээ дээ. Тэгээд дэмий өрөөний буг байсаар амралтаа яаж өнгөрөөхөв гээд байтал ICCR буюу Indian Council of Cultural Relationship (Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл) хэмээх газраас бид нарт тэтгэлэг олгодог бөгөөд уг байгууллагаас тэтгэлэгт оюутнууддаа өвлийн амралтаар нь энэтхэгээр аялуулдаг хөтөлбөр байдгийг мэдээд үүнд нь бүртгүүлье гэсэн чинь яг эцсийн хугацаа нь тулчихаж. Ердөө ганц хоног үлдсэн байсан бөгөөд барьцааны 90000 төгрөг банканд тушааж, бүртгэлийн хуудсаа бөглөөд сургуулийнхаа зөвлөхөөр гарын үсэг зуруулах ёстой болов. Угаас хүнд сурталтай энэтхэгийн системийн эсрэг зогсох гэж баахан ядавдаа. Сургууль дээр зөвлөхөөр гарын үсэг зуруулна гэсэн чинь эхлээд сургалтын албанд өг гэж байна. Сургалтын албанд өгсөн чинь 3 цаг хүлээ гэдэг байна ш дээ. 3 цаг хүлээх зав байхгүй юм. Учир нь гарын үсэг зуруулсны дараа банк явах билээ. "Эрхэмээ, бид нарт 3 цаг хүлээх цаг байхгүй, өнөөдөр сүүлийн хугацаа нь" гэсэн чинь сургалтын албаны хүн "Мэдэж байна, мэдэж байна. Хэн та нарыг хождуул гэсэн юм" гэж загнаж байна гэнэ. Гуйж гуйж 1 цагийн дараа ганц гарын үсэг зуруулж авлаа. Үүний дараа банканд аялалын барьцааны 90000 төгрөгөө тушаахаар явлаа. Аялалын дараа эргүүлж авах юм. Аялалын бүх зардлыг ICCR дааж байгаа юм. Тэгээд банкны хэдэн арван дараалал (очер)-ыг хүлээж байж нэг мөнгөө тушаалаа шүү. За ингээд ICCR-ын газартаа бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд өглөө. Амжихгүй гэж бодсон бололтой ICCR-ын эмгэн дарга "Сайн байна, Сайн байна" гэж магтаж байсан юм.

Гэвч ингээд аялалд шууд явах эрхтэй болчихсон гэсэн үг биш юм. Бүх бичиг баримтууд Делигийн ICCR-т очих бөгөөд тэндээс аялалд явуулах эсэх, явуулах бол аль чиглэл нь боломжтойг сонгодог билээ. Тиймээс Делигээс хариу ирэхийг хүлээх үлдэв. Хүлээлээ, болоогүй дахиад хүлээлээ, бас дахиад жаахан хүлээчих, бүүр жаахан хүлээчих. Ингээд эцэст хариу иржээ. Аялал эхлэхээс долоон хоногийн өмнө шүү дээ. Дели-Биканер-Жайсалмер-Жодпур-Удайпур-Ажмер-Жайпур-Дели гэсэн нийтдээ найман хоногийн аялалын хуваарь ирлээ. Бангалор хотоос Дели очих хамгийн хямд бөгөөд хялбар арга бол галт тэрэг. Тиймээс ч галт тэрэг маань хамгийн эрэлттэй тээврийн хэрэгсэл юм. Хэрвээ галт тэргээр явах гэж байгаа бол дор хаяж 15 хоногийн өмнө тасалбараа захиалах хэрэгтэй. Эс бөгөөс аль хэдийнээ захиалга нь дуусчихдаг юм байна л даа. Тэгсэн галт тэрэг маань ингээд өнгөрдөг юм байна даа гэж байсан чинь онцгой тохиолдлын тасалбар гэж байдаг юм байна. Үнэхээр явах шаардлагатай хүмүүст явах өдрөөс хоёр хоногийн өмнө онцгой тохиолдлын тасалбар гэж зарагдах бөгөөд уг тасалбар нь энгийн тасалбараас үнэтэй байдаг юм байна. За тэгээд онцгой тохиолдлын тасалбарыг нь авлаа.Энгийн тасалбарын үнэ дээр нэмж 9000 төгрөг төлж Дели явах онцгой тохиолдлын тасалбартай боллоо. Галт тэрэгний үнэ нь манайхтай харьцуулахад хямдхан байдаг юм байна. Аргагүй биз дээ.
За ингээд аялалд явах бэлтгэлээ хангах ажилд орлоо. Сүртэй ажил ч гэж дээ. Галт тэргэнд идэх хүнсээ хангахаар их дэлгүүр орлоо. Ороод явж явж хоёр сав ус, гурван ууттай жигнэмэг л авах шив дээ. Галт тэргэнд хоёр хоногийг өнгөрүүлнэ шүү дээ. За тэгээд л аялалын бэлтгэл болчих шив дээ.

За аялалынхаа хамтрагчийн тухай өгүүлье. Тэр бол ICCR-ын тэтгэлэгээр надтай хамт сурдаг, мөн дотуур байранд нэг өрөөнд амьдардаг найз маань. Бүтэн нэр нь Мөнх-Оргил, энгийнээр дууддаг нь зүгээр л Оргил. Бид хоёр аялах гээд байгаа шүү дээ.

Хүлээсэн өдөр ирлээ. Наран дээрээс төөнөн хурц илчин бүгдийг эзэгнэн халаана. Өвлийн нэгэн халуун өдөр. Богино өмд (Шорт), богино ханцуйт цамц (подвоолк)-аа өмсөөд гаравдаа. Дотуур байранд биднийг гаргаж өгөх хүнгүй, тээш, цүнхээ чирч яваа хоёр монгол автобусны буудал хүртэл 2 км алхаж байгаа нь хажуугаар нь өнгөрөх энэтхэгүүдийн нүдэнд бид хоёр онцгой тусахаас өөр зүйлгүй тул гоморхох сэтгэл бага зэрэг хүрсэн ч ирэх холын аянруу улам бүр сэтгэл шулуудсаар байв. Автобусны буудал дээрээ ч ирлээ. Удалгүй автобус ч ирлээ. Жирийн үед пиг дүүрэн хүнтэй, зарим нь хаалганаас нь зүүгдээд явдаг нийтийн тээврийн автобус бид хоёрт зориулсан юм шиг бараг хүнгүй ирлээ. Ингээд галт тэрэгнийхээ буудалруу явлаа даа.

Үй олон хүн холхисон галт тэрэгний буудал дээрээ ирлээ. Галт тэрэгний буудал дээвэр дээрээ “Баруун Өмнөд Галт Тэрэгний Буудал” хэмээсэн сүрхий нэрийг сүндэрлүүлсэн агаад уг буудлыг ингэж нэрлэхээс илүүтэй Мажестикийн галт тэрэгний буудал гэвэл хүн бүхэн андахгүй билээ.  Эргэн тойрноо харахад Оргил бид хоёр л бусдаас содон харагдана. Оройн хоолоо ойрхон газар зооглочихоод буудлын дотогшоо орлоо. Галт тэргээ хүлээсэн энэтхэгүүд шалан дээр сууна, зарим нь бүр унтацгаана. Сандал хэмээгчийг хайгаад үл олоод буудлаас гарч явах цагаа хүлээлээ. Алтан наран доошилсоор халуун илчин бага зэрэг буурсаар оройн зургаан цаг гэхэд энэтхэг орныг бүрэнхий ноёрхож нэг мэдэхнээ гадаа харанхуй болжээ. Цаг ч болж галт тэрэглүүгээ явлаа. Бид хоёрт галт тэрэгний тасалбар байхгүй учраас ямар нэгэн асуудал гарах вий хэмээн сэтгэл зовиноно. Тэгээд суудлаа хайсаар очиход жинхэнэ тасалбартай хүн маань аль хэдийнээ суучихсан байна. Ганц хоёр үг зөрүүлж Кашмерийнх, одоо Кашмер лүү явж байгааг мэдэж авлаа. Цагийн зүү 7 цагийг зааж галт тэрэг хөдлөх дохиогоо өгөн хөдөллөөдөө. Ингээд энэтхэгийн галт тэргээр анх удаа Нийслэл хот Дели-г орохоор явлаа даа.